Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 01
Б.ТУУЛ, Б.НОМИНЖАРГАЛ
Их, дээд сургуулиуд энэ жил элсэгчдийг “чангалахгүй” гэж байна. Өнгөрсөн жил ихэнх сургууль элсэгчдийнхээ тоог цөөлж, босго оноог өндөрсгөж байсан бол энэ жил цөөхөн элсэгчтэй болоод ч тэр үү, төрийн өмчийн их, дээд сургуулиудын босго оноо 400-500-гаас эхэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид сургууль тус бүрээр нь хүргэж байна.

ЭНЭ ЖИЛИЙН ЭЛСЭГЧИД ОЛОН СУРГУУЛЬД ЗЭРЭГ БҮРТГҮҮЛЖ БОЛНО
Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл, хуваарь сонголт яг одоо идэвхтэй үргэлжилж байна. Энэ жилийн хувьд, төрийн өмчийн их, дээд сургуулиуд элсэгчдээ цахимаар бүртгэж байна. Зарим сургуулиуд элсэгчдээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-наас бүртгэж эхэлсэн байна. МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг төрийн өмчийн томоохон сургуулиудын онлайн бүртгэл долдугаар сарын 2-5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Харин магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долдугаар сарын 1-нээс идэвхжиж байна. Элсэгчдийн бүртгэл баяр наадмын өмнө өндөрлөнө. Хувийн хэвшлийн зарим сургууль ирэх наймдугаар сарын 20-д гаргаад нэмэлт элсэлтээ зарлаж, цөөхөн хүүхэд элсүүлнэ гэж байна.
ШУТИС-ИЙН БҮРТГЭЛ 5-НЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ
ШУТИС-ийн элсэгчдэд дуулгах зарим мэдээллийг бид тус сургуулийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргалаас авсан юм. ШУТИС элсэлтийнхээ бүртгэлийг зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 5-ны хооронд цахимаар зохион байгуулж байгаа аж. “2016-2017 оны хичээлийн жилд ШУТИС-д суралцах элсэгчид элсэлтийн цахим хаягаар дамжуулан бүх бүлэгт зэрэг бүртгүүлэх боломжтой. ШУТИС-д бүртгүүлэхдээ 2014, 2015, 2016 оны аль нэг батламжийн дугаар, регистрын дугаарыг заавал оруулна.Элсэлтийн талаарх мэдээллийг www.elselt.edu.mn, www.must.edu.mn-ээс авах боломжтой. ШУТИС нь шинэ хичээлийн жилд найман үндсэн бүлэгт онлайнаар бүртгэнэ. Бүрэлдэхүүн есөн сургууль, харьяа нэг сургууль, институт нэг гээд нийт 11 сургуульд 15 “Хамтарсан 2+2” хөтөлбөр, нийт 56 хөтөлбөр, 98 мэргэжлээр 5000 орчим оюутан элсүүлнэ. 2016-2017 хичээлийн жилийн элсэлтийн онцлог нь 26 хөтөлбөрт CDIO арга зүйг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. Элсэгчдийн босго оноо мэргэжил тус бүрээс шалтгаалаад харилцан адилгүй, хамгийн багадаа 400 байна” гэв.
АШУҮИС ЭЛСЭГЧДИЙГ “ЧАНГАЛАХГҮЙ”
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн босго оноо өнгөрсөн жил 560-аас дээш байхаар зааж байсан. Тэгвэл энэ жил хэмжээст оноо хөтөлбөр тус бүрд 400 байхаар заажээ. Элсэгчдээ мөн цахимаар бүртгэж байна. АШУҮИС нийт 17 мэргэжлээр 1667 оюутан элсүүлэх юм байна. Үүнээс Улаанбаатар хотод 558 оюутан элсүүлэхээр заажээ. Анагаахын сургуульд хүний их эмч, шүдний их эмч, уламжлалт анагаахын эмч, эм зүйч, нийгмийн эрүүл мэнд судлалч, био анагаах судлалч, монгол анагаах ухааны засалч, хөдөлгөөн засалч, ахуй засалч, сувилахуй, эх барихуй гэсэн мэргэжлээр элсэгчдийг хими, биологийн оноогоор жагсаана. Харин эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжлээр элсэхэд ЭЕШ-ын математик болон физикийн оноогоор, эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр элсэхэд биологи болон нийгмийн тухай мэдлэг хичээлийн оноогоор жагсаана гэж журамдаа заажээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.