Булган хангайн хүчит заан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 11

Булган аймгийн Могод сумын уугуул Монголын Улсын заан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэнгийнд өнжлөө. Эл эрхэм эдүгээгээс дөчин таван жилийн өмнө буюу нэгэн мянга есөн зуун далан нэгэн онд ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойгоор заан цол хүртсэн юм. Хүчит арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир, уран барилдаант аварга Чойжилын Бээжин нарыг дараалуулан орхиж зааны босго алхсан тэрээр самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, улсын шигшээ багийн тамирчин явсан түүхтэй.

Лхагваа заан руу утсаар холбогдон өнжих тухайгаа дуулгахад, цаана нь бөөн дуу чимээ нажигнаж байв. “Буянт-Ухаа”-гийн спорт цогцолборт олон улсын жүдо бөхийн “Чингэс хаан” гран при тэмцээнийг үзэж яваа аж. Амралтын өдрөөр гэрт нь тавиад буулаа. “Зуслан дээр байж байтал гэрт зочин ирэхээр боллоо гэж манай хүн дуудуулаад. Бид гурав ч ум хумгүй орж ирээд байна” хэмээн гэрийн эзэгтэй өгүүлэн, хоёр зээтэйгээ шуугилдан угтлаа. Гэрийн эзэн буйдан дээр цээж нүцгэн тэрийгээд хэвтчихсэн, амар амгалан гэж жигтэйхэн. “Өвөөгийнхөө цамцыг аваад ир” гээд зээ хүүдээ хэлээд, хөгшнөөсөө хөөрөг даалингаа сураглав.

“Энэбиш, Хишигдаваа бид гурав Баавайн гол, Хулжийн голд өссөн нэг довны хүүхдүүд юм” гэж заан аядуухан хэлснээ сурагчийн дэвтрийн шугамдсан хуудсан дээр хэд хэдэн зүйл тэмдэглэчихэж, түүнээ үзүүлэв. Өвөр бэлд нь өсч торнисон Баян уулынхаа тухай бичсэн нь энэ ажээ. Наадмын дараахан “Сайхан Хулжийн гол” дууны клипийг Могод суманд хийх гэнэ. Тэр үеэр Лхагваа заан нутгийн зон олон, ах дүүс амраг садантайгаа Баян уулаа тахихаар төлөвлөж байгаа бололтой. “Нэг довны гурав” гэдэг нь Их хурлын дарга асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Лхамсүрэнгийн Энэбиш, “Хүч тамирын гайхамшиг” циркийн үзүүлбэрийг Дарийн Дамдин багшаасаа өвлөн авч, нуруун дээрээ найман зуун тавин килограмм ачаа үүрэн хүн төрөлхтнийг гайхашруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин Гончигийн Хишигдаваа хоёрыгоо хэлж байна.

Долоохон хоногийн дараа монгол төрийн наадам эхлэх гэж буй цаг мөчид хүчит заантай уулзсаных, наадмын тухай яриа хөөрөө дэлгэх нь дамжиггүй. “Улсын наадамд хэдэн онд анх зодоглосон билээ” гээд асуучихлаа. “Жаран зургаан оны их үерийн жил юм” хэмээн яриа эхэлж байна. Хагас зуун жилийн тэртээ төрийн наадамд анх зодоглохдоо Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат улсын арслан Гялдангийн Цоодолоор хоёр давчихаж. Төрийн наадамд Шаравын Батсуурь аваргатай хоёр жил дараалан түрүү үзүүр булаацалдаж байсан арсланг нь өвдөглүүлнэ гэдэг цэргийн хүүд том амжилт байх нь мэдээж. “Тэгтэл намайг гурвын даваанд барилдуулаагүй юм даа” гэж заан одоо хэр нь гомдолтой байдаг аж. “Үер бууж аюул болж байхад цэргийн хүүхэд барилдана гэж юу байхав. Бушуухан яв, Их тэнгэрт очиж харуул хий” гээд дарга даамлууд нь хөөгөөд явуулчихсан байна. “Улсын наадамд хоёр давчихсан хэрнээ барилдах эрхээ хасуулаад харуулд зогсож байхдаа цэргийн хүн л болохгүй юм шүү. Мөрдэстэй хүн гэдэг хэрэггүй байдаг юм байна гэх бодол төрж билээ. Ингээд цэргээс халагдахад намайг үлдээч гэсэн санал ирж байсан. Би огт зөвшөөрөлгүй нутаг явчихсан даа” хэмээн хүд хүд инээж байна.

Бөхийн зам мөр хөөхөд нь түшиг тулгуур болж дэмжсэн хүн нь олон түмнээ “тэмээ өргөдөг” гэж алдаршсан Бямбын Жамъяндорж арслан ажээ. Жараад оны сүүлээр Булган аймгийнхаа наадамд босоо явсан арсланг цэргээс халагдаж очсон залуу нэгэн барилдаанд өвдөг шороодуулчихсан байна. Тухайн барилдааны дараа Жамъяндорж гуай Лхагвасүрэнг хүнээр дуудуулжээ. “Өндөр цолтой бөхийг хаялаа гэж аашилдаг болов уу” хэмээн айж эмээсээр очтол “Чи хө, алсдаа юм дуулгах нөхөр шиг байна. Хоёулаа Хөвсгөл явж барилдана. Намайг уриад байгаа юм. Хань олдохгүй яадаг юм гэлээ гээд аргаа барж байтал, ашгүй чи гараад ирлээ” гэж урам зориг өгөн Хөвсгөл нутаг руу дагуулж явсан гэдэг.

