Ард түмнээс 230 сая төгрөгийн тусламж хүслээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 09

3lfqau1m6i9ffh1l2vhnbssqo6

1980 онд бүтээгдсэн “Өнөр бүл” уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Тэд “Хүлэгү пикчерс”, “Монгол кино нэгтгэл”-ийн хамтран бүтээсэн “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны кинонд сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв. Тус хэвлэлийн хуралд МУГЖ Ч.Алтан-Өлзий, МУГЖ Ц.Цэнд-Аюуш, “Өнөр бүл II” киноны зохиолыг бичсэн Д.Нансал нар оролцов.

“Хүлэгү пикчерс” кино компани, “Монгол кино нэгтгэл”-тэй хамтран “Эдүгээчилсэн монгол кино” төслийг хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн хүрээнд Д.Дожоодоржийн зохиол, Д.Жигжидийн найруулгаар 1980 онд бүтсэн “Өнөр бүл” уран сайхны киног шинэчлэн бүтээсэн. Эл киноны зохиолыг Т.Номинзул бичиж, СТА жүжигчин С.Баттулга найруулан дэлгэцийн бүтээл болгоод байгаа. Уг кино 1980 онд тус кинонд тоглож байсан жүжигчдэд таалагдаагүй ажээ.

Энэ талаар МУГЖ Ц.Цэнд-Аюуш хэлэхдээ “Би үзсэн. Миний ухаан хүрэхгүй юм билээ. Би маш сонин содон, сайхнаар хийсэн болов уу гэж бодож, элгээ хөштөл инээнэ гээд нээлтэд нь очиж үзсэн. Киног үзэж дуусаад би өөрөөсөө л их зовсон доо. Би юу хийсэн болоод өнөөдөр энд гэмшээд хэрэгтэн шиг сууж байгаа билээ гэж бодсон. Өөрийгөө тухайн үед бохь зажлах ёстой байсан юм болов уу ч ухааны юм бодож суулаа. Дууг дуулахдаа хүн зохиогчоос нь эрх авч байж дуулна даа. Бид ч гэсэн тэнд дүр бүтээсэн байхад ядаж таны дүрд би тоглох гэж байгаа шүү. Болох уу гэж асуугаа ч үгүй.. Тэгээд тэр хийсэн киног нь үзсэн даанч сэтгэлд хүрээгүй. Хамгийн сайхан нь зураглаач, өнгө зүс нь, залуу жүжигчид нь сайхан юм билээ” хэмээв.

Түүнчлэн МУГЖ Ч.Алтан-Өлзий “Өнөө үеийн залуусын сэтгэлгээнд алтан үеийн уран бүтээлчдийн бүтээл доромжлогдох болсонд туйлын харамсаж байна. Болоогүй. Олон киног дахин сэргээж өнөө үед авчрана гэж байна. Өнөө үе нь ямар сайхан болчихоод алтан үеээ доромжлоод байна вэ гэдгийг хэлмээр байна” хэмээлээ.

Тэд “Өнөр бүл II” уран сайхны киноны зохиолоо бичиж, Монголын зохиолчын эрхийн гэрчилгээг нь авчээ. Улмаар киног бүтээхэд 250 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд ард түмнээсээ тусламж гуйж буйгаа илэрхийлэв. Одоогоор тэдэнд 20 сая төгрөг бий ажээ.

МУГЖ Ч.Алтан-Өлзийн урлагт зүтгэсний 50 жилийн ой энэ онд тохиож буй юм байна. Ойг тохиолдуулан тэрбээр энэхүү бүтээлээ заавал дэлгэцнээ гаргана гэдгээ хэллээ.

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж: Shuud.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх