Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 21

Тэртээ 1990 онд аав, ээж минь боломжийн ажилтай, бид ч цалин мөнгө гайгүй авдаг дажгүй амьдралтай хүмүүсийн тоонд ордог байлаа шүү дээ. Гэтэл гэнэт л нэг өглөө ажилдаа очиход ажлыг нь төрийн мэдлээс гаргаж, хувь хүнд очсон байв. Тухайн үед хувьцаа, цэнхэр ягаан тасалбар, хувьцаа эзэмшигчдийн талаар ямар ч ойлголтгүй байсны улмаас ногдол ашиг энэ тэр гэж нэхэлгүй, тэр чигт нь орхисон түүхтэй. Харин 2011 онд Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг өгсөн. Энэхүү хувьцаа өнгөрсөн таван жилийн хугацаанд амьгүй байсны эцэст сая нэг амь орлоо.
Засгийн газар ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тодруулбал, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.
“Сайн хувьцаа” хэмээх энэ арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байна. Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт хоёр сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор нэг сая 216 мянга 734 иргэнд 464.8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.