“Тэмээ өргөдөг” арслан зам зуурт “Гурван удаагийн барилдаан хийнэ байх. Эхлээд би түрүүлнэ. Дараа нь чи түрүүлнэ, сүүлд нутгийн бөхийг түрүүлүүлнэ. Дийлмээргүй хүн байвал ахдаа дуулгачихаарай. Би аваад шидчихнэ” гэж өнөө л бүдүүн хадуун зангаараа сал пал ярьж явжээ. Лхагваа зааныг Жамъяндорж арслангийн тухай тийн дурсаж суухуйд олны дунд яригддаг хошин яриа нь санаанд буулаа. Жамъяндорж гуай жараад оны дундуур улсын наадамд барилдаж нутагтаа оччихоод найз нөхдөдөө “Хотод очиж голын цэнгэлдэхэд барилдах сайхан шүү. Өөрийн эрхгүй бяр ороод л ирж байгаа юм чинь. Дараа нь Туулын хөвөөнд суугаад хотын бөхчүүдтэй паав уух бас сайхан” гээд олны инээдийг хүргэдэг байж.

Монголын брэнд Могодын айргийг залгилсан шигээ уяа морьдын зурагтай ханан дахь хивсний өмнөх буйдан дээр зэрэгцэж суугаад бөхийн тухай хуучилж буй минь энэ. “Далан оны дүн өвлөөр Мөөеө аварга, Цэрэн аварга, Галдандагва, Юүвээ начин гээд бөхчүүдтэй Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь гээд олон аймгаар явж барилдаан хийсэн. Гэмпил жолоочийн цоо шинэ “тавин гурав”-тай гарч өгсөн юм. Хоёр аварга кабинд суугаад, бусад нь ачаан дээр бор эсгий дэвсээд үстэй дээл нөмрөөд хэвтчихнэ. Мөөеө аварга тэгэхэд ёстой ид байсан даа. Хөмсгөө атируулсан, булцгар цагаан жигтэйхэн амьтан байлаа. Цэрэн аварга тэр жилийн наадамд үзүүрлэж, их ойн одтой бөх гэдгээ баталж даян аварга болж байсан юм.

Халхын их хүчтэнүүдийн далбаан дор явсан тэрхүү аян зам надад өгөөжөө өгсөн. Тавин жилийн ойгоор заан цол хүртэх нөхцөл боломж тэгж л бүрдсэн. Бие хаа задарч, бэлтгэлийн формдоо орчихсон нэг л сайхан болоод ирж билээ. Сураар бол элдүүр нь ханаж байгаа нь тэр байх л даа. Эхэн үедээ Мөөеөд эргүү тэнэгээрээ дуудуулаад баахан загнуулна. Аймаг аймагт болсон барилдаануудад ихэвчлэн Мөөеө аварга түрүүлнэ. Заримдаа Цэрэн аварга түрүүлнэ. Дамдингийн Галдандагва начин ид байсан үе. Урьд жил нь Түвдэн аваргаар тав давж начин болчихсон байв. Далан оны бүх ард түмний спартакиадын тойргийн барилдаанд Галдандагва босоо түрүүлсэн. Түүнд заан цол олгох гэтэл “Улсын наадмаар заан цолоо авна. Тойргийн барилдаанаас заан болохгүй” гээд буруудсан хүн шүү дээ. Хэрвээ заан цолоо аваад барилдсан бол түрүүлэх ч юм бил үү, хэн мэдлээ. Наадмаар юун заан болох тавын даваанд Увсын Жамбалын Хайдавт унасан. Хайдав бараг л амьдралдаа хүний хөл авч үзээгүй бөх. Гэвч тэр жил Галдандагвын хөлийг аваад хаячихаж билээ. Хайдавын бэлтгэлийг Баянаа аварга долоо хоног тасралтгүй хийлгэсэн гэдэг. Гол нь Галдандагвыг унагах гээд байхгүй юу”.

Заан бид хоёрын дунд ийм л яриа хөөрөө үргэлжилсээр байгаа. Хөгшин нь хүүхдүүдтэйгээ утсаар яриад л, зуслангаас ороод ирсэн, буцаад гарна зэргээр тайлангаа тавьж байна. Ханын хүрэн шүүгээнээсээ баахан зурагт цомог гаргаад бид хоёрын орны дэргэд давхарлаад хураачихав. Нүүрэнд нь Лхагваа зааны зурагтай зузаан гэгчийн шаргал альбом дээр нь ил харагдана. Сөхөөд үзтэл домог болсон аваргуудын хөргөөс аваад жил жилийн наадмын түүхийг хадгалсан, бөхөд дуртай хэн бүхний харцыг булааж, эрхгүй сэтгэл хоргодохоор нандин эд байна шүү. Зургийн цомгийг нь шимтэнгээ заан цол хүртсэн наадмынх нь тухай асуулаа. Эрдэнэ-Очир арслан, Бээжин аварга нарыг хэрхэн сөхрүүлснийг нь сонирхлоо.

“Би чинь Түвдэн аваргынхаа (үндэсний спортын ууган гавьяат мастер, дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж) хийж өгсөн зодог шуудгийг өмсөж барилдаад улсын цол хүртсэн хүн юм” гэж ихэд бэлгэшээлтэйгээр хэллээ. “Тэр жил ээж “Улсын сайн малчдын зөвлөгөөн”-д нутгаасаа ирээд байв. Миний бие гэр бүл, хань ижил байхгүй ганц бие амьтан “Зуун айл”-д ээжийн дүү Сундуй ахынд байдаг байлаа. Ээж минь хүүгээ барилдахыг нэг харъя даа гээд төв цэнгэлдэх орсон доо” гээд дөчин таван жилийн тэртээх наадмаа дурссан билээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх