Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 04

2004 оноос хойш 2005, 2008, 2009, 2012, 2013, 2016 гээд олон сонгуульд нэр дэвшсэн, ажилласан миний хувьд 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль “ер бусын” болж өнгөрлөө. Сонгуулийн сурталчилгааны явцад хэт улс төржих, намууд нэгнийгээ газар доогуур ортол муулах, санал авахын тулд яахаас ч буцахаа больж улайрах, элдэв арга сэдэх, санал илүү дутуу тооллоо гэж маргалдах зэрэг бол байдаг л ердийн үзэгдэл. Царцааны нүүдэл ч шинэ юм биш. Тэгвэл яагаад, юугаараа ер бусын болов? гэж асуух байх. Энэ нь нэг үгээр тайлбарлахад түвэгтэй асуудал учраас тогтож ярьцгаая.
Улс төрийн тэмцэл дотоодын асуудал биш болсон
2016 оны сонгууль намуудын хооронд бус Ардчилсан нам ба нам дамнасан бүлэг, тэдний ард нуугдаж байгаа гадны хөрөнгө оруулалтын хооронд өрнөлөө гэдгээс эхлэе.
Царцааны нүүдэл гэх бохир аргачлалыг улс төрийн нам бус гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ашиглаж, монгол төрийг сонгох явцыг будлиантуулсанд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байгааг би хэлэх гээд байгаа юм. MCS групп өөрийн харьяа охин компаниудаас 7000 ажилтныг дайчлан компанид нь хамаарал бүхий нэр дэвшигчдийг дэмжүүлэхээр Хөвсгөл, Баянхонгор, Увс аймгууд руу түр шилжүүлсэн нь маш олон баримтаар нотлогдсоор байна. Увсын 31 дүгээр тойрогт (2778), Хөвсгөлийн 39 дүгээр тойрогт(2400), Баянхонгорын 9 дүгээр тойрогт(1913) шилжин санал өгөгсөд орон нутгийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж, нутгийнхан 4 жил “өөрсдийн бус” төлөөллийг УИХ-д суулгах ёстой болж таарав.
Намайг унасандаа гоншгонов, ялагдаж сураагүй байна гэх мэтээр яаран муулах гэж байгаа хүмүүст би нэг зүйлийг хэлье. Хэрвээ орон нутгийн иргэдийн саналаар УИХ-ын гишүүнийг сонгохгүй юм бол яах гэж 76 тойрогт хуваасан байх вэ? Орон нутгийнхны сонголт хамаагүй гэх байсан бол хувь тэнцүүлсэн сонгууль явуулаад, Монгол Улсыг бүхэлд нь 1 тойрог гэж үзэх ёстой байсан. Чухамдаа газар нутаг, иргэний харьяаллыг хамгийн ихээр харгалзан үзэх, Монгол Улсын засаг захиргааны нэгжүүдэд амьдарч байгаа иргэд төрд төлөөллөө жигд сонгох үүднээс мажоритар системээр сонгууль явуулсан шүү дээ.
MCS бол Үндэсний компани! гэж хэлэх хүмүүс хэрүүл хийх ээлжээ хүлээж байгаа байх. Би тэр хүмүүст яаран өмөөрөх гээд байгаа компанийхаа танилцуулгыг ахин дахин унш гэж зөвлөе. Энэ компанийн голлох хөрөнгө оруулалт “Kерри групп” гэх БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс, Хонгконгт төвтэй аварга корпорациас хийгдсэн болохыг одоо монгол хүн бүхэн мэдэх болжээ. Ухаа худгаас уруудаад Централ тауэр, Шангри ла, MCS кока кола гээд бараг бүх компанид нь Хятадын эзэмшил бий. Үүн дээр MCS-ийн оролцоотой ММС гэж Ухаа худгийн ордыг эзэмшиж байгаа мөн “Kерри групп”-ийн эзэмшлийн компани БНХАУ-ын төрийн өмчит “Шенхуа энержи” хэмээх аварга компанитай хавсран ард түмний эзэмшилд байгаа том Тавантолгойг гартаа оруулах гэрээ хийхээр удаа дараа оролдож ирснийг сана!
