“Найман шарга” дээр америк долларыг 2075 төгрөгөөр авч, 2082 төгрөгөөр зарж байна. Төв банкны ерөнхийлөгч орой үдшээр сандран байж тамгаа хүлээж авснаас хойш ноён ногооны ханш аажимдаа нэмэгдсэн үү гэхээс унаагүй. Сонгууль хүртэл 2000 хавьцаа тогтворжиж байсан доллар өссөөр буйг монголчууд энэ өдрүүдэд нүдээрээ харж, биеэрээ мэдэрч сууна. Ам.долларын ханш ирэх өдрүүдэд ч өгссөн зурагтай үргэлжилнэ гэдэгт эргэлзэх юм алга. Н.Баяртсайханы хувьд Н.Золжаргал шиг Монголбанкинд олон жил ажилласан, дэд ерөнхийлөгчийнх нь албанаас шууд томилогдсон хашир бурхи биш. Төв банкинд шинэ хүн учраас тэр ажилтайгаа танилцаж суугаа. Шинэ ерөнхийлөгч одоохондоо ам.долларын ханшийг хазаарлах дээр ямар нэг алхам, шийдвэр гаргаагүй учраас ингэж дүгнэж байна л даа. Хатуухан хэлэхэд Төв банкны ерөнхийлөгч хэт сулбагар байна. Өмнөх удирдлагын хүчтэй байр суурь, шийдмэг зоримог алхмууд ингэж хатуу дүгнэх шалтгаан болсон байж мэдэх юм.
Долларын ханш цаашдаа ч өснө гэж итгэлтэй дуугарах шалтгаан бэлхнээ нүдэн дээр хөвөрч байна. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн анхны даалгавар нь эдийн засаг гадарладаг хүнд бол Итгэлт баяны хэлдгээр ёстой нөгөө “ичмээр дамшиг”. “Тэтгэврийн зээл авагсдын зээлийн хүүг бууруул” гэсэн лүндэн гүйцэтгэх засаглалын тэргүүний амнаас унахыг энэ чихээрээ сонслоо. Гайхалтай шүү, зээлийн хүү буурахаар хадгаламжийн хүү буурна, хадгаламжийн хүү буурахаар төгрөгөөр мөнгөө хадгалуулсан нөхөд хадгаламжаа татна, мөнгөө авсан хүн яахав арай найдвартай юм гээд доллар болгоно, үр дүнд нь төгрөг шалан дээр навс унана гэдгийг эрхэм Ерөнхий сайд уг нь мэдэхийн цаагуур мэдэх учиртай. Хадгаламжаа татсан зарим нь сая хэлсэнчлэн долларын хадгаламж болгоно. Дажгүй мөнгөтэй нь бол таатай орчин хайж оффшор энэ тэр гээд явахаас яах билээ, буруутгах шалтгаан лав тэр үед гарахгүй.
Н.Золжаргалд нэг онцлог бий. Тэр мөнгөний бодлогыг өчнөөн жилээр харчихсан учраас, санхүүгийн хувьд биеэ бүрэн даачихсан болохоор Засгийн үгийг дөлгөөхөн гэгч нь сонсч суугаад өрөөндөө ороод хэрэгжүүлчихдэг Төв банкны тэргүүн байгаагүй. Монголбанкны өнгөрсөн жилүүдийн түүхийг сөхөхөөр харж мэдэрсэн хэрнээ “no” гэж зоригтой дуугарч чадахгүй, өөрт нь албан тушаал өгсөн намынхаа заавар журмаар хөдөлдөг мөнгөний бодлого тодорхойлогчид олон байсан. Лав л түүнээс өмнөх мөнгөний бодлого тодорхойлогчид яг ингэж хөдөлж байсан шиг санагддаг. Харин тэр огт өөр уур амьсгалыг нийгэмд авчирсан. Засагт нөлөөлж чадсан Монголбанкны ганц ерөнхийлөгч гэвэл ажлаа өгөөд удаагүй байгаа Н.Золжаргал. Золоогийн үгийг Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр сонссон. Харин Баяртсайханы үгийг Ерөнхий сайд Эрдэнэбат сонсох болов уу? Эсрэгээрээ төв банкны ерөнхийлөгч Засгийн газраа сонсч таарна. Н.Баяртсайханыг сайн улстөрч, сайн санхүүч, сайн эдийн засагч гэдгийг нь үгүйсгэхгүй. Гэхдээ өмнөх ерөнхийлөгч шиг засгийн эсрэг дуугарч, холыг харсан хүчтэй лобби хийнэ гэдэг юу л бол. МАН нэг дуутай. Дээрээс хэлсэн л бол Богдын лүндэн лугаа дагадаг онцлогтой нам. Дээр нь манай төв банкны ерөнхийлөгч олны шүүмжилж байгаачлан “коммунист эдийн засагч”. Хуучин нийгмийн үед ахисан шат, хашиж байсан албан тушаал нь ийм сэтгэгдэл, дүгнэлт төрүүлдэг
Үргэлжлэлийг эндээс уншина уу