Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 05
Уул уурхайн томоохон төсөл яригдаж эхэлснээс хойш монголчуудад танил болсон компани бол “Рио Тинто”. Үндэстэн дамнасан тус групп 2006 оноос Монгол Улсын Засгийн газартай стратегийн урт хугацааны төсөл дээр хамтран ажиллаж буй.
Энэхүү групп 1873 оны гуравдугаар сарын 29-нд байгуулагдсан, 140 гаруй жилийн түүхтэй уул уурхайн хамгийн хүчирхэг компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог. 2007 онд 147 тэрбум ам.доллараар үнэлэгдэж дэлхийн шилдэг гурван уул уурхайн компанийн нэг болжээ. Харин дэлхийн хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнэтэй компаниудын дөрөвдүгээрт жагсаж байгаа гэнэ. Дэлхийд данстай тус группийн үүсгэн байгуулагч нь Хью Матенсон, ерөнхийлөгч нь Сэм Волш, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Жан ду Плесис. Тус группийн хөрөнгийн 43 хувь АНУ, Канадад төвлөрдөг бөгөөд 33 хувь нь Австралид, үлдсэн нь Африк, Индонези, Өмнөд Америк болон Европын улсад байршдаг юм байна. Өдгөө тус групп зургаан тивийн 40 гаруй улсад цайр, төмрийн хүдэр, нүүрс, уран, зэс, алт, титан, давс болон алмаз олборлох үйл ажиллагаа явуулдаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус группийн салбаруудад 55 мянга гаруй ажилтан ажиллаж буй.
“Рио Тинто” гэдэг нь испаниар “Улаан гол” гэсэн утгатай үг ажээ. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд 2012 оны Лондонгийн олимпийн медалийг хийх эрхтэй болсон ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Учир нь байгаль орчныг хамгаалагчид тус компанийг олимпийн наадмын медаль хийх эрхгүй гэж үзэв. Эсэргүүцэгчдийн гол уриа нь “Байгалийг хордуулагчид спортод гар дүрэх ёсгүй” хэмээн уриалж байлаа. Энэхүү эсэргүүцэл дэлхий нийтийн анхаарлыг татаж үр дүнд хүрсэн.
Өдгөө тус компанийн төв Лондон хотод байдаг ч менежментийн гол салбар нь Австралийн Мелбурнд бий. Нэг ёсондоо Мелбурн хотоос ихэнх чухал шийдвэрүүд гардаг гэсэн үг. Тэд манай улсын Засгийн газартай хамтран ажиллаж “Оюу толгой” ХК-д хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу “Айвенхоу Майнз” компанийн 49 хувийг эзэмшдэг байсан ч 2012 онд эзэмшлээ 51 хувь болгох шүүхийн шийдвэр гаргуулж чадсан билээ. Ингэхдээ дэлхийн уул уурхайн салбарт хорт Боб хочтой Роберт Фрийдландыг захирлын албан тушаалаас нь буулгаж өөрсдийн хүмүүсээ томилсон юм. Ингэж дэлхийд тэргүүлэгч “Рио Тинто” групп манай улстай холбогдсон.
“Рио Тинто” группийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын “Чайналко” юм. Энэ компани 2008 онд “Рио Тинто”-гийн есөн хувийг 14 тэрбум ам.доллараар авч өнөөг хүртэл хамгийн том хувьцаа эзэмшигчийн тэргүүнд бичигдэж байна. Өөрөөр хэлбэл Рио Тинтогийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигч. Тэдний энэхүү хамтын ажиллагаа анхных биш. Рио, Чайналко хоёр 2008 оноос хойш уул уурхайн олон төсөл дээр хамтран ажиллаж байсан юм. Улмаар 2010 онд “Сhinalco Rio Tinto Exploration” буюу “CRTE” гэх нэгдлийг байгуулжээ. Ингэснээр тэд дэлхийн уул уурхайн салбарт илүү давуу эрхтэй, хүчирхэг байдлаар хамтарч байгаа юм. Нэг ёсондоо дээрх хоёр компанийн нэгдлийн дэргэдүүр томоохон төсөл өнгөрөхөө больжээ. Уг нэгдлийн 51 хувийг Хятад, 49 хувийг Австралийн тал эзэмшдэг гэнэ. Энэхүү нэгдлийн хамгийн амжилттай яваа төсөл нь Гвиней дэх Симонду төмрийн хүдрийн орд.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.