
Г.ГАНЧИМЭГ
Монголчуудын хувьд долоо, наймдугаар сар ид амралтын үе. Наадамлаж, хөдөөлөхөөс гадна бас ч гэж сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ аялах нь түгээмэл болжээ. Он цаг улирах тусам илүү ихээр хотжиж байгаа үр хүүхдэдээ монгол ахуй, зан заншлаасаа бага ч атугай таниулах гэсэн эцэг эхийн далд санаа, өргөн уудам газар нутгийнхаа гоо сайхныг нүдээр үзэж баясах хүүхдүүдийн хөөрч догдолсон бахархал нэг цэг дээр огтлолцож байгаа нь сайн хэрэг.
Гэхдээ үүний цаана хөндөх сэдэв дэндүү олон. Наад зах нь арабын шейхүүд шиг алтан суултуур дээр тухлахгүй ч гэлээ энгийн, цэвэрхэн 00-той байж яагаад болдоггүй юм бэ гэдгээс асуудал эхэлдэг. Үнэндээ хөдөө явлаа л бол байгаль эхээ баар бас жорлон, хогийн цэг болгоод байх юм.
Эмэгтэйчүүд ийшээ, эрэгтэйчүүд нь тийшээ гэх маягаар замын хоёр талд ил задгай бие засч, гол нуурын эрэг, уул овооны ойр орчмыг архины шил, пивоны лааз, хүүхдийн памперс зэргээр хогийн цэг болгочихсон. Амрагч, зугаалагчдыг явсаны дараа 00-ийн цаас, гялгар уут салхинд хийсээд үлддэг. Газрын хөрсөн дээр хаясан нэг ширхэг гялгар уут 100 жил болж байж бүрэн задарч дуусдаг гэдэг эрдэмтдийн судалгаа бий.
Тиймээс зарим нь огт мэдэхгүй учраас ямар ч анзаараггүй, нөгөө нь мэддэг ