Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 27
Нэгхэн сарын дараа наадам болно. Гэтэл наадам болохгүй юм шиг нам жим. Бөхчүүд нутаг нугынхаа нэр дэвшигчдийг даган, сонгуульд “барилдаж” байна. Зургадугаар сар талдаа орчихоод байхад галд гарч, бэлтгэл сургуулилтад биеэ нухлуулсан хүн бараг алга. Нэг нэр дэвшигч дор хаяж нэг бөхөөр сүр бараа хийж явахыг хүссэн нь монголчууд бөх хүнд аашны мууг үзүүлдэггүйтэй ч холбоотой байх. Гэхдээ тэдэнтэй, тэдэнгүй сонгууль болдгоороо болж, наадам ирдгээрээ ирнэ.

Наадмын дараа яригддаг нэг сэдэв бий. Бөхчүүдээс допинг илэрсэн үү? Илэрсэн байж магадгүй, илэрсэн, илрээгүй... Ингэсээр байгаад удалгүй мартагддаг. Бөхчүүд нь ч тоодоггүй. Наадмаар л ганц удаа нэг нь авсан болж, нөгөө нь өгсөн болдог энэ ажлыг нарийндаа бол ямар ч ач холбогдолгүйгээр зохион байгуулж, мөнгө, цаг, хөдөлмөр үрж иржээ. Үүнийг наадмын дараа биш өмнө ярих нь зөв.
Монгол Улс ОУОХ-ны гишүүнийхээ хувьд 1999 оноос эхлэн допингийн эсрэг бодлогод нэгдэж, үндэсний баяр наадамд барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авчээ. Анх шинжилгээ авснаас хойш 2003 он хүртэл энэ ажлыг МҮОХ бие даан хариуцаж байсан бол тэр жилд Баяр наадмын тухай хууль батлагдсанаар наадмын допингийн шинжилгээ авах үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг болсон гэж ойлгож болно. Гэхдээ хуулийн дагуу гэдэг сүрдүүлэгтэй л болохоос бодит амьдрал дээр наадмын үеэр допингийн шинжилгээ авах явц стандартын дагуу явагддаг уу гэвэл түүн шиг худал зүйл байхгүй.
Баяр наадмын тухай хууль нь "Тэгвэл ингэнэ, эсвэл ингэнэ" гэсэн олон цоорхойтой. Нэг үгээр бол наадмын үеэр бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээ нь хүсвэл ярьдаг, хүсэхгүй бол дардаг, Төв цэнгэлдэхийн хонгилын өрөөнд найруулдаг “хор” юм шиг харагддаг.
Монголын тамирчид допинг хэрэглэдэг улсын хар дансанд 1972 онд бүртгэгдсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 28 тамирчин Допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргаж, хар жагсаалтад бичигдсэний 14 нь үндэсний бөхчүүд.
Үндэсний уламжлалт спорт гэдэг утгаараа наадамд барилдсан бөхчүүдээс допинг илэрнэ үү, яана уу Олон улсын допингийн эсрэг агентлаг /WADA/-т бараг хамаагүй. Мөн манайд Үндэсний допингийн эсрэг агентлаг байхгүй учир сайн дураараа шахам допинг хэрэглэдэг хүмүүст шийтгэл хүлээлгэх боломж бараг байхгүй. Баяр наадмын тухай хууль, үндэсний бөхийн барилдааны дүрмийн хүрээнд хариуцлага ярьдаг, Захиргааны хэргийн шүүхээр асуудал гарвал шийдвэрлэдэг хууль эрх зүйн ийм л нөхцөлтэй. Хууль нь ч явж явж нарийн зүйл, заалтгүй. Тэгвэл ингэнэ, эсвэл ингэнэ гэсэн олон цоорхойтой. Нэг үгээр бол наадмын үеэр бөхчүүдээс авдаг допингийн тэр шинжилгээ нь хүсвэл ярьдаг, хүсэхгүй бол дардаг, Төв цэнгэлдэхийн хонгилын өрөөнд найруулдаг “хор” юм шиг харагддаг.
Стандартын өрөөгүй, шаардлага хангасан мэргэжилтэнгүй, нэг ёсондоо шигшээ багийн эмч нар голдуу хүмүүс шинжилгээ авах, хянах, шинжлүүлэх бүх ажлыг хариуцан хийдэг нь хардах явцыг өөрөө бий болгосоор иржээ. Үндэсний шигшээ багийн эмч нар энэ ажилд оролцох нь буруу юм шиг. Үнэхээр л допинг хянах гэж байгаа юм бол түүнийг хариуцсан хараат бус хүн, шаардлага хангасан өрөө, хөндлөнгийн хяналт, хүлээлгэх хариуцлага, дүрэм журам бүхэн байх ёстой байв. Гэтэл төдийгөөс өдийг хүртэл стандартын бус өрөөнд, хяналтгүй шахам байдлаар шинжилгээ авсан хэвээр. Хүүхдийнхээ шээсийг саванд хийж авчираад өгчихдөг ч юм билүү. Түүнийг нь хэн ч мэдэхгүй, хэнд нь ч итгэх нөхцөлгүй. Тийм ч болохоор хардах бүрэн шалтгаан наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах процессоос анзаарагддаг.
Холбогдох албан тушаалын хүмүүс наадмын үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой гэж ярьдаг болохоос биш авдаг арга хэлбэрийг нь өөрчилж, сайжруулъя гэж хэлдэггүй. Нэгэнт л бөхчүүдийн юу ууж идэх нь хамаагүй гээд хаячихаж чадахгүй л юм бол түүнийгээ ном журмаар нь явуулж, тэднийг шударга өрсөлдөөн рүү нь чиглүүлэх хэрэгтэй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.