Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 29
Б.ДАМДИН-ОЧИР
Нэг. НААДАМ
Амьд явбал улсын наадам үзнэ гэсэн үг бий. Эртнийх биш ч гэсэн дөнгөж саяхны үг бас биш. Монгол омогшил, амгалан тайвны бэлгэдэл гэдэг утгаараа монголчууд маань нааадамдаа дэндүү хайртай. Наадмаар барилддаг бөхчүүд, уралддаг морьд, унаач хүүхдүүд, хурц мэргэн харваачиддаа хайртай гэж жигтэйхэн. Тэдний талаар тэр жилдээ л муу үг унагана гэж үгүй.
Ийм уламжлалт наадам энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр гэсэн малгайн дор болно. Өөрөөр хэлбэл, тэгш ой тохиож байгаа юм.
Жил жилийн наадмаар хамгийн их хүлээлт үүсгэдэг нь наадмын нээлтийн ажиллагаа. Энэ арга хэмжээг манайдаа нэртэй найруулагч, соёл урлагийн алдартай хүмүүс ээлжлэн найруулж ирсэн ч өнөө хэр нь наадамчдын сэтгэлд зуун хувь хүрсэн нээлт гараагүй гэхэд болно. Араасаа заавал нэг шүүмжлэл, хэл ам дагуулдаг нь үүний нотолгоо.
Тэгвэл энэ жилийн наадмын урлаг, соёлын үйл ажиллагааг найруулах найруулагчийг нээлттэй сонгон шалгаруулсан юм. Ингээд нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, Төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар ажиллахаар болсон. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолыг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болсон.
Тэгвэл Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч нээлтийн үеэр Хүннү гүрэн, Их Монгол Улсын түүхээр үзэгчдийг хоромхон зуур аялуулж, 40 морьт цэргийг Төв цэнгэлдэх хүрээлэнд оруулж ирнэ.
Мөн “марзан” Шаравын “Монголын нэг өдөр” зургийн өгүүлэмжээс үзүүлж, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг толилуулна гэж төлөвлөөд байгаа ажээ.
Улсын баяр наадмыг эхлүүлдэг сур харваачид талбайгаа тохижуулж, бэлтгэл сургуулилтаа базаагаад эхэлжээ. Энэ жил 400 гаруй харваач халх сурын харваанд оролцох юм байна.
Тэгш ой давхцаж буй энэ наадмаар 1024 бөх зодоглоно. Олон ланжгар бөх энэ жилийн наадмын тааварт багтаж буй. Хэн нь ч гараад ирж мэдэх хатуухан учраа даваа бүрт тохиохыг судлаачид, сонирхогчид ид ярьж байна. Түрүү бөхийн тааварт хэд хэдэн бөхийн нэр яригдаж байна. Өнгөрсөн наадмын түрүү бөх, улсын арслан Э.Оюунболд, мөн улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Ц.Содномдорж нарын нэр олон сонсогдож байна. Түүнчлэн гарьд Б.Гончигдамба, Н.Ганбаатар, заан Ч.Санжаадамба гээд түрүү, үзүүрт төвөггүй хүрэх бөхчүүд олон бий. Бас тэгээд улсын харцага Н.Батзаяа, улсын начин Т.Баасанхүү гээд цолны ах, биеийн томоор барилддаггүй гэдгийг харуулдаг бөхчүүд байна. Энэ утгаараа тэгш ойн 1024 хүчит бөхийн барилдаан уухайн дуу тасрахааргүй сонирхолтой болж таарна. Харин энэ наадамд улсын наадамд түрүүлээгүй бөх ес юм уу, арав давбал яах вэ, өмнө нь түрүүлээгүй арслан цолтон үзүүрлэвэл аварга цол олгох уу гэсэн асуултууд хариултгүй байгаа. Тэгвэл үүнийг нэгмөр болгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн бариад байгаа. Харин наадмын өмнө хэлэлцэх эсэх нь тун бүрхэг байгаа аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.