Т.БАТСАЙХАН
Хүн төрөлхтний зуны олимпийн наадам эхлэхэд 39 хоног үлдлээ. Олимпийн эрх өвөртөлж амжаагүй нь авахын төлөө зүтгэж, нэгэнт эрхээ авсан нь бэлтгэлээ хийж, ахмад үеийнхэн нь заавар зөвлөгөөгөө өгч, урам зориг хайрласан тийм нэгэн бахдам цаг үе спортынхны дунд өрнөж байна. Тэд бүхний зүрх сэтгэл олимпийн тэнгэрт эх орныхоо Төрийн далбааг мандуулахын төлөө чин хүсэл дээр нэгдэж байгаа гайхалтай билээ.
Тиймээс бид энэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо хүн төрөлхтний наадамд таван удаа оролцсон, олимпийн наадмын мөнгөн медальт, XX зууны манлай тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдовыг урилаа.
АЙДАС ДАГУУЛСАН, 12 КГ ХАССАН ТҮҮНИЙ АНХНЫ ОЛИМП
Хотоос 80 орчим км зайд байрлах Цагаан нугын зусланд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов гуайнх зусч байна. Тэрээр Олон улсын олимпийн өдрийн үйл ажиллагаанд оролцохоор хотод иржээ. Хүн төрөлхтний баяр наадам эхлэхийн босгон дээр уулзсан болоод ч тэр үү бидний яриа түүний олимпод оролцсон түүх, медаль авсан үеийн он жилүүдийн талаар өрнөлөө. Өвөрхангай аймгийн Хархорин сумын хүү З.Ойдов олимпийн наадамд таван удаа эх орноо төлөөлөн оролцсон. Гурван удаа тамирчнаар, нэг удаа дасгалжуулагчаар, нэг удаа зочноор уригджээ. Түүний анхны олимп 1972 оны Мюнхений олимп байсан юм. Тэр үед олимпийн эрх авна гэж байдаггүй, тухайн улс хэдэн тамирчинг хэдэн жинд явуулах вэ гэдгээ шийддэг байжээ. Олимпийн тосгон байгуулж, тамирчдыг байрлуулан, улс орны нэрийг 4, 5-аар нь зарладаг байв. Мөн олимпийн тосгоныг байгуулахад бусад орны барилгачид сайн дураараа очиж тусалдаг байсан гэдэг. 1972 онд манай улсын олимпийн баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Германы Мюнхен хотыг зорьсон байна. Тэр дунд хамгийн хөдөлгөөнтэй, шооч нэгэн нь З.Ойдов гуай байсан гэдэг. Хаа явсан газраа хүмүүсийг инээлгэж чаддаг байсан учраас багийнхан нь түүнийг “Наргианч Ойдов” хэмээн хочилно. Мөн энэ шооч зангийнх нь тухай олимпийн дараа сонин дээр хүртэл хэвлэгдэж байсан удаатай. Харин түүний сэтгэлийг зовоодог хамгийн хэцүү асуудал нь жингээ хасах байв. Тэрээр “Би анхны олимпдоо 12 кг хасч орсон. Жингээ хасах гэж аль муугаа үздэг байлаа. Дөрөв хоног хэлэн дээрээ юу ч тавихгүй байна гэж бодоод үз дээ. Тамир тэнхээ байхгүй болно, шингэний зохицуулалт алдагдаж, уур уцаар нэмэгдэнэ, хамаг бие халуу шатаж их хөгийн болно. Ер нь үхэхээс наахнуур юм болж байж л жингээ хассан” гэлээ. Тэрээр Мюнхений олимпод 62 кг-ийн жинд оролцон хоёр удаа барилдан ялагджээ. Тухайн үед жингээ хасах талаар одоогийнх нь шиг нарийн заавар зөвлөгөө байхгүй, хуурайгаар өлсөж, саунд суух зэргээр жингээ хасан хамаг л хүч тэнхээгээ шавхан барилдаанд гардаг байжээ. З.Ойдов “Анхны олимп маань ийм л туршилтын наадам болсон юм. 24 тамирчнаас би бараг 24-т орсон санагддаг. 7-8 цаг саунд сууна, сүүлдээ “түй” гээд шүлс байхгүй, уйлмаар байсан ч нулимс гарахгүй байсан. Ер нь барилдаж байхдаа нэг ухаан алдаж унаад л нэг сэргээд байсан шиг санагддаг” гэж байв. Мөн тухайн үеийн Мюнхен хот түүний сэтгэлд нэг л айдастай сэтгэгдлийг үлдээсэн байдаг. Герман улс социалист, капиталист гэж хоёр хуваагдаж, ардчилсан Германыг нь ЗХУ, баруун Германыг нь АНУ харж ханддаг байв. Мөн түүний оролцсон анхны олимпийн түүхийг сөхөхөд олимпийн хар өдөр гэж тэмдэглэгджээ. Олимпийн наадам болж байхад дэлхийн хаана ч дайн байлдаан, мөргөлдөөн болсон түүнийг бүрэн зогсоодог уламжлалтай. Гэтэл 1972 оны Мюнхений олимпийн үеэр тус хотод Израйлын тамирчдыг барьцаалж, хэд хэдэн хүн амиа алдсан хэрэг гарч байв. Энэ тухай З.Ойдов “Олимпийн төгсгөлд их аймшигтай хэрэг болсон байдаг. Түүнээс хойш одоог хүртэл олимпийн наадмын үеэр ийм дайралт гаргахгүй төлөө дэлхий нийтээрээ тэмцэж байна даа” гэж байв. Мөн Монголын талаас тамирчидтай хамт Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас хяналтын хүн явдаг байжээ. “Элдэв янзын кинонууд үзэж гаж үзэгдлүүдэд автав. Социалист орнуудын тамирчид ямар сайхан хүмүүжилтэй, ямар сайхан ур чадвартай тэргүүний хүмүүс байдгийг харуулж яваарай” хэмээн захидаг байжээ.
“ОЛИМПИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ АВААД БАЯРЛААГҮЙ”
З.Ойдов гуай тамирчны хувьд “тулааны талбарт” айна, эмээнэ, балмагдана, цочирдоно гэж байхгүй. Тэрээр “Хамгийн дуртай тоглоомоо тоглож байна, хамгийн хайртай газраа л байна” гэж бодож спортын салбарт амьдарч иржээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.