Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 15

ЭЕШ-ын дүн, оноо гарсны дараа л их, дээд сургуулиуд элсэгчдээ, оноо тэнцэх хүүхдээ бүртгэдэг байсан жишгийг өнөөдөр олон хүн үгүйлж байна. Учир нь, дүн оноогоо мэдсэн хүүхдүүд аль сургуульд элсэх боломжтойгоо мэдэж авдгаас гадна олон сургуульд бүртгүүлж хий дэмий мөнгө үрдэггүй байсан болохоор тэр.
Урьд жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээ мэдэж, оноогоо барьсан хүүхэд өөрийгөө ямар сургуульд орох болзол хангасныг мэдэж, тэндээсээ л өөрийнхөө дуртай мэргэжлийн анги байгаа эсэхийг хайж очдог, бүртгүүлдэг байсан. Гэтэл өнгөрсөн жилээс үүнийг өөрчлөн ЭЕШ-аас өмнө, аль хавраас сургуулиуд элсэгчдээ бүртгэдэг болгосон юм.
Энэ жилийн хувьд МУИС салхи хагалж дөрөвдүгээр сараас өөрийнхөө сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн. “Сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүдийг” гэхийн учир нь тэр хүүхдүүд элсэлтийн ерөнхий байтугай, ЕБС төгсөх шалгалтаа ч өгөөгүй байсан болоод тэр.
Ар араасаа залгаад бүхий л их, дээд сургуулиуд элсэхийг хүсэгчдээ бүртгэж ирэх сарын эх гэхэд бүртгэлээ зогсооно гэж мэдэгдэж байгаа. Түүгээр ч барахгүй бүртгэсэн хүүхдүүдээ ЭЕШ-ын нь оноогоор жагсааж тэнцсэн, буюу өөрийн нь сургуулийн тогтоосон босго оноог давсан нэгэн нь манай сургуульд суралцах болно гэж байна.
Албан бус мэдээллээр МУИС босго оноогоо 560 байхаар тогтоосон гэж байгаа бол ШУТИС-ийнх 450-550. Сургууль тус бүрээр нь сонирхуулбал, АШУҮИС 620-иос дээш, СЭЗДС 620, МУБИС 500-600, ХААИС 500, СУИС 400-420, ДХИС 580, ХУИС 560, ИЗИС 500, Төмөр замын Дээд сургууль 550, Мандах бүртгэл дээд сургууль 400, Шихихутаг Хуульзүйн дээд сургууль 550 гэжээ.
Уг нь, БСШУ-ы сайдын гаргасан “Ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноо тогтоох тухай” тушаалаар бол өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог 400 байхаар тогтоосон. Гэвч энэ босго оноо бол тухайн сургуульд бусад сурагчтай өрсөлдөх эрхээ олж авч байгаа оноо гэсэн үг. Тэгэхээр хэдий чинээ өндөр оноотой байна, төдий чинээ дээгүүр жагсч, дуртай сургуульдаа орох боломж нь нээгдэх юм.
Гэвч элсэгчдийн шалгалтын оноо, дүн нь долдугаар сарын 1-нд гарч, батламжийг нь долдугаар сарын 3-ны дотор тараах учир хэн хэдэн оноо авахаа мэдэхгүй болохоор хүүхдүүд боломжтой гэсэн бүхий л хувилбарыг эрэлхийлэн олон сургуульд бүртгүүлж байна. Ухаандаа нэг сургуулийнх нь босго оноонд хүрэхгүй бол нөгөөд нь орчих магадлалтай гэсэндээ тэр.
үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.