Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 08
Нийтлэлийн эхний хэсгүүдийг унших бол энд дарж уншина уу
Энэ мөнгө маш олон ажилд зарцуулагддаг учир яг хар тамхитай тэмцэх чиглэлд 10 сая орчим төгрөг л хуваарилагддаг. 2015 онд Үндэсний хөтөлбөр боловсруулсан. Хар тамхитай тэмцэх хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна. Манайд тусгайлсан хууль байдаггүй учраас хууль эрхзүйн орчин дутмаг байдаг.
Хөрөнгө, техник, технологи хангалттай байж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадна. Бид хэдийгээр энэ талаар санал гаргадаг ч Сангийн яамнаас санхүүжилт олгодоггүй. Гэхдээ ирэх жил гэхэд нэлээд дорвитой ажил зохион байгуулсан байна” гэлээ.
Нэг ёсондоо бүтэн жилд 10 сая төгрөгийн төсөвтэй баг нэг хоногт 10 сая /үүнээс ч их байж мэдэх/ төгрөгийн хар тамхи хууль бусаар худалдаалагддаг “хар зах”-ын хаалгыг барих нь манай улсын хар тамхитай тэмцэх бодлого ажээ. Бүхэл бүтэн яамны хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, “бодлого” гэхэд дэндүү жул байна.
Хууль бус наймаа, хэрэглээний зах зээлийн эх үүсвэр хилийн чанадад байгаа учир гаалийн байгууллагын үйл ажиллагаа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал. Жил ирэх тусам хилээр зорчигчдын тоо нэмэгдэж байгаа учир гаалийнхан улсын байцаагчдынхаа орон тоонд тохируулж эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийдэг гэж байна. Өөрөөр хэлбэл, хилээр нэвтэрч буй ачаа бараа, хүн бүрийг нэг бүрчлэн шалгах боломжгүй.
Тухайн зорчигчийн аяллын давтамж, хар тамхи “дэгдэмтгий” бүсэд аялсан, тэр бүсээс олон удаагийн давтамтай зорчсөн эсэх, хэрэг зөрчилд холбогдож байснаас нь хамаарч нарийн шалгалтыг хийдэг тухай Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын улсын байцаагч Б.Сүхбаатар ярилаа.
Хар тамхийг илрүүлэх чиглэлээр рентген аппарат, эрэлч нохой, боди скайнер гааль дээр ажилладаг. Гэхдээ тэд зөвхөн эрсдэлтэй гэж тооцогдсон зорчигч, ачаа барааг шалгах үүрэгтэй. Сүүлийн таван жилд гаалийн гурван “цагдаа” хар тамхи хилээр нэвтрүүлэхийг оролдсон есөн зөрчлийг илрүүлжээ.
Улаанбаатарт эргэлдэж буй хууль бус наймааны хэмжээгээр бол хилээр илрүүлсэн зөрчил хангалтгүй. Гэвч сүүлийн жилүүдэд хар тамхины төрөл уламжлалт геройн, кокайнаас илүүтэй лабораторийн нөхцөлд нийлэгжүүлж гаргасан бодисыг хил нэвтрүүлэх хандлагатай болж, нөгөө талаар шинэ төрлийн тэдгээр бодисыг манай хил гаалийн багаж төхөөрөмжүүд илрүүлэх боломжгүй, нууц далд аргаар нэвтрүүлсээр байгааг эх сурвалж онцолж байсан юм.
Улсын байцаагч Б.Сүхбаатар “Хамгийн чухал нь эрхзүйн орчны шинэчлэлт. Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа төрийн байгууллагын уялдаа холбоо, зөв нэгдсэн бодлого маш их үгүйлэгдэж байна. Тухайлбал, цагдаа, тагнуул өөрсдийнхөө шугамаар мэдээлэл олж аваад ажилладаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.