Мэдээж хэрэг бизнест гадны хөрөнгө оруулалт байх л зүйл. Харин хөрөнгө оруулагч тал Монголын дотоод улс төрд гар хуруугаа дүрээд зохицуулаад эхлэж байгаа бол энэ ТҮГШҮҮР! Монголын баялагт эзэмшлээ тогтоох санаархлаа хууль тогтоох байгууллага, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч институцид өөрсдийн хүнийг олноор шургалуулах замаар хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ АЮУЛ ! Яагаад аюул, түгшүүр зарлаад байгаа юм гэж гайхашрах хүн байгаа бол би ахиад давтан хэлье. Би урьд нь ч хэлж байсан. БНХАУ бол гадаад бодлогын, аюулгүй байдлын үзэл баримтлалдаа гадаадад байгаа өөрийн иргэдийн болон төрийн өмчлөлийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах шаардлага тулгарвал цэргийн хүч ашиглах талаар хуульчилсан улс. Энд л бүх зангилаа байгаа юм.
Тийм учраас царцаа нүүлгэх замаар нэг компанийн сонирхлыг, түүний цаана байгаа гадныхны эрх ашгийг Монголыг төрд оруулах гэж байгаа асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авч, хэлэлцэн, нягтлах ёстой. Төрийн эрхийг хууль бусаар авах аргачлал энэ сонгуулиар хэрэгжчихлээ.
Сонгуулийг шийдвэрлэх мөнгө хаанаас гарсан бэ?
Асар олон тоогоор, хол газарт, олон хоногоор хүмүүсийг шилжүүлэх, байрлуулах нь асар их мөнгөний асуудал гэдэг нь ойлгомжтой. Дээр нь сонгогчдод тараасан бэлэн мөнгийг тооцохоор MCS гэж санхүүгийн хүндрэлд орчихоод байгаа аж ахуйн нэгжээс гармааргүй их мөнгө саяын сонгуулиар урсжээ. Ил болсон мэдээллээр Ч.Хүрэлбаатар гэх MCS-ээс дам хамааралтай нэр дэвшигч Увсын сонгогчдод 50 мянган төгрөг тараасан байна. Энэ нь 2 сартай нярайн эндэгдлээр ил гарлаа. Үрээ алдсан эцэг, эх Ч.Хүрэлбаатараас авсан 100 мянган төгрөгийнхөө төлбөрт 150 км газар олон хүнтэй чихцэлдсэн, агааргүй орчинд удаан явснаас ийм юм болсныг зарлаж, хэн мөнгө өгснийг илчиллээ. Ч.Хүрэлбаатар хэдэн санал авсныг золгүй эцэг, эх хоёрын авсан мөнгөөр үржүүлбэл ямар их тоо гарах вэ? Хамгийн багаар 5000 хүнд 50000 төгрөг тараасан гэж тооцоход л СЕХ-ноос тогтоосон сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг хэд дахин нугалахаар мөнгө (2 тэрбум 500 сая төгрөг) тэнд тараагджээ. Дам хамааралтай улстөрчдөө ийм хэмжээний мөнгө зарцуулсан юм чинь шууд хамааралтай Л.Энх-Амгалан, Л.Элдэв-очир хоёрын төлөө илүүг зарцуулсан байх магадлалтай.Дээр дурдсан 3 аймагт Увсад зарсан хэмжээнийхээ мөнгийг тараасан гэж үзвэл 7 тэрбум 500 сая төгрөгийг сонгогчдод тараасан байх нь. Үүн дээр царцааны нүүдлийг зохион байгуулсан, нүүлгэсэн, байрлуулсан, хооллож ундалсан зардлыг тооцвол 10 тэрбум төгрөгийг ил тод болсон 3 нэр дэвшигчийг сонгуулахад зарцуулжээ гэж багцаалж болохоор юм. Цаана нь МАН-ын авсан 62 суудал бий. Зөвхөн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ц.Сандуй гэхэд тусгайлан барьсан 2 гэрт сонгогчдыг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж оруулаад, гар утсыг хураан, чагнах, бичлэг хийх төхөөрөмж байгаа эсэхийг сайтар шалгаж нэгжсэний дараа хүн бүрт 200 мянган төгрөг өгсөн гэх мэдээллийг тойргийн сонгогчид хэлж байжээ. Энэ бол нягтлах, шалгах ёстой мэдээлэл. Гэтэл хачирхалтай нь, Цагдаагийн байгууллага сонсохгүй байна, харахгүй байна, мэдэхгүй байна, нотлогдохгүй байна гэж үглэсээр сонгуулийг дуусгав.
Ц.Сандуй олонд ил болсон мэдээллийн дагуу албан тушаал зарж олсон мөнгөөрөө сонгуульдсан байж мэдэх сэжүүр энд байгааг хууль хяналтынхан үл тоож байна. Эдгээрийг түр орхиод сонгууль худалдаж авахад зарцуулагдсан асар их мөнгө хаанаас гарсан байх талаар магадлал хийе. Сонгуулийн өмнөхөн цацагдаж байсан хэвлэлийн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.