Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 19
・ 2
“Ярилцах цаг” булангийн зочноор “Улс төр, стратеги судлалын төв”-ийн тэргүүн, улс төр судлаач Л.Эрдэнэтуулыг урилаа.
-2016 оны УИХ-ын сонгууль дууслаа. Энэ парламентын бүтэц, хүчний харьцааг та юу гэж дүгнэж байна?
-УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Их хуралд 65 суудалтай болсноор Засгийн газраа дангаараа эмхлэн байгуулах боломжтой болж байна. Сонгуулийн энэ үр дүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн.
Нэгдүгээрт, ард түмэн АН-аас залхсан. Үүнд АН-ын олон алдаатай бодлого, албан тушаалд очсон болоод удирдлагад байсан хүмүүсийн увиагүй байдал нөлөөлсөн. АН-ыг сонгохгүй бол МАН-д саналаа өгье гэсэн сэтгэлзүйн хүчин зүйл байсан.
Хоёрдугаарт, сонгууль тулгаж Сонгуулийн хуулиа өөрчилсөн нь АН-ын хувьд “Мэхт мэхэндээ” гэгч болсон. Мажоритар тогтолцоогоор 76 жижиг тойрогт арай олон санал авсан хэн нэг нь 100 хувь ялдаг. Өмнө нь ч ийм л байсан. Энэ шинэлэг зүйл биш.
Энэ хоёр хүчин зүйлийн дүнд МАН маш том боломж олж авлаа. Энэ боломж зөвхөн Засгийн газар байгуулахдаа ч биш, УИХ-д Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний том бүлэгтэй болж олонхийг бүрдүүллээ. Мөн улс орныг хямралаас, ард түмнээ ядуурлаас аврах торгон боломж.
Зөвхөн Засгийн газар бүрдүүлж эдийн засгийн хэдэн асуудал шийдэх бус том утгаараа монгол төрийн хар хайрцагын бодлогыг барьж, бүх салбарт бодлого явуулж болж бүтэхгүй байгааг засах боломж. Чадахгүй бол яадгийг мэдэрсэн мэдрэмж. Эрх баригч нам энэ бүхнийг хэрэгжүүлнэ гэж найдаж, горьдож байна даа.
-Бусад сонголт, гурав дахь хүчний тухайд?
-Гурав дахь хүчин, тэр дотроо нөлөө бүхий МАХН-ын хувьд үнэхээр харамсалтай. Намын даргыг нь нэр дэвшүүлсэнгүй. Хэрэв тэр хүн оролцож, нэр дэвшсэн бол гараад ирэх бүрэн боломж байсан.
Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ ихээхэн итгэл хүлээж байсан ч дотоод тэмцлээсээ болж өөрсдөө унаад зогсохгүй, залуу лидер С.Ганбаатарынхаа рейтингийг шавартай хутгачихлаа. Г.Уянга шинэ нам байгуулсан нь хэтэрхий сонгууль тулгаж байгуулагдсан. Дээрээс нь бусад хүчнүүдтэй эвсэж нэгдэж, гэрээ хэлэлцээрт хүрэх чадвар муутай, хэтэрхий би гэсэн төвтэй, манай нам, Г.Уянга би л улс төрийн ертөнцийн төв юм.
Намайг дагаад хиймэл дагуул шиг эргэлдвэл эргэлд, үгүй бол үгүй л байна гэх маягаар бусад улс төрийн хүчнүүдтэй харилцах боломжоор тааруу байсан нь алдаа болсон. ИЗНН-аар бол хуучин дарга С.Оюун нь тоглочихсон. Тэр нам доторх эрүүл саруул боловсон хүчнүүдэд энэ сонгуулиар ямар ч боломж олдоогүй. Сонгуулийг товчхон дүгнэхэд ийм байна.
-Гол хөзрийг атгаж байгаа МАН хийгээд улс төр цаашид хэрхэн өрнөх бол?
-МАН амжилтандаа хэт эрдэн хөөрч, хөөсөрч, бодит хөрснөөс салж болохгүй дээ. Асар их хариуцлага ирсэн гэдгийг МАН-ын удирдлагууд телевизээр хэлж байсан. Тэгэхээр тэднийг ямар хүнд нөхцөлд ажиллах вэ гэдгээ тодорхой хэмжээнд ухамсарлаж байгаа гэж ойлгож байна.
Туршлагатай ахмадуудаа сонсох, залуусынхаа хүчийг дайчлах, эдгээрийг болоод улс орны бүхий л асуудлыг зангидаж чадах лидерийн чадвар, уужуу ухаан хэрэгтэй болов уу.
-УИХ-ын сонгууль, үндэсний их баяр наадам, АСЕМ гээд олон нийтийн анхаарлаас холдсон сэдэв бол Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдоод найман сар болж буй Б.Булганы асуудал байна. С.Зориг агсны тухай үг хэлдэг, ярьдаг цөөхөн хүний нэгийн хувьд та асууж сураглав уу. Ямар нэг мэдээлэл байна уу?
-Сонгуулийн буюу зургадугаар сарын 29-ний шөнө би санал хураалтын дүнг бусдын адил телевизээр үзэж суугаад МАН үнэмлэхүй ялалт байгуулж байгааг хараад МАН-ын штабт ажиллаж байсан найз, нөхөд рүүгээ утас цохиж үнэмлэхүй ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн.
Нөгөөтэйгүүр, ашгүй дээ Б.Булганыгаа гаргаж авах нь гэж бодсон. Яагаад гэвэл, Б.Булган АН удирдлагад байгаа зарим хүний улстөрийн бохир тоглоомын золиос болсон гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл илрүүлсэн алуурчин хаана байна. Б.Булган түүнд нь холбоотой гэсэн нотолгоо, баталгаа нь хаана байна.
Сонгууль өнгөрчихлөө, аль хэдийнэ Ерөнхий сайд нь солигдчихлоо. Цагдаа, тагнуулынхан ч гэсэн тэнэг биш. Удирдлагууд нь өнөө маргаашгүй солигдоно, бусад хүмүүс ч ажил дээрээ үлдэх, эсэх нь тодорхойгүй. Улстөрчдийн захиалгаар ажилладаг үй олон хүн хүчний байгууллагад байгаа. Тэднийг цэвэрлэх хэрэгтэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.