Гялгар уутны үнэтэй хонины нэхий буюу найман грамм химийн хаягдлын үнэ 100 төгрөг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 20

Уул уурхайн түүхий эдийн үнийг дагаад бүтээгдэхүүний үнэ уналаа. Гэхдээ мэдээж бүгд биш. Үнэ нь хамгийн их буурсан хонины нэхий хямралын тод жишээ. Хятадын найман грамм химийн хаягдлаар хийсэн гялгар уутыг монголчууд 100 төгрөгөөр худалдан авдаг. Гэтэл нэг хонины нэхий 100 төгрөг гэж тооцвол найман грамм химийн хаягдалтай тэнцэх нь содон үзэгдэл. Оросын эдийн засагчид барууныхны эдийн засгийн хоригт автаад, хоёрхон жилийн дотор хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах төсөл боловсрууллаа. Оросын хориг тавиулсан эдийн засаг эдийн засагчдыг нөхцөл боломжоо илүү сайн судалж барааны хомсдолоос гарах аргыг хайхад хүргэжээ. Хий, нефтид тулгуурласан төсвийн орлогод барууныхан хориг тавиагүй ч өнөөдөр хүндрэх л байсан гэж үзэж байна. Өмнө нь тэд асар уудам нутгаа эдийн засгийн эргэлтэд оруулах тухай төсөөлж байсангүй. Газар нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс гадна аж үйлдвэрийн асар том талбар гэдийг оросууд ойлгожээ. Хот суурин газрууд Бразил, Уругвайгаас тугалын тансаг мах зооглож суусан сүүлийн арваад жилд Алс дорнод, Сибирийн суурингуудад хятадууд нэвтэрч, аль хэдийнэ Москвагийн иргэнээс илүү тохилог амьдрал цэцэглүүлсэн гэнэ. Тэдний орлого нь зарим Оросын дундаж компаниас их. Тус бүсэд суурьшсан хятадуудын тоог зарлахгүй байгаа. Гэхдээ энэ асуудал дээд түвшинд яригдаж, яаралтайгаар эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх төслийг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүддээ үүрэгджээ. Эдийн засагчид эхний ээлжинд дотоодын түүхий эд, бараа үнэгүйдсэн шалтгааныг судлав. Судалгаагаар гурил, төмс, түлшний үнэ хямд байгаа нь иргэдэд сайн нөлөө үзүүлсэн гэж гарчээ. Мэдээж төсөвт орох орлого буурсан ч худалдан авах чадвар буурсан үед бослого тэмцэлд хүргэхгүй сайн талтай. Харин дээрх бүтээгдэхүүнүүдийн үнийн хямдрал бусад бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нөхөж чадсангүй. Хамгийн их үнэд орсон нь мах, ноос, арьс, ширэн бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой болжээ. Эрдэмтэд үүнээс үүдээд Сибирийн асар уудам талбайг ашиглаж, хомсдолтой байгаа тансаг хүсний бүтээгдэхүүн, мөн мах, сүү, арьс ширнийхээ хэрэгцээг дотооддоо хангах төсөл боловсруулжээ. Энэ төслийн хүрээнд Сибирьт их хэмжээний газрыг Оросын иргэдэд үнэгүй олгоно. Маш урт хугацаагаар энэ газарт гадны том хөрөнгө оруулагч орж болно. Тэд ингэж бодлого гаргаж байна. Харин манайд хонины арьс зуун төгрөгтэй тэнцсэн ч хэн ямар бодлого хэрэгжүүлэх нь мэдэгдэхгүй байна.

Манай хөдөө аж ахуйг авч явдаг мах, ноолуур, арьс, ширний байдал өнөөдөр ямар байгааг үнээс нь харчихаж болно. Ноолуурын үнэ нэг их буураагүй. Гадагшаа их хэмжээгээр зарагддаг энэ түүхий эд үнэ буурсан ч нэхийний хэмжээнд очихгүй. Учир нь “Говь” компани удахгүй дэлхийн хэмжээнд тоглох чадвартай үйлдвэр болохоо зарласан. Арьс, шир, ноолуурыг хятадууд худалдаж авдаг учраас үнэ гайгүй байсан. Гэтэл өнөөдөр дотооддоо боловсруулдаг ноолуурын үнэ унасангүй. Харин нэхий хэнд ч хэрэггүй хог болж хувирч байна. Энэ нь хятадууд авахгүй бол цаашдаа хог хэвээр үлдэх тогтолцоо манайд үйлчилж байгааг харуулна. Оросууд манайхаас мах авах сонирхолтойгоо байнга илэрхийлдэг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх