Сумынхаа иргэдийг тоодоггүй хэрнээ бөхөд байдгаа барьдаг засаг ноёдын хөөргөн монгол зан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 27

 

Монголын ард түмэн эрт дээр үеэс төрт ёсны их баяр монгол наадмаа хүндэтгэн дээдэлж ирсэн. Түүний нэгэн илэрхийлэл нь үндэсний их баяр наадамд түрүү үзүүр булаасан, шинээр цол хүртсэн бөхчүүдээ алдаршуулах, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэх явдал юм.

Гуравхан мянган хүн амтай алслагдсан аймгийн захын нэг сумыг Монгол Улсад цуурайтуулж, зурагт радио хэвлэл мэдээллээр зарлуулах тохиолдол ганцхан үндэсний бөхөд байдаг гэхэд хэтийдсэн болохгүй байх. Улсын наадамд шөвгөрч начин, заан цол авч буй нөхөр тэр аймгийн, тэр сумынх гэж дуудуулна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт хүртэл нутаг орноо цоллуулж даян дэлхийгээр мандуулна. Төрийнхөө наадамд түрүүлж үзүүрлэсэн бөх бол бүр чиг бахтай. Үүнийх нь хариу болгож, бүр тодруулбал сум орныхоо нэрийг улсдаа мандууллаа хэмээн сумдын засаг ноёд хамаг байдгаа тавьж туудаг. Наадмын дараагаас намрын сүүлч сарыг дуустал дахиад найр наадам үргэлжилж, цол хүртсэн хийгээд өндөр амжилт үзүүлсэн хүчит бөхчүүддээ бандгар бандгар жийпийг ээлж дараалан өгч баярхацгаах нь энүүхэнд. Гэхдээ сумынхаа конторт дуудаад даруухан өгчинө гэж ёстой гонж доо.

Заавал ч үгүй наадам хийж бөх барилдуулж, зургаан насны морь уралдуулах нь жам. Элдэв дээдийн ихэрхэл ноёрхол, хийрхэлтэйгээ байж гэмээнэ сая нэг засаг дарга нарын санаа нь амарч, сумынхаа нэрийг гаргасан залууд олны өмнө шагшаан шуугиан болгон бэлэг сэлтээ гардуулна. Төрт ёсныхоо наадамд амжилт гаргасан нэгэнд нутаг ус, ард түмэн нь хүндэтгэл үзүүлэлгүй л яахав. Гэхдээ аливаа юманд хэмжээ хязгаар гэж байна аа. “Хүний энэ хорвоод ууж идэх, уйлж дуулах, гомдож баярлах чинь өөрийн гэсэн хэмжээ хязгаартай юм шүү” гэж хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс хэлдэг. Түүн лүгээ адил хөөрч дэврэх, онгирч омойтоход хүртэл хэмжээ хязгаар байх нь гарцаагүй.

Нэг муу “усан” начин төрөхөд хөл алдаж сүйд болж байгаа дарга нарыг харахаас өрөвдмөөр. Хэн нэгэн “Арга ч үгүй биз дээ, монгол төрийн наадмаа цаашлаад үндэсний өв соёл, ёс уламжлалаа хүндэтгэн дээдэлж байна. Түүнээс байдаг л нэг цолтонд барьц алдаад байгаа зүйл биш болов уу” гэж боддог байх. Гэвч үнэндээ тийм биш байдаг нь хачирхалтай. “Намайг Засаг даргын алба хашиж байхад тэр нөхөр манай нутгаас улсын цолонд хүрч байлаа. Ёстой л миний өнгөн дээр улсад гайхуулж, сумынхаа нэрийг гаргасан” хэмээн бусдад хөөрөлхөхийн тулд, манай дарга ч мөн хоншоортой шүү гэж хэлүүлэхийн тулд найр наадам хийж хөл алддаг юм. Бид мэднэ дээ, бөхчүүдийнхээ алдар цолыг сум аймгийнхан нь яаж тэмдэглэдэг билээ. Дээр өгүүлсэнчлэн заавал ч үгүй бөх барилдуулж, зургаан насны морь уралдуулна. Тухайн бэсрэг наадмын нээлт гэж жигтэйхэн юм болно. Бөх, морь гэхээр л хөөрч дэвэрсэн хөдөө гадааныхан битүү цуглана.

Гайгүй өндөр бай мөрийний сураг дуулдсан учир зэргэлдээ сумдын уяачид морьдоо хөтлөөд ирчихсэн, барилдаж ноцолдохын донтой хэсэг бүлгээрээ наадам хамж явдаг залуус зодог шуудгаа бүслээд зогсчихсон, ээ мөн сүр бараатай юм болно. За тэгээд л сумын засаг, хошуу ноён шиг залаа жинс намируулах нь холгүй өнөө алдрыг нь тэмдэглэж буй бөхтэйгөө хамт наадмын дэвжээнд уухайн түрлэгтэй орж ирнэ шүү дээ, базарваань.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх