Риогийн анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн Д.Сумъяатай танилц

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 09 ・ 2

Риогийн олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанд манай улсын тамирчин Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медалийн эзэн боллоо. Риогийн анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирж, Монгол Улсынхаа төрийн далбаа Риогийн тэнгэрт мандуулсан Д.Сумъяагийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

 

Д.Сумъяаг анх аав нь жүдо бөхийн ертөнцөд хөл тавиулж байжээ

 

Баримт 1. Олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа нь 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төржээ.

 

Баримт 2. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө эзэн орны бөх Р.Силватай барилдаж  вазари үнэлгээгээр ялагдсан. Гэсэн ч барилдаан будлиантай болсон хэмээн үзэх хүн цөөнгүй байна. Учир нь Бразилийн бөх хориотой мэх хийснийг шүүгч анзаараагүйг  эзэн орны бөхийг ивээлээ хэмээн иргэд цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна.  

 

Баримт 3. Монголчууд олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийт 24 медаль авсан түүхтэй. Харин Д.Сумъяа 25 дахь медальтан тамирчин боллоо. Мөн тэрбээр "Рио-2016"-аас медаль хүртсэн анхны тамирчин болов.

 

 

Баримт 4. Д.Сумъяа таван дүүтэй бөгөөд тэдний дөрөв нь эрэгтэй. Дүү нартайгаа ноцолдож өссөн учраас түүнд бөх болох хүсэл бүр эртнээс төрсөн гэдэг.

 

Баримт 5. Түүний аав залуудаа чөлөөт бөхөөр шаггүй барилддаг нэгэн байжээ.

 

Баримт 6. Бөхөд хайртай аав нь түүнийг дагуулж, “Монгол охид” клубт оруулж анх жүдо бөхийн ертөнцөд хөл тавиулж байв.

 

Д.Сумъяа 2015 онд жиндээ “дархан” гэдгээ дахин баталсан

 

 

Баримт 7.  Түүнд самбо, жүдогийн “А” үсгийг н.Базарсүрэн, С.Эрдэнэбат багш нар зааж өгч байсан байна.

 

Баримт 8. Олон улс, тив, дэлхийн дэвжээнд эмэгтэйчүүдийн 57 кг-д эх орныхоо нэрийг мандуулж явсан Х.Эрдэнэт-Одыг зодог тайлсны дараа түүний халааг Д.Сумъяаг залгамжилна хэмээн олон хүн итгэж байсан.  

 

Баримт 9. Тиймээс ч Х.Эрдэнэт-Од багш түүнийг сүүлийн 9 жил тасралтгүй дасгалжуулж байгаа юм.

 

Баримт 10. Д.Сумъяа Х.Эрдэнэт-Од багшийнхаа жинд барилддаг. Багшийнхаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээс хойш 10 жилийн дараа амжилтыг нь давтаж хүрэл медаль энгэртээ зүүсэн.

 

Баримт 11. Д.Сумъяа 2009 онд “Чингис хаан” дэлхийн цомоос мөнгөн медаль зүүж, ОУ-ын тэмцээний анхны амжилтаа гаргаж байв.

 

 

Баримт 12. Жиндээ биеэр жижигдэггүй Сумъяа бяраар хэнээс ч дутахгүй гэдгийг багш нар нь хэлдэг. Манай бөхчүүд хэвтээ  барилдаанд тааруу хэмээн шүүмжлүүлэх нь олон. Тэгвэл Д.Сумъяа хэвтээгээс тун сайн барилддаг. 2012 оны УАШТ-д түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө дарах мэхээр цэвэр ялсан нь үүнийг нотлоно.

 

Баримт 13. Д.Сумъяа 2013 онд Мастерс тэмцээнд зодоглож, Оросын И.Заблудина, Бразилийн Р.Сильва, Японы А.Ямамото, Францын А.Павиа гэсэн бөхчүүдийг дараалан нурааж, Мастерсын аварга жүдочдын тоог нэгээр нэмж байв.

 

Баримт 14. Д.Сумъяа 2015 онд жиндээ “дархан” гэдгээ дахин баталсан бөгөөд олимпийн жилийн улсын аваргад мөн л түүнийг барах жүдоч гараагүй.

 

Баримт 15. Самбо бөхийн 2012-2014 оны ДАШТ-д хэнд ч ялагдаагүй босоо аварга  бол Д.Сумъяа. Тэрбээр 2012 онд дэлхийн аваргад анх удаа түрүүлэхдээ шилдэг хүчтэнүүдийг сөхрүүлсээр финалд Болгарийн Калина Стефановаг өвдөг шороодуулан алтан медаль хүртсэн юм.

 

Баримт 16. Харин дараа жил нь мөн л Болгар бүсгүйг хожиж дэлхийн хошой аварга болжээ. 2014 онд Японы Нарита хотод болсон самбо бөхийн ДАШТ-д манайхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алтан медальтай ирсний нэг нь Сумъяагийнх байлаа. Тэрбээр аваргын төлөө Татьяна Зенченког орхиж, дэлхийн аваргад гурав дахь удаагаа түрүүлсэн юм.

 

Баримт 17. Д.Сумъяагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр засаг үнэлж, шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан.

 

Баримт 18. Чансаагаараа жин тус бүрт эхний 16-д шалгарсан шилдэг жүдочид урилгаар оролцдогоороо онцлог “Мастерс” тэмцээнд Д.Сумъяа хоёр удаа түрүүлсэн нь түүнийг ямар хэмжээний бөх гэдгийг бэлхэн тодорхойлно.

 

Д.Сумъяа: Өрсөлдөгчөө надаас илүү гэж бодохгүй харин ч зоригтой байх ёстой

 

 

Баримт 19. Д.Сумъяа өөрийн гэсэн кимоногүй хоёр жилийн турш хүний кимоно гуйж өмсөн тэмцээнд ордог байжээ. 2009 онд Хятад кимоно 80 мянган төгрөгөөр худалдан авч хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг.

 

Баримт 20.  Дэлхийн оюутны спортын наадам Универсиадаас алтан медаль хүртсэн амжилтыг нь төр засаг үнэлж 30 сая төгрөгөөр шагнасан.

 

Баримт 21.  "Infostrada" цахим хуудас "Рио-2016" Олимпийн чансааг гаргахдаа Д.Сумъяаг жиндээ алтан медаль хүртэнэ гэж байв.

 

Баримт 22.  Д.Сумъяа "Тамирчин хүн өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Өрсөлдөгчөө надаас илүү гэж бодохгүй харин ч зоригтой байх ёстой. Жүдо бол цаг хугацааны тэмцэл. Эрсдэл маш ойрхон байдаг" хэмээн ярьж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

 

Баримт 23. Д.Сумъяа жүдоч Х.Цогтбаатартай үерхдэг. Тэднийг спортын ертөнцөөс төрсөн сайхан хос гэдэг. Тэд бие биенээ дэмжин амжилтын төлөө тэмүүлж яваа залуус.

 

Баримт 24. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ.  Тэгвэл түүнийг Монгол Улсын засгийн газраас олимпийн наадмаас медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгох журмын дагуу 60 сая төгрөгөөр шагнана.

 

24tsag.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: