Ид хав. Их сайхан үг. Наадам дөхөхөөр эл сайхан үгийн утга улам төгөлдөр болдог. Энэ үгийг тун энгийнээр тайлбарлавал хүч чадал, тамир тэнхээ гэсэн утгатай. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүдийн ид хав нь жинхэнэ тэгширч байна. Өчигдөр тус дэвжээн дээр очиж бэлтгэлийн явцтай нь танилцахдаа үүнийг мэдрэв.
Төв аймгийн төв орохоос наахна Дундговь руу салдаг замын уулзварын хойно, Богдхан уулын Баруун Зуунмодын аманд “Дүнжингарав” дэвжээнийхэн байрладаг. Монголын ард түмэн наадам гэдэг том, аугаа цэнгэлээрээ тухайн жилийнхээ өнгийг үзэж ямар хүчтэн түрүүлэх бол хэмээн 365 хоногийн турш таамаглан ярилцдаг билээ. Төв аймгийн бөхчүүдийн хувьд 2008 оноос Богдхан уулынхаа энэ аманд байрлаж, наадмын бэлтгэлийг базааж байгаа юм.
Дөрвөн дүнзэн байшин байх агаад голынх нь хоёр давхар. Цумбайсан гурван цагаан гэр дүнхийнэ. Тэртээд хөхөө донгодож, энүүхэнд хус модтой амны тэрүүхнээс тарвага хошгирно. Амар амгалан гэмээнэ үүнийг өгүүлэх болов уу хэмээн сэтгэл татмаар байгалийн сайхан цогцолжээ. Тэртээ хойхно борооны үүлс бараантах ч наран энүүхэнд шарна.
“Дүнжингарав” гэсэн далбаа хатгасан өргөө цагаан гэрт очлоо. Угалзалсан сайхан сийлбэрт сэнтийтэй өргөө гэрт бөөн эрчүүл сууна. Хүнхийсэн эрчүүл дундаас галын ахлагч, Б.Бадам-Очир начинг олж таньсангүй. “Сайн байна уу, дэвжээний ахлагчтай уулзъя” хэмээн даруухан өгүүлбэл “Би байна” хэмээгээд нэгэн эр өгүүлсэн нь Б.Бадам-Очир начин. Мэнд усаа мэдэлцлээ. Начны найзууд нь иржээ. Нутгийнхаа бяр чадал бялхсан бөхчүүлийг дэмжих гэж начны найзууд жаал зугаа юм авчирчээ.
Начин “Аймгийн маань бөхчүүлийн бэлтгэл сайхан явж байна. Энэ сарын 16-наас бэлтгэлдээ гарцгааж, одоо л жигдэрч байна” хэмээснээр бидний яриа өрнөвэй.
“Дүнжингарав” дэвжээн дээр 50 гаруй бөх наадмынхаа бэлтгэлд гарчээ. Энэ сарын 26-нд болсон наадмын сорилго барилдаанд эдний дэвжээнээс арав гаруй бөх барилдсанаас Б.Батмөнх заан гурав давсан байна.
Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хувьд галд гарсан хугацааг нь тооцвол хэд хэдэн циклд хуваагдана. Одоо бол бөхчүүд хүчний буюу хүнд бэлтгэлийн үедээ явж байгаа юм байна. Наадмын бэлтгэлийг нь 25-30 хоног гэж тооцвол эхний 14 хоногийг хүнд бэлтгэлийн үе гэж тооцож болно. Энэ үед хүнд бэлтгэл хийж, кроссоор гүйж нэлээд ачаалалтай ажиллана. Бүх булчин шөрмөсөө дээд түвшинд нь хүртэл идэвхжүүлж, эр бяр гээчийг жинхэнэ утгаар нь харуулна. Цолны эрэмбийг хамааралгүй хэнтэй ч хамаагүй олон барилдаан хийнэ, өдөрт. Ийм хүнд бэлтгэлийн горимоор долдугаар сарын долоон, найман хүртэл бэлтгэнэ. Харин түүнээс хойш бэлтгэлээ аажмаар хөнгөрүүлж, наадам дөхөхийн хэрээр бэлтгэлээ зөөлрүүлж, ерөнхийдөө биеэ амрааж тэнхрүүлэх тал дээр анхаарна. Сар хэртэй ачаалал авч ажилласан бие хэдхэн хоногт амрахад л тэнхэл авч жинхэнэ л бяр чадал нь амтагдаж эхэлдэг юм байна. Энэ үед л сэтгэл санаа, сэтгэл зүйгээ зөв удирдаж чадсан нь наадмаар цойлох нигууртай.
Аливаа дэвжээний хувьд наадмын бэлтгэл хийх нь шинэ цолтон төрүүлж, цолоо ахиулах зорилготой байдаг. Үүнтэй адил энэ дэвжээнийхэн тийм нэгдсэн зорилготойгоор хамтарсан бэлтгэл хийж байгаа нь энэ юм. Дэвжээний ахлагч, улсын начин Б.Бадам-Очир “Өнөө жил манай дэвжээнээс улсын шинэ цолтон, аймгийн цолоо ахиулах залуус зөндөө бий”
Үргэлжлэлийг эндээс уншина уу