Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 05
・ 1
Түрүүч нь http://www.polit.mn/content/83134.htm
Зөвхөн энэ оны эхний зургаан сарын байдлаар хар тамхитай холбоотой 43 гэмт хэрэгт 130 хүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгасан нь 2015 оны хагас жилийн үзүүлэлттэй харьцуулахад 75 хувиар өсч хууль хяналтынхныг гайхашруулж байна. Бид өмнөх дугаартаа хар тамхи урагт хэрхэн нөлөөлдөг тухай зураг, хар тамхины хууль бус наймаа хэрхэн, яаж үнэлэгдэж цэцэглэж байгаа тухай мэдээллийг дурдсан. Ёсзүйн хувьд зохимжгүй байсан бол уншигч танаас хүлцэл өчье. Гэхдээ цагаан тахлын бодит нөхцөл байдал Монголд ийм хэмжээнд тулж ирснийг бид зөөлрүүлж, өнгөц илээд өнгөрч болохгүй. Шийдвэр гаргагчид бодит байдлыг мэдээгүй, хараагүй учраас өнөөг хүртэл манайд хар тамхитай тууштай тэмцэж чадахгүй байгаа юм. Гэрлийн хурдаар өсч буй энэ гэмт хэргийн холбогдогчид хар тамхийг хадгалсан, бусдад дамжуулсан, худалдаж борлуулсан гээд гурван зүйл ангиар л буруутгагддаг.

Харин тэдний ард хэчнээн хэрэглэгч байдаг, өсөлт бууралт ямар байгаа эсэхэд хяналт тавьдаг төрийн ажиллагаа Монголд байхгүй.
Өргөн хүрээг хамруулсан хамгийн сүүлийн судалгааг 2011 онд Хуульзүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад улсын хэмжээнд найман аймаг, зургаан дүүргийн 3018 сурагчийн дунд хийж байжээ. Уг судалгаанд хамрагдсан сурагчдын 12.1 хувь нь ойр орчимдоо хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчидтэй ба 3.3 хувь нь өөрсдөө хэрэглэдэг гэсэн байна. Энэ судалгааны дүнг Монгол Улсын 2754685 /2011 оны байдлаар/ хүн амтай харьцуулж үзвэл 90362 хүн хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй гэсэн тооцооллыг албаны хүмүүс гаргажээ. Бүр таван жилийн өмнө ийм олон тооны хүн цагаан тахалд өртсөн байх магадлалтай байж шүү дээ. Энэ бол яах аргагүй аюулын харанга дэлдэж буйн нотолгоо. Тэгвэл одоо энэ тоо хэр “үржсэнийг” тодруулахаар улсын хэмжээнд хар тамхитай тэмцэх бодлогыг зангидах ёстой Хуульзүйн яамны холбогдох мэргэжилтэнтэй уулзахад “Энэ талаар судалгаа, мэдээлэл байхгүй. Ер нь ийм бүртгэл, судалгааг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Цаашид хийнэ” гэсэн хариултыг өгсөн юм.
Бид ийм “агуу” төлөвлөгөөтэй суух зуур өнөөх 90362 хэрэглэгч таван жилийн дотор хэр өссөнийг нийслэлийн баар, цэнгээний газруудаас өлхөн харна. Төвийн дүүргүүдийн шөнийн клубууд бол мансуурлын “хар зах” болсныг цагдаа, төрийн бус байгууллага, хэрэглэгчид өөрсдөө ч батлан ярьсан билээ. Нийслэлийн хэмжээнд 2014 оны байдлаар шөнийн цэнгээний 270 газар, 380 караоке үйл ажиллагаа явуулж байв. Тэдгээрт залуучууд, голдуу охид, эмэгтэйчүүд мансуурдаг байна. Тэдний гол хэрэглээ “ice” буюу “мөс” гэх бодис болсныг бид өмнөх дугаартаа онцолсон. Энэхүү цагаан тахлын хэрэглээ сургуулийн насны хүүхдүүдийн дунд огцом өсч, баян чинээлэг айлын хүүхдүүд голдуу хэрэглэдэг байсан бол нийгмийн давхарга харгалзахгүйгээр холбогддог болсныг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс гаргасан судалгаанд онцолжээ. Тус судалгаанд “...2013, 2014 онд хар тамхи, мансууруулах бодисыг ихэвчлэн сургалтын төлбөр өндөр, улсын тэргүүний гэх тодотголтой сургуулийн сурагчид хэрэглэдэг байсан бол 2015 оны судалгаагаар нийгмийн давхарга харгалзахгүйгээр уг гэмт хэрэгт холбогддог болсон” гэсэн байна.
“Мөс” гэх энэ бодис залуучуудын дунд яагаад ийм өргөн хүрээтэй хэрэглэгддэг болсныг судалж үзвэл донтуулах төвшин хамгийн өндөр, нэгэнт орсон бол гарах боломжгүй, үнэ өртгийн хувьд өндөр учраас хамгийн ашигтай наймаа, том бизнес гэлцэж байна. Элэг нэгтнүүдээ мөхөл рүү түлхсэн сувьдаг шунахай сэтгэлтнүүд бүлэг болон нэгдэж хар тамхины хар захыг “ажиллуулдаг” ажээ. БНХАУ-аас оруулж ирж, түүнийгээ худалдан борлуулдаг тэд жирийн ажилтан, эсвэл өнөө маргаашийнхаа хоол, унааны мөнгөний хэрэгцээг хангах гэсэн ажилгүй нэгэн биш. Эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай эрхмүүд энэ бизнесийг удирдаж, ашиг хүртдэг гэж байна. “Мөсийг БНХАУ-аас оруулж ирдэг. Томоохон эрх мэдэлтэй, албаны, дипломат паспорттой хүмүүс оруулж ирж бусдад худалдаалдаг” гэж хэрэглэгч байсан охин ярьсан бол “Хар тамхины хууль бус наймааны ард үнэхээр том бизнес явж байна. Тэд эрх мэдэл, хөрөнгөтэй учраас илрэхгүй, таслан зогсоохгүй байна. Уг нь тэдгээр худалдаалдаг хүмүүсийг барьчихвал хэрэглээ хумигдана” хэмээн Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Нямбаяр ярьсан юм. Үүнийг батлах тохиолдол олон нийтэд ил болж байсан билээ. Дипломат ажилтан хар тамхи зөөсөн хэргээр саатуулагдаж байсан бол хууль хяналтынхан ч өөрсдөө энэ хэрэгт сүлбээтэйг харуулсан жишээ прокурор Х.Тамирын хэрэг юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.