Д.Энхболд: Гадныхан иргэдийн эрүүл мэндээр бизнес хийж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 07 ・ 2
 

Р.ОЮУН

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч, докторант Д.Энхболдтой ярилцлаа.

-Тасгийнхаа талаар танилцуулахгүй юу?

-Мэдрэлийн мэс заслын тасгийн суурь анх 1966 онд тавигдсан. 50 жилийн настай гэж бодоход би сүүлийн 22 жилд нь энэ тасагтаа ажиллаж байна. 1994 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд шууд энэ тасагт ирж ажиллаж байлаа. Намайг анх ороход манайх жилд 100 гаруй мэс засал хийдэг байсан бол өнөөдөр 1000 гаруйг хийдэг болсон. 22 жилийн хугацаанд тухайн тасгийн ачаалал 10 дахин нэмэгджээ. Хоёрдугаарт, тухайн үед арваад эмч ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо яг хэвээрээ байна. Энэ нь эмч нарын ачаалал их болсныг харуулж байгаа юм. Нөгөө талаараа мэс заслын үр дүнгийн тухай ярих нь чухал.

-Тухайлбал, юу вэ?

-Тухайн үеийн мэс заслын үр дүнг одоогийн мэс засалтай харьцуулахын аргагүй. Өнгөрсөн жил манайд мэс заслын дараа нас барсан, муудсан 30 гаруй хүн байсан. Ямар ч улсад Эрүүл мэндийн салбарт нь Мэдрэлийн мэс заслын алба, тусгай нэгж байдаг. Гэтэл манайд улсын төсвийн байгууллага учраас тасгийн хэмжээнд байлгаж байна. Уг нь дотроо олон салбартай. Тархины хавдрын, хүүхдийн, судасны, нурууны мэс заслын гэсэн тасагтай байх ёстой. Энэ тасгууд нь тус тусдаа хөгжихгүй зөвхөн энэ тасагт л хийж байна. Манай эрүүл мэндийн салбарт үүсч буй хууль зүйн байдал нь сонин байгаа юм. Зарим хэсэгт хувийн сектор хөгжиж болоод байна. Бид цаашаа яаж хөгжих вэ гэдэг асуудал байгаа. Монголчуудын хүсэл зорилго бол дэлхийн стандартад нийцсэн, өндөр төвшний эмнэлэг, эмч, үйлчилгээтэй болох. Үүнд яаж хүрэх вэ. Энэ замд хүрэх үнэхээр боломжгүй.

-Яагаад боломжгүй гэж?

-Манайх тархи, нурууны ийм мэс засал хийж байна гэж сурталчилгаа хийдэггүй. Яагаад гэвэл улсын эмнэлэг. Нэгдүгээрт, зардал байхгүй. Хоёрдугаарт, үнэгүй эмчилгээ хийдэг учраас иргэд дугаарладаг. Нөгөө талаар эмч нар нь төсвийн цалинтай учраас өөрсдийнхөө хийж бүтээснийг таниулах сонирхолгүй байдаг. Их ажил хийлээ, шинэ зүйл бүтээлээ, олон мэс засал хийлээ, хүнд өвчтөнийг эдгээлээ гээд цалин нэмэх систем байдаггүй. Хэрэв энэ бүгдээр нь уралдуулж, шалгаруулдаг бол жинхэнэ хүний төлөө эмнэлэг болох юм. Гэтэл өнөөдөр энэ нь хүний эсрэг болчихоод байна. Тухайлбал, ДОХ-ыг эмчилж чадахгүй байгаа. Тэр өвчнийг туссан хүн нас барахаас өөр яах  юм бэ. Хүний бие, физиологийн нас хоёр өөр. Тэр дундаа манайх шиг хөгжлийн хэцүү үе шатандаа байгаа оронд дийлэхгүй өвчнийг алдах магадлал байна. Энэ тохиолдолд  дандаа залуу эмч нараа буруутгадаг. Энэ нь сайн эмч болох боломжийг нь хааж байгаа юм. Мөн манай тасагт мэс засал хийлгэхээсээ илүү ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа юм. Ганцхан энэ тасагт биш эрүүл мэндийн салбар, улсын бүх эмнэлгүүд үнэгүй эмчилдэг учраас энд хэвтэж эм, тариа хийлгэх гэсэн олон хүн бий. Энэ тасгийг ийм байлгаад байгаа нь хэн нэгэнд хэрэгтэй. Яагаад гэвэл улсын төсвөөс мөнгө авч тендер зарлаад тоног төхөөрөмж оруулаад үйл ажиллагааг нь явуулдаг. Нэг эм, нэг багаж авахад тендер зарлана. Үүний тулд нэг компани байгуулна. Ямар ч шударга тендер байсан тэр компани ашигтай ажиллахын тулд тухайн улсаас нь авчраад өөрийнхөө үнийг нэмж ашгаа тооцдог.

-Гадаадад хийдэг тархины мэс заслуудыг танай тасаг амжилттай хийж байгаа шүү дээ. Энэ талаар?

-Манайхан Солонгос руу их явдаг. Өвчтөн эмчээ, эмнэлгээ өөрөө сонгодог. Үүний ганц шалгуур нь чадвар. Тухайн эмч нэг эмчилсэн өвчтөнөө эхнээс нь үзсэн бол насан туршид нь хянадаг байх ёстой. Ялангуяа, тархи, нугасны мэс засал олон муу үр дагавартай. Тиймээс үүнийг тухайн эмч л хянана. Өрхийн эмчийн хяналтад гаргана гэж байхгүй. Яалаа гэж нугасны мэс засал хийлгэсэн хүнийг өрхийн эмч хянаж чадах юм бэ. Огт мэдэхгүй шүү дээ. Гэтэл манай хуулийн хяналт нь ийм. Нөгөөтэйгүүр гадны хүмүүс манай иргэдийн эрүүл мэндээр бизнес хийж байна. Монгол шиг ядарсан оронд бизнес хийж байгаа эмч бол яавч сайн эмч биш. Дэлхийн тархины мэс заслын эмч нар бараг бие биеэ танина. Тэр дундаа ийм оронд ирээд бизнес хийж байгаа бол тэр нэр хүндгүй эмч байгаа. Нэр хүндтэй болсон мундаг эмч нар хэзээ ч манайх шиг оронд бизнес хийдэггүй. Хэрэв цахим ертөнцөд гарч ирвэл ямар ч нэр хүндгүй болно. Тиймээс АНУ, БНСУ, Японоос сайн баг ирж тархины мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна. Манайд багийн ажиллагаа гэж бараг байхгүй. Яагаад гэвэл алтан гартай хүмүүс төрөх гээд байна.

-Алтан гартай эмч төрөхөд юу нь болохгүй гэж?

-Бидэнд худлаа ч гэсэн гавьяат, Хөдөлмөрийн баатар, анагаах ухааны доктор, профессор гэсэн цол хэрэгтэй. Энэ бол хувь хүний карьер. Үнэндээ хүний чадварыг үүгээр хэмждэггүй. Мэс заслын эмч хийх гэж байгаа хагалгаагаа төсөөлж боддог оюун ухааны, гарын, сэтгэлийн ур чадвар гэж байх ёстой. Энэ гурав нийлж байж эмч болдог. Одоо манайд нэг эх эндэхэд толгойг нь авъя, шоронд суулгая гэдэг. Алдаа гаргадаггүй эмч маш ховор. Алдахгүйн тулд багаар ажиллах ёстой. Нэг нь олж хараагүй юмыг нөгөө нь олж хардаг. Тэр баг сайн гэдэг нэрээ авч явахын тулд хичээж, алдаагүй ажиллах хэрэгтэй. Ингэж ажиллах зарчмаа өөрчлөхийн тулд зах зээлд шилжих ёстой. Бид хийсэн ажлаараа үнэлүүлэх юм. Эмч хүнийг үнэлэх үнэлэмж нь өвчтөнг яаж эмчилсэн бэ гэдэг нь чухал. Хэдэн хүн эмчилсэн, хэн байх нь хамаагүй, зөвхөн цол, зэргээрээ цалинжина гэсэн буруу систем манай эрүүл мэндийн салбарт байгаа. Би одоо ажилласан жил, цол, зэргээрээ цалингаа авдаг. Гэтэл надаас сайн эмч гарч ирж болно. Тэр боломжийг нь би хаагаад сууж байна. Би яагаад ч тэр эмчийг гаргахгүй. Яагаад гэвэл заавал дээр нь байж хөнгөн, аятайхан мэс заслуудыг өөрөө авч, ихэнх ажлаа тэр залуу эмчээр хийлгээд нэр хүндийг нь өөрөө авна. Нас баруулсан тухайгаа огт ярьдаггүй Үнэндээ энийгээ л ярих ёстой. Алдаа гаргаж хүнийг тахир дутуу болгосон уу яагаад үүнийгээ нуугаад амьдрах ёстой юм бэ. Бид алдаагаа ярих ёстой.

-Сүүлийн үед “Грандмед”, “Бум­бангранд”, “Очирваань” зэрэг мэдрэлийн эмнэлэг гарч ирсэн нь танай тасгийн ажлыг бага ч гэсэн хөнгөвчилж байгаа байх. Энэ талаар та юу хэлэх бол?

-Энэ эмнэлгүүдтэй улсын гурав, нэгдүгээр эмнэлгийг харьцуулах үндэслэлгүй. Нурууны мэс засал тархины мэс заслын хажууд хөнгөнд нь ордог. Хүн үхүүлэх боломж багатай, зовиур шаналгааг нь янз бүрийн аргаар явуулж болдог. Манайд Грандмед болон Солонгос, Хятад эмчтэй хувийн эмнэлгээр эмчлүүлээд эдгээгүй гэсэн олон хүн ирдэг. Грандмед эмнэлэг тархи, нугас, хүзүүний хавдраа эмчилж чадахгүй гээд манайх руу явуулдаг. Бид олон хүнд өвчнийг эмчилж байна. Манайх эмчилж чадахгүй бол эд нар Монголд эмчилж чадахгүй гэнэ. Тархины мэс заслын олон өвчин байгаа. Үүний нэгийг нь ч  энэ эмнэлгүүд авч эмчлэхгүй

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 07/

    Humuusee gertee hooloo beldeed ajil syrgyyli deeree odoriin hooloo hereglej syrah ni eruul mended mash chyhal shuu

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 07/

    Tiim hun eruul zaluu baihdaa; huuhed baihad ni eruul mendiin medlegtei baij jild 1;2 ydaa emnelgiin buren shinjilgeend orood sain zovolgoo avch eruul aj torj zov hoolloh ooroo oortoo hooloo hiij ideh ajil syrgyylidaa odoriin hooloo zaaval

    Хариулах