“MIH” группийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-В.Путин саявтар Эгийн голын станцыг барих боломжгүй, Байгал нуурт сөргөөр нөлөөлнө гэчихлээ. Эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг хангах үүрэгтэй гэдгээрээ Эг бидэнд чухал байсан. Энэ мэт эдийн засгийн тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хандлага хөрш гүрнээс тод анзаарагддаг. Ер нь эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалахын тулд бид яах ёстой вэ?
-Хэрэгтэй, үнэ цэнтэй зүйл хийж, тэрнийхээ үндсэн дээр өөртөө хэрэгтэй зүйл олж авах харилцан солилцоог л эдийн засаг гэж би ойлгодог. Энэ өнцгөөс нь харвал эдийн засгийн тусгаар тогтнол гэж томьёолж буй нь ойлгомжгүй сонсогдоод байна л даа. Жишээ нь танд оршин тогтнож, амьдрахын тулд тодорхой хэрэгцээ байгаа. Тэр хэрэгцээгээ та ганцаараа хангаж чадахгүй. Тийм учраас бусад хүмүүсээс авч таарна. Тэгэхээр нийгмийн бусад гишүүдтэй харилцаанд орохоос аргагүй болно. Энэ харилцааг л цогцоор нь эдийн засаг гэдэг.
-Хойд хөрш манай улсыг эрчим хүч, шатахууны хэрэглээгээр хараат байлгах сонирхлын үүднээс Эгийн станц, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад таагүй хандаад байна уу гэсэн хар бий. Энэ утгаар нь тусгаар тогтнол гэдэг үг хэрэглэсэн юм. Танд тэгж харагдахгүй байна уу?
-Тэгж харагдахгүй байна. Эдийн засгийн аюулгүй байдал гэвэл ойлгож болж байна.
-Эрчим хүчний хэрэглээн дээр биеэ даасан зүйл алга гэдгийг аюулгүй байдал гэж тодотгож болох л юм?
-Эдийн засаг хүссэн, хүсээгүй даяарчлал буюу дэлхий нийтийг хамарсан үйл явдал болчихоод байна л даа. Таны асуугаад байгаа эрчим хүчний хувьд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал.
-Улс төрийнх гэдэг нь ойлгомжтой л доо. Гэхдээ бид төсвөөсөө өчнөөн мөнгө гаргаж хойд хөршөөс цахилгаан худалдаж авдаг, тэд бидэнд жил бүр үнээ нэмж ахиухан эрчим хүч зарахыг хичээдэг гээд ярихаар яалт ч үгүй эдийн засагт хамаарах биш үү?
-Шалтгаан нь улс төрийнх. Үр дагавар нь эдийн засагтаа очоод байгаа юм.
-Тэгэхээр эдийн засгийн гэдэг талаас нь харахад болохгүй зүйлгүй гэж бодож байна...?
-Болно л доо.
-Эрчим хүчний салбарт бие дааж бусдаас гуйхгүй болгоод явах боломж бидэнд бий юу?
-Та бид хоёр биенээсээ хамааралгүй байхын тулд сонголттой байх ёстой. Сонголт хэзээд байдаг. -Сонголт нь байхгүй бол, биднээс хамаарахгүй тохиолдолд яах вэ?
-Сонголтыг бид өөрсдөө бий болгох ёстой. Бидэнд юу ч дутагдаагүй. Цахилгаан станц барьж, шатахууны оронд өөр эх үүсвэр хайж болно. Цахилгаан станц барья гэвэл түүхий эд нь байна. Өөр юу хэрэгтэй гэж. Эрчим хүчний салбарыг бие даалгах боломж бүрэн бий. Дотоодоо эрчим хүчээр хангаад, дээр нь гадаад руу эрчим хүч экспортлох маш том боломж байгаа. Орос, Америкийн аль нь ч биш, бид өөрсдөдөө саад тээг болоод байгаа юм. Эрчим хүч үйлдвэрлэхэд түүхий эд, технологи, мөнгө, хүн дөрөв л хэрэгтэй. Дөрвүүлээ бидэнд байна. Технологио ямар ч асуудалгүй оруулаад ирнэ. Хөрөнгө оруулалтаа татчихна. Танаас нэг асуулт асууя. Яагаад хийхгүй байна вэ?
-Улс төр рүү эргэж орохоос аргагүй, улс төрөөс болоод хийхгүй байна гэж үү?
-Яг үнэн. Улстөрчидтэй л холбоотой. Өвөг дээдсээс үлдээсэн баялаг нь байна. Хоорондоо ойлголцоод, бие биедээ тээг болохгүй, зөв санаа санаачилгыг нь дэмжээд явахад төвөггүй өөдөлнө. Ойр зуурын яль шальгүй сонирхлоор асуудалд хандаж, бие биедээ төвөг уддаг улстөрчдөөс салах хэрэгтэй. Байгалийн баялаггүй, эрчим хүчний түүхий эдийн нөөцгүй улс орнууд эдийн засгаа хөгжүүлээд урагшилж л байна. Наад захын жишээ гэхэд Япон, Өмнөд Солонгос байна. Бидэнд маш олон сонголттой байх боломж бий. Боломжууд байна гэдэг чөлөөтэй байгаагийн л шинж. Аль нэг улс орноос хараат бус байх бүрэн боломжтой.
-Популизм улс төрөөс тийм амар салахгүй байх. Парламентыг дээд доод танхимтай болговол байдал өөрчлөгдөнө гэх мэт хувилбарууд дуулддаг. Ер нь яавал улстөрчид эдийн засаг, бизнесийг мэдэрсэн шийдвэр гаргаж сурах бол?
-Сонгогчдын хандлага өөрчлөгдөөгүй үед УИХ хэдэн танхимтай болоод ч байдал өөрчлөгдөхгүй. Төрийн гаргасан шийдвэр эцсийн гаргалгаа гэж боддог хэвээрээ байна. Москвад гаргасан шийдвэрийг л хэрэгжүүлэх ёстой гэж боддог хандлагаа өөрчилж чадахгүй байна. Хойно тийм шийдвэр гаргасан бол хэрэгжүүлэх л ёстой гэж ханддаг улс болоод хувирчихсан тал бий. Энэ сэтгэхүй, хандлага, байдлаасаа салах хэрэгтэй. Өөрсдөө зориг гаргаад өөр жимээр алхвал залуус дагаад алхана. Хатуухан хэлэхэд найдвар залууст л байна.
-Нийтлэлч Баабарын хэлдэг шиг социалист нийгэмд өссөн хүмүүс үхэж байж л шинэ замаар алхах боломж гарч ирэх нь ээ дээ?
-Хатуу ч гэсэн үнэн үг гэж боддог. Гэхдээ олны хандлага бага ч гэсэн өөрчлөгдсөнийг үгүйсгэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт зайл, хувийн хэвшлийн компаниудын луйварчид сөнөтүгэй гэж хашгирдгууд нь цөөрсөн. Оюу толгойг улайран эсэргүүцэгчид бүр алга болчихлоо.
-Хөгжихийн тулд эхлээд мөнгө олох салбараа урагшлуулаад олсон мөнгөөрөө бусад салбараа тэтгэх ёстой гэсэн хандлага бий. Тэр салбар нь уул уурхай мөн үү?
-Мөнгө оргүй хоосноос бий болохгүй. Мөнгө, орлого бий болгодог салбараа хөгжүүлээд, дөрөөлж хөгжихөөс өөр аргагүй. Хятад гэхэд л газар тариалангийн салбартаа дөрөөлж хөгжсөн улс. Тариачдаа чөлөөлсөн. Тэгэнгүүт хуримтлал үүсч эхэлж байгаа юм. Тариачид буудайгаа хураагаад бүгдийг нь улсад өгдөг байсныг болиулсан хүн нь Дэн Сяо Пин. “Ургуулсан буудайныхаа 70 хувийг өөрөө ав, 30-ыг нь төр авдгаараа авна шүү” гэсэн. Хуримтлал үүсгэсний гол нууц нь ердөө энэ. Ингэж л бусад салбараа өөд нь татаж эдийн засгаа хөгжүүлсэн. Бидний мөнгө олох салбар бол уул уурхай. Гэхдээ эхлээд бөндгөрөөсөө, хандлагаасаа эхлэх учиртай. Юуны өмнө бүгдээрээ нэг зорилготой байх ёстой. Нэг зорилготой болоогүй үед хэзээд бие биедээ дайсагнана. Ер нь бол онол л доо. Хүмүүс хоёр тохиолдолд л хамтардаг. Нэг зорилготой үед хамтарна, эсвэл аюулын өмнө хамтардаг. Хүсэл мөрөөдлөө зорилго гэж бодоод яваа нь л бидний алдаа. Зорилго бол өөр. Хөгжил нь өндөр түвшинд хүрсэн бусад улсын хувьд хүрэхээр төлөвлөсөн зүйлийг зорилго гэж томьёолдог. Бүгд нэг зорилготой байх учиртай, тэгэхгүй бол систем задарч унах эрсдэл бий.
Үргэлжлэлийг эндээс уншина уу