Сэрэмжлүүлгээс сэрэмжлэх нь

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 04 ・ 3

УИХ-ын гишүүн  “хэд, хэдэн яамны сайд” асан Х.Баттулга “Сэрэмжлүүлэг” нэртэй нийтлэл бичжээ. Үүндээ ММС \Mongolian Mining Corporation\-ний хувьцаа ганц өдрийн дотор 32 хувиар унасан тухай онцлоод яагаад? Гэсэн эргэцүүллийн хүрээнд өөрийн саналаа илэрхийлжээ.

Тэрээр “ “Нарийн төмөр зам тавингуут бүх зүйл сайхан болно” гэх үлгэр жаргалтайгаар өрнөсөнгүй. Үлгэрт өгүүлснээр бол Ухаа худгийн хувьцаа ингэтлээ унах ёсгүй, эсрэгээрээ өдий хэмжээгээр суга өсөх ёстой биш билүү. Үлгэрийг үнэмшилтэй болгохын тулд УИХ-аар Ухаа худгаас улсын хил хүртэл нарийн төмөр зам тавих шийвэр гараад яг 7 хонож байхад л өнөөх итгэж найдсан “хөгжлийн галт тэрэг” нь Ухаа худгийнхныг орхиод хурдалчихав уу гэмээр үр дүн өглөө” гэж нөхцөл байдлыг айхтар дүгнэжээ.

Төр засгийн аливаа шийдвэр гармагцаа л алга эргэхийн зуур бүх зүйл өөрчлөгддөггүй. Ялангуяа эдийн засагтай холбоотой шийдвэрүүд нэлээд зохион байгуулалт, цаг хугацааны дараа үр дүнгээ өгдөг. Гэтэл шийдвэр гараад долоо хонож байхад   нэг компаний хувьцааны уналтыг шүүрч аваад “Еэ еэ бөөв өө” гэж байгаа нь төрийн түшээ хүний дүгнэлт гэхээсээ өөрийнх нь байр суурийг тоомсорлоогүй хамт олондоо мөчөөрхсөн хорсол гэж харагдахаар байгаа юм.  Х.Баттулга төмөр замын үзэл сурталч хийж, тавантолгойг гацааснаас сүүлийн хэдэн жилд ММС-гийн хувьцаа хэдээс хэд хүртлээ унав гэдгийг яривал шогшроод байгаа 32 хувийн уналт бол ёстой л “гурил” төдий.

Бид өдөр шөнөгүй шороо татуулаад 20 сая тн нүүрс экспортлож чаддаггүй. Харин төмөр зам тавигдвал 50 сая тн-ыг экспортлох байв. Зургаан жилийн алдагдсан боломжийн өртөгийг үнэлбэл багадаа 150 сая тн нүүрс экспортлох боломжийг алдсан гэсэн үг.  Үнийн хэлбэлзэлийг дундажаар 60 ам.доллараар авч үзвэл 9 тэрбум ам.доллар гэсэн тоо гарч байна.  Чингис бондоос зургаа дахин ихийг бид алджээ. Харин энэ хооронд Оросууд л хожижээ.

Тэд  өнгөрөгч 2013 онд л гэхэд тэд 138 сая тн нүүрс экспортлосон байна. Алс дорнодын төмөр зам, далайн боомтуудынхаа нэвтрүүлэх чадварыг 3-4 дахин тэлж чаджээ. 2030 он гэхэд ОХУ 430 сая тн нүүрс экпортлохоор төлөвлөж байна. Өнөө бидний голоод байдаг түүхий эдийн экспорт, нэг худалдан авагчийн сул тал, солонгорсон эдийн засгийг тэд л бодолцоогүй байсан хэрэг үү?  Өргөн төмөр замын үзэл суртал хэний захиалга байсныг цаг хугацаа нотлох болно.  В.Якуний ярилцлага яагаад Х.Баттулгын араас хөвөрдөгийн учиг тайлагдах өдөр ирэх буй за.

баттулгаНийтлэлч Х.Баттулга ММС-гийн зах зээлийн үнэлгээ унасан шалтгааныг төмөр замаас болоогүй харин БНХАУ нүүрсний импортонд 3-6 хувийн татвар оногдуулснаас болсон гэдгийг оношилжээ. Мөн БНХАУ-ын нүүрсний хамгийн гол нийлүүлэгч Австрали, Индонези улсууд чөлөөт худалдааны гэрээ хийснээр татварын хөнгөлөлт эдлэх бол Монголд ямар ч шанс байхгүй болохыг онцолсон байна. 

БНХАУ сүүлийн гурван жилийн турш 300 сая тн-оос илүү нүүрсний нөөцтэй байжээ. Нийлүүлэлт нь эрэлтээ давсан хэмжээтэй байгаагаас шалтгаалж  Хятадын дотоодын нүүрс нийлүүлэгчид алдагдал хүлээх болсон байна. Тус салбарт ажиллагсад 5 сая орчим хүний амьжиргаа орлогын асуудал яригдаж байгаа тул Хятад улс дотоодын нүүрсний салбараа аврахаас өөр арга замгүй  болсон.  Тийм учраас дотоодын нүүрс олборлогчдоо аврахын тулд нүүрсний татварыг сэргээсэн юм. Харин энэ татвар манай нүүрсний тн тутамд нэг ам.долларын ачаалал өгч байна.

БНХАУ нүүрсний татвараа сэргээгээд хэд хоноход л Австралийн захирагч Квентин Брюс бээжинд айлчилсан. Учир нь БНХАУ-ын нүүрсний экспортын татварт хамгийн хүнд цохилтыг амсах орон бол Австрали. Тэд БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж татварын хөнгөлөлт эдлэхээр маш их чармайж байгаа. Ши жинпин  “хоёр тал бүх боломжуудаа дайчилж чөлөөт худалдааны гэрээг урагшлуулья ” гэсэн дипломат хариултыг л тэдэнд өгсөн.  Үүнийг барууны хэвлэлүүд “энэ оны эцэс гэхэд Австрали БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулна” гэж дэврүүлж байгаа нь өөрсдийн компаниудын зах зээлийн үнэлгээг хамгаалах гэсэн PR байж болох юм. Мэдээж хэрэг Австрали улс БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээрт хүрэхийн тулд шаргуу ажиллана.Үр дүнд ч хүрч болно. Гэвч эдийн засагчдийн тайлбарлаж байгаагаар БНХАУ энэ татварыг Австралид л мөрдүүлэхгүй юм бол эргэж сэргээсний утга учир гэж үгүй болохыг онцолж байна.

Харин нийт нүүрсний импортынх нь 5 хувийг ч хангаж чаддаггүй Монгол Улсад огт шанс байхгүй гэж онолдох нь эртэдсэн дүгнэлт юм. Учир нь БНХАУ АСЕАН-ны бүлгэмийн 10 гаруй оронд татварын хөнгөлөлт эдлүүлж байгаа. Монгол улс ази номхон далайн энэ бүлгэмд нэгдэж чадвал татварын таатай нөхцөлд хамрагдах боломж бий. Мөн Монгол Улс БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхаглалтай цорын ганц орон. Энэ боломжоо ашиглаж яриа хэлэлцээрийг урагшлуулах зам байгааг эрхэм нийтлэлч маань эрт хааж байна. Дотоодын сэрэмжлүүлгээс сэрэмжилсү.

Ерөөс нүүрсний салбар бүхэлдээ хүнд байдалд орсон. Хятадын Чалко л гэхэд энэ жил 800 сая ам.долларын алдагдал хүлээх прогноз гараад байна. Рио Тинто 2017 он хүртэл ямар ч шанс алга гээд Мозамбик, Монголд хэрэгжүүлж байсан нүүрсний бүх төслөөсөө гарсан. ММС-гийн зах зээлийн үнэлгээ ингэж огцом унахад Хятадын нүүрсний татвар нөлөөлсөн нь үнэн ч Монголын улстөрийн ойлгомжгүй байдал, дэлхийн нүүрсний зах зээлийн ерөнхий хандлага голлох хүчин зүйл болсон болов уу?
 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: