Хуучны сайхан кинонууддаа гар хүрэлгүй өөрсдөө шинийг сэдэж хийж болдоггүй юм уу

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 21 ・ 1

“Жамаараа яваа ертөнц гэж хэн ч билээ хэлсэн санагдана

Жаахан зог тусаад бодвол тийм ч бас биш юм аа...” гэх мөр МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Б.Баттулгын нэгэн шүлэгт бий. Нээрээ л бид жаахан анхаарлаа төвлөрүүлээд нухацтайхан бодоод үзвэл нэг л биш санагдана гээч. Жишээлбэл, Монголын кино урлагийн өнөөгийн төрх байдлыг аваад үзье л дээ. Шил шилээ даран нээлтээ хийж буй кинонуудын олонх нь алиалж марзганасан, авгай хүүхэн болж зүсээ хувиргаад хүн инээлгэх гэж дөнгөө ядсан, эсвэл нэг аахар шаахар юмны хойноос хөөцөлдсөн, бүтэлгүйтсэн, буруу тийшээ эргэсэн, эмгэнэсэн, элэглэсэн төдий арилжааны кинонууд байх юм. Ажил, гэрийн хооронд шогшиж явдаг зарим маань хааяа нэг толгойгоо сэргээе гэхээр үзсэн киноны улиг болсон царайнууд л нэг камераас нөгөө камерын өмнүүр гүйж яваа харагдана. Их адаггүй ийм хутгалдаан, тиймхэн зохиол, арга ядсан харилцан яриатай кинонуудаас ямар гээчийн дүр нь “Гажиг Гармаа”, эсвэл “Ягаан Гажид” бүр “Итгэлт баян”, “Цахиур Төмөр”, магадгүй “Молом” наашлуулбал “Ноён солиот” шиг ард түмний сэтгэлд үлдэх юм бэ?

“Гажиг Гармаа” гэснээс өнөө бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн, үзэх тусам баясал ухаарал хайрладаг “Өнөр бүл” киног эдүгээчлэн өөрчилж бүтээсэн “Өнөр бүл өнөө цагт” хэмээх кино сарын өмнө дуулиан шуугиантай нээлтээ хийж медиа урлагийн зах зээлд өрсөлдөх болов.

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дожоодоржийн зохиол, төрийн шагналт, ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Жигжидийн найруулгаар 1980 онд анх үзэгчдийн хүртээл болсон “Өнөр бүл” киног өнөө үед хэрхэн таацуулсныг нь зорьж үзлээ. Үзэхээсээ өмнө цахим ертөнцөөс үзэгчдийн сэтгэгдлийг тандахад “Үзсэн нь үзээгүйдээ атаархмаар кино байна лээ” гэх хэн нэгний жигтэй сэтгэгдэл анхааралд торсон болоод ч тэр үү киноны кадр, шилжилт нэг бүрийг нь нэгжиж үзлээ. Нэгэнт хэрэг болгож үзсэнийх өнөө ба “өнө эртний” хоёр “Өнөр бүл” киноны харьцуулалт, ажиглалт, зарим нэг санаа оноогоо хэлье гэж бодлоо.

Өнөө цагийн Гармаагийн дүрд Д.Баттөмөр (банш Батаа), Цэрмаад “Боловсрол суваг” телевизийн сэтгүүлч Б.Болормаа, Чоймбол даргад гавьяат жүжигчин Г.Мягмарнаран нар тогложээ. Харин туслах дүрүүдэд Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазараас бусад нь шинэ хүмүүс тоглосон байв.

 

ӨНӨӨ ЦАГИЙН “ҮНСГЭЛЖИН” ЦЭРМАА

“Өнөр бүл” кино эхлэхдээ 1980-аад оны хотын сэлүүхэн гудмаар “сунадаг улаан” автобус жирийлгэж давхисаар буудал дээр зогсоход Гармаа, Цэрмаа хоёр нэг автобуснаас цувран буух үед Цэрмаа замын хашлаганд өрөөсөн шаахайныхаа өсгийг хуга цохичихдог билээ. Тэгтэл найрсаг тусч зантай Гармаа гутлынх нь өсгийг тогтоож өгөхөөр үйлдвэр рүүгээ дагуулан явдаг шүү дээ. Тэгвэл өнөө үеийн Гармаа мопед унасан маадгар эр хотын гудмаар давхиж яваад Цэрмааг харуутаа ухаан мэдрэлээ алдан жолоогоо ч мартаж орхив. Зам тээврийн ихэнх осол хүүхэн харж ухаанаа тавьсан залуусаас болдог гэдэг үнэний ортой дог шүү

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: