Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 23

Д.ОЮУНЧИМЭГ
Санхүүгийн системийн эрсдлийг хааж чадах эсэх нь хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс хамаарна хэмээн шинжээч, эдийн засагчид улиг болтол хэлж байгаа. Гэвч үүнд анхаарлаа хандуулах сөхөө төрийн өндөрлөгүүдэд үнэндээ алга. Гарын алга урвуулахын дайтай шийдвэр гаргаснаар байдлыг улам дордуулна хэмээн санхүүчид сануулж байна. Тухайлбал, энэ сарын эхээр Тавантолгойн хувьцааны 30 хувийг Засгийн газар 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гарсан. Бэлэн мөнгө тарааснаар нөхцөл байдал ямар болох талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Д.Содном “Бэлэн мөнгө тараавал эдийн засаг сүйрнэ. Мөнгө бэлнээр авснаас илүү бэрхшээл эдийн засагт тулгарна” хэмээн хэлсэн байна.
Үүнтэй санал нэг байгаагаа ч эдийн засагчид хэлж байна. Нөгөө талаас банкаар дамжуулан тараах дээрх мөнгө нь зээлийн төлбөрт явах магадлалтай бөгөөд ингэснээр энэ сард зээлийн эргэн төлөлт эерэг дүнтэй харагдана гэдгийг зарим судлаачид хэлж байв.
ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ӨССӨӨР
Манай улсын хувьд санхүүгийн системийн зохистой харьцаа алдагдсан. Учир нь энэ зах зээлийн 95 хувийг арилжааны банк дангаараа эзэлдэг. Гэтэл банкуудын байдал тийм ч сайн биш байгааг статистикийн мэдээллээс харж болно. Тухайлбал, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын байдлаар 888.6 тэрбум төгрөг байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 288 тэрбум төгрөг буюу 47.9 хувиар өссөн дүн юм. Түүнчлэн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 1065.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 44.1 хувиар өссөн байна.
Нэг хэсэг хуримтлалгүй ч зээлээр орон сууц, хашаа байшин болон хэрэглээний эд зүйлс авах боломжтой болсон нь олон өрхийг үл хөдлөх, хөдлөх хөрөнгөтэй болгосон. Нэг талаас нь харвал энэ нь сайн хэрэг. Уг нь бид алхам алхамаар урагшлан дэлхийн зах зээл, техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхсаар байгаа. Гэсэн ч хэтийдсэн боломж системийг гажуудуулж, дампуурах эрсдэл үүсгэдгийг тооцоолоогүй орхисон нь амаа барихад хүргэж байна. Хэдийгээр арилжааны банкууд өөрт үүсэх эрсдлийг тооцдог ч ажилгүйдэл, ядуурал өсч байгаа энэ үед яалт ч үгүй эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, 143.5 мянган ажилгүй иргэн байгаа тухай ажиллах хүчний судалгааны энэ оны нэгдүгээр улирлын дүнгээс харж болно. Харин өнгөрсөн сарын байдлаар 47.3 мянга ажилгүй иргэн бүртгэлтэй байж. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.1 мянга болж буурсан дүн юм. Хэдийгээр ажилгүй иргэдийн тоо буурч байгаа мэт харагдавч банкны чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өссөн дүнтэй харагдаж байна. Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гэтэл сүүлийн үед ажилтай ч цалингаа авч чадахгүй хүмүүсийн тоо нэмэгдсэн гэсэн албан бус судалгааны дүн маргаашийг өөдрөгөөр төсөөлөх эрхгүй болгож буй.
САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ГАЖУУДАЛ ХААНА ХҮРЧ ЗОГСОХ ВЭ?
“Арилжааны банк дампуурлаа” гэх мэдээлэл иргэдийн дунд 2008 онд анх сенсаци тарьж байсан. Үүнээс өмнө төрийн өмчийн “ХОТШ”, “Сэргээн босголт хөгжлийн” банкууд дампуурч байсан ч нэг их олны анхаарлын төвд орж байгаагүй. Харин 2008 оны сүүлээс 2009 оны эхэн үе хүртэл үргэлжилсэн “Анод” банкны дампуурлын үйл явц олон түмний нүдэн дээр ил явагдсан. Дампуурлын буруутан хэн бэ гэдэг асуудал ч мандсан. Үүнтэй зэрэгцэн “Зоос” банк дампуурсан гэх гашуун сургамж бидэнд бий. Одоог хүртэл хэл ам дагуулсаар байгаа дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Гэтэл одоо банкуудын байдал эвгүйдэж байгаа гэх мэдээ чих дэлсэв. Тиймээс санхүүгийн системээ унахаас өмнө хөрөнгийн захаа хөгжүүл гэх санхүүч, шинжээчийн хэлсэн үийг ажил хэрэг болгомоор санагдав. Ер нь энэ гажуудал хаана хүрч зогсох вэ?
ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Санхүүгийн системийг эрсдэлд оруулж буй гэх арилжааны банкуудын нөхцөл байдал, зохистой харьцааны үзүүлэлт ямар байгаа талаар сонирхох хэрэгтэй юм. Төвбанкнаас арилжааны банкуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байдаг. Үүнд өөрийн хөрөнгө болон эрсдлээр жигнэсэн активын зохистой харьцаа хамгийн бага төвшиндөө есөн хувьтай байдаг бол төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт нь багадаа 25 хувьтай тэнцэх юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.