Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 28

Маргааш монголчууд бүх нийтээрээ УИХ-ын болон аймаг нийслэлд өөрсдийг нь төлөөлж суух төрийн төлөөллөө сонгох гэж байна. Нэр дэвшигчид өнгөрсөн 18 хоногийн хугацаанд өөр өөрсдийн хэмжээнд сурталчилгаагаа явуулж, олон нийтэд танигдахын тулд чармайж ажилласан. Өчигдөр шөнийн 00.00 цагаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусч байна. Тэгвэл “MM” энэ удаагийн дугаартаа сонгогчдын мэдээлэлд нэмэр болох үүдээс сонгуулиа хэрхэн өгөх, саналын хуудасны зааварчилгаа, сонгогчийн үүрэг, эрх, энэ сарын 29-нд ямар ямар үйлчилгээ явуулах талаар нэгдсэн мэдээлэл хүргэхээр зорилоо. Монгол Улсын хэмжээнд байгаа тойрог, хэсгийн хороодын нэгдсэн мэдээллийг бүтэн оруулж чадахгүй учраас саналын хуудас хэрхэн бөглөх болон сонгууль өгөхөөр очиход таньд ямар бичиг баримт хэрэгтэй талаар мэдээлэл бэлтгэлээ.
Мэдээллийн лавлах, цахим сайтуудаас санал өгөх байрны мэдээлэл аваарай
Нийслэлийн сонгогч та өөрийн санал өгөх байрны байршлыг http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудсаар авахаас гадна 1800-1617 утсаар үнэгүй лавлаж болох нь ээ. Мөн 1900-1950 зэрэг мэдээллийн лавлахууд ч иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байгаа юм байна.
2016 оны УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч есөн дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх аж. Харин орон нутгийн иргэд болон нийслэлийн иргэд ч сонгуулийн талаарх нэгдсэн мэдээллийг СЕХ-ны албан ёсны вэб хуудаснаас гадна сонгуулийн бүх мэдээллийг нэг дор багтаасан http://songogch.songuuli.gov.mn сайтаас мэдээлэл авч болох аж. Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллах юм байна.
Иргэн саналаа өгөхдөө иргэний үнэмлэхтэйгээ очно
Сонгууль өгөх цаг өглөө 07.00 цагаас эхлэх бөгөөд 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр учраас томоохон зах, худалдааны төв ажиллахгүй.
Мөн төрийн бүх байгууллагууд энэ өдөр амрах учиртай. Иргэн та санал өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ заавал авч очих нь ээ. Учир нь санал авах байранд очоод хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хубилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм. Мөн сонгуулийн Хэсгийн хороодоос тараасан сонгогчийн үнэмлэхийг авч очих шаардлагагүй аж. Энэ өдөр бүх машин замын хөдөлгөөнд оролцох бөгөөд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй учраас ар иргэддээ аль болох нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг ЗЦГ-аас уриаллаа. Мөн энэ өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа юм. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
Өнөөдөр зөөврийн хайрцгаар санал авна
Сонгогч та саналаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар эсхүл санал авах байранд өөрийн биеэр өгөх боломжтой. Хуульд заасны дагуу цөөн тооны иргэд л зөөврийн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой юм. Өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар санал авна. Тодруулбал,
- • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
- • Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
- • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
- • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
- • Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал
Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, санал авах чиглэл, хуваарийг гарган сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.