Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай ярилцлаа. Тэрээр “Бөхбилэгт” дэвжээ, Эрдэнэтийн “Хангарьд” клуб, “Ажнай” кропорацийн бөх юм.
-Юуны өмнө Монгол Улсын аварга цол хүртсэнд баяр хүргэе. Наадамчин олноо баясгаж, аатай одтой, эрэмгий барилдлаа. Сүүлийн арваад жилийн наадамд өөрийг тань түрүүлнэ хэмээн бөхөд хайртай монгол түмэн хүлээсэн. Энэ жил тэрхүү хүлээлт биелж, хүн бүхний баяр бахдал төрлөө, сайхан байна?
-Монголчуудын төрт ёсны их баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Олон тэгш ой давхацсан үндэсний их баярт 1024 бөх зодоглож, ид хаваа гайхуулан хүчийг сорилоо. Мянган хүчтэний манлай болж, монгол үндэсний бөхийн эрхэм дээд цол, улсын аварга цолонд хүрсэндээ баяртай байна. Төрийн наадамд арав давж түрүүлнэ гэдэг их том хүндэтгэл байдаг юм байна шүү. Миний бие аварга цолонд хүрэхсэн, төрийн наадмын түрүү бөх болохсон гэж хүсч мөрөөдөж, тэрхүү зорилгынхоо төлөө бэлтгэл сургуулилтаас аваад хамаг л бүхнээ дайчлан зориулж ирсэн. Хүнд чинь хүсэл биелэх өдөр гэж ирдэг юм байна. Надаас дутуугүй баярлаж байгаа ард түмэндээ, төрүүлж өсгөсөн ижий аав, хань ижил, гэр бүл, ойр дотнынхоо бүх хүнд баярлаж байна. Унах, давах бүрийд минь үргэлж хамт байж ирсэн Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний хүчит бөхчүүддээ, намайг бөхийн зам мөрд хөтөлсөн ачит багш, эрхэм сайхан ах нартаа, төрийн наадмын түрүү бөх болтол минь зааж сургаж, дасгалжуулж ирсэн Зэвэгийн Дүвчин багшдаа их баярлаж байна.
2002 онд Өсөхөө аваргыг ес давж түрүүлэхэд цэнгэлдэх дүүрэн цугласан олон шагшин баярлаж байсныг санаж байна. Наадмын дараа уулзсан бүхэн Өсөхөө аваргад “баярласан шүү” гэж хэлж байсан гэдэг. Энэ удаа ард түмнээ хөөрч баярлаж байгааг харах бахтай байсан. Ард түмний итгэл, хайр хүндэтгэлийг алдалгүй төрийн наадамдаа олон жил сайхан барилдахыг хичээн зүтгэх болно. Энэ их итгэл, сэтгэлийг уран дайчин барилдаан, бөхийн жудаг ёс, хичээл зүтгэлээр хариулахаас өөр том хүндэтгэл юу байх билээ. Монгол Улсын аварга хэмээх алдар цолонд эзэн байхыг хичээх болно.
-Монгол бөхийн дэвжээн дээр бүтэн арван жилийн хугацаанд зогсож байж оргил цолонд хүрлээ. 2006 онд анх улсын наадамд зодоглосон санагдана?
-Тийм ээ, бүтэн арван жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг өнөөдөр ард түмнийхээ хамт хүртэж байна. 2006 оны улсын наадамд анх зодоглосон. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор 1024 бөх барилдаж билээ. Тэрхүү наадамд мянган бөхийн тоосонд орж барилдаад нэг давж хоёрын даваанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат улсын начин Базарбидэрнаагийн Бадам-Очирт өвдөг шороодсон. Нэг сонин түүх хэлэхэд, Жигжидийн Мөнхбат аварга зүүний магнайд гарч гурвын даваанд цолоо дуудуулаад миний тахимаа өгсөн Бадам-Очир начинг амлаж өвдөг шороодож байсан. Үндсэндээ тэр жил Мөөеө аварга зодгоо тайлж байсан. Бадам-Очир начин бол Мөөеө аваргын удмын бөх. Миний бие 2002 онд Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан. 2006 онд Дорноговь аймгийн наадамд Ховдын И.Мөнхбаатар начингаар тав давж аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр жилээ аймгийн начин цолтой улсын наадамд зодоглож байсан. 2007 онд Зэвэгийн Дүвчин багшаараа гурав даваад дөрвийн даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон. Улсын наадамд 11 удаа түрүүлсэн цагийг эзэлсэн их аваргад тахим өгсөндөө бэлгэшээдэг. Тухайн үедээ аваргыг хаяж чадсангүй дээ гэж сэтгэл гонсойж л байлаа. Одоо эргээд бодоход бэлгэшээлтэй санагддаг юм.
-“Цэргийн арслан Санжаадамба” гэж зарлуулаад бөхийн өргөөнд болсон барилдаануудад түрүүлээд л, Монгол туургатны ой, цагаан сарын гээд томоохон барилдаан манлайлаад, шуугиулаад л байсан. Гэвч наадмаар гурав даваад л унана. Ямар сайндаа Баянаа аварга “Энэ хүүг тав давуулчих юмсан. Тэгвэл ч дийлдэхгүй дээ” гэж байсан?
-2008, 2010 оны наадмуудад гурав даваад унасан. Б.Ганбат арсланд хавируулаад унаж байлаа. Дараа нь нутгийн ах Д.Хишигдорж заанаар гурав даваад Д.Лхагвадорж начинд тахимаа өгч байлаа. 2009 онд бүр хоёрын даваанд аймгийн цолтой (аймгийн арслан Б.Суманчулуун) бөхөд унаж байлаа. Нэг л болж өгөхгүй байсан. Харин 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Чимэдийн Гочоосүрэн заанаар гурав, Ж.Амартүвшин харцагаар дөрөв, Ө.Бат-Орших харцагаар тав, Б.Сангисүрэн начнаар тунаж зургаа, Ц.Содномдорж харцагаар тунаж долоо давж шууд заан болсон. Содномдорж харцага бид хоёр шууд шоо хаяад барьц сонгосон юм. Ингээд миний талаар бууж би барьцаа аваад барилдсан. Үндэсний бөхийн дүрмийн дагуу барилдаан болсон. Хүмүүс тэр барилдааныг маргаантай болсон гэж боддог байж мэднэ. Яг л дүрмийнхээ дагуу барилдаан болсон.
Ингэж л начин, харцага цолыг алгасан заан цолонд хүрч байлаа. Заан болсны дараа жилийн наадамд Сүхбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар дөрөв давж тавын даваанд Пүрэвжав харцагад хоёр хөлдөө давхар гүйлгээд унаж байсан. 2010 оны төмөр бар жилийн сар шинийн барилдаанд одоогийн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай үлдэж түрүүлж байлаа. Гурвын даваанд одоогийн арслан П.Бүрэнтөгстэй, дөрөвт Ө.Бат-Орших харцагатай гээд шилдэг бөхчүүдтэй тунаж хүч үзэж байлаа. Тэрхүү цагаан сарын барилдааны өмнөх өдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд А.Бямбажавтай үлдэж мөн л түрүүлж байсан. Гэвч жилийн наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Лхагвадорж начинд өвдөг шороодож шуугиан тарьсан даа (инээв).
-2013 оны наадамд тав давж шөвгөрөөд Б.Батмөнх заанд хавируулаад унасан. Бас л түрүүлнэ гэгдэж байсан наадам шүү дээ?
-Болдоггүй юм гэдэг болдоггүй л юм билээ. Аливаа юм цагаа хүлээдэг гэдэг. Би олон түүхт ой давхацсан 1024 бөхийн барилдааныг 10 давж манлайлах хувьтай байжээ. 2013 онд Сэлэнгийн өндөр Баянмөнх начнаар тав давж Төв аймгийн Б.Батмөнх зааныг зургаагийн даваанд амлаж аваад хавирах мэхэнд нь өвдөг шороодсон. Дараа жилийнх нь наадмуудад тус бүр долоо давж шөвгөрөөд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын арслангуудад тахим өгсөн. Эдгээр бөхчүүдтэй чухам ямар барилдаан болсныг наадамчин олон, бөхөө дээдэлдэг түмэн сайн мэдэж байгаа. 2014 онд Найдангийн Түвшинбаяр харцагаар тав, Завханы Бадамсүрэн начнаар зургаа, Б.Гончигдамба гарьдаар тунаж долоо давж Н.Батсуурь арслантай тунасан. Харин өнгөрөгч жил Ховд аймгийн арслан Б.Тайвангаар тав, Увс аймгийн харьяат шинэ начин Д.Энхбаяраар зургаа, шинээр харцага цолны болзол хангаад байсан Сэлэнгийн Б.Одгэрэлээр долоо давж их шөвгийн дөрөвт П.Бүрэнтөгс арсланд амлуулж барилдсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу