Алдартай уяачийн морь унахаар Ховдоос ирсэн хүү архины гүн хордлогод оржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 21

Ховд аймгийн Булган сумаас сургуулийн амралтаараа ирсэн 12 настай хүү архины гүн хорлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тодруулбал өчигдөр Өлзийт хороололд алдартай уяач хүний хурдны морь унаж байсан хүүхэд ухаан алдсан, хорлогын шоконд орсон байдалтай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж иржээ.

Тиймээс тус эмнэлгийнхэн уг хэргийг цагдаад мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа аж. Гэхдээ хохирогч хүү хэнтэй архи уусан ямар архи хэрэглэсэн талаараа ярих боломжгүй байсан байна. Учир нь ухаангүй эмнэлэгт хүргэгдэж эрчимт эмчилгээ хийлгэсэн ч одоогоор ярьж чадахгүй байгаа аж. Харин цагдаагийн шалгалтаар түүний байсан газраас 0,5-ын архины шил олжээ. Гэхдээ тэр шил нь ямар архины шил болох нь одоогоор тогтоогдоогүй байгаа юм байна.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар 12 настай хүүг алдартай уяачийн туслах уяач нь уруу татаж архи өгсөн, хот руу хамгийн хямд зарагддаг архийг захиж авчруулж уулгасан байж болзошгүй гэжээ.

Хүү сургуулийн амралтаараа хурдны морь унаж, багахан мөнгө олохоор ирсэн байна. Тэд мөнгө багатай учир газтай ундааны үнэтэй дүйцэхүйц хямд үнээр зарагддаг архи уусан байж болзошгүй байгаа юм. Ямартай ч хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд хохирогч хүүгийн аав, ээж нь Ховдоос ирж буй гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх