Багц 24: Монгол төрийн их баяр наадам айсуй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 07

Үндэсний их баяр, наадам болоход ердөө дөрөв хоног үлдлээ. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож байгаа билээ. Тэгш ой тохиосон энэ жилийн наадамд 1072 бөх зодоглох бөгөөд өргөн дэлгэр наадам болно гэдгийг албанхан онцолж, зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэн бэлтэл ажлаа хангаад байгаа билээ. Тэгвэл үндэсний их баяр наадмын талаарх багц мэдээллийг хүргэж байна.

  Наадмын тасалбарыг  худалдаалж эхэллээ

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ.

 

Тасалбарыг Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний билетийн кассаар худалдаах бөгөөд суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна. Харин жуулчдын тасалбар 25 америк доллар байх аж.

 

Наадамд зодоглох бөхчүүдийг маргаашаас эхлэн бүртгэнэ

 

Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваач, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц, мэргэнээ сорих юм. Мөн зургаан насны болон эрлийз морьдын уралдаан болно. Наадамд зодоглох бөхчүүдийг маргааш буюу энэ сарын 8-10-ны өдрүүдэд бүртгэх юм байна. Харин бүртгэлээс хоцорсон тохиолдолд нэмж бүртгэх боломжгүй гэдгийг албан хүмүүс анхааруулсан.

 

Хамгаалалтгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн наадмаар хурдан морьд унаач хүүхдүүдийг тусгай хамгаалалтгүй бол уралдаанд оролцуулахгүй гэдгийг онцгойлон анхааруулаад байгаа. Мөн 7-гоос доош насны хүүхдээр хурдан морь унуулахаар зэхсэн уяачийн морийг бүртгэхгүй юм байна. Түүнчлэн уралдаанч хүүхдийг заавал гэнэтийн ослын даатгалд хамруулж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан байх шаардлагатай аж.

 

"Монгол Улсын далбаа"-ны өдрийг энэ сарын 10-ны өдөр тэмдэглэнэ

 

"Монгол Улсын далбаа"-ны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр цэргийн ёслолын жагсаал болдог бөгөөд уг жагсаалд оролцох 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тус жагсаалд зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцох юм.

 

“Дээлтэй Монгол наадам” 3 номинацид шилдгүүдээ тодруулна

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ. Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх