Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 18

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, аливаа гамшгийн үед улс орныг нэгдсэн удирдлагаар хангадаг, асуудлыг зохицуулдаг гол хүмүүс бол ОБЕГ-ын алба хаагчид. Гэтэл хүнд хэцүү цаг үе тулгараад байхад тус газрын зарим алба хаагчид эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж, наргиж цэнгэж явсан тохиолдол саяхан гарчээ.
Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт хүчтэй аадар бороо, мөндөр 15-30 минут үргэлжлэн орсны улмаас Өлгий сумын нэг, зургаа, ес, 11 дүгээр багийн айл өрхүүд үерт автаж, 600 гаруй иргэн орох оронгүй болжээ. Тухайн үед тус аймгийн ОБГ-ын алба хаагчид иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалж, үерийн гамшгийн үед цаг алдалгүй арга хэмжээ авч ажилласан тухай нутгийн зон олон нь хэлж байсан юм. Хэдийгээр доод тушаалын алба хаагчид үүргээ хангалттай биелүүлсэн ч зарим дарга нар нь хаана, ямар газар юу хийх гэж ирснээ умартжээ.
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын өгсөн үүргийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг тус аймагт ажилласан юм. Засгийн газар ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, тусламжийн цувааг ар араас нь хөдөлгөсөн.
Харамсалтай нь, тус аймгийн удирдлагууд болон эрх мэдэл бүхий хүмүүс гамшиг болсон даруйд нь Засгийн газарт мэдэгдээгүйгээс болж гамшиг дээд зэрэгтээ хүрсэн гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Гамшиг болсны маргааш нь буюу 11-ний өдөр тус аймгийн удирдлагууд Засгийн газраас тусламж авахыг хүссэн ч аймгийн ОБГ-ын газрын дарга, хурандаа Ц.Баттулга "Бид дотооддоо асуудлыг шийднэ" хэмээн том толгойлж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж, гамшгийн үр дагаврыг дээд зэрэгт хүргэжээ. Түүний энэхүү бодлогогүй үйлдлээс болж өлгийчүүдэд Засгийн газраас түрүүлээд Казахстаны Ерөнхийлөгч Н.А.Назарбаев туслахаа мэдэгдэж, Ерөнхий сайд Карим Масимовтоо хүмүүнлэгийн тусламжийг хүргэхийг үүрэгдсэн аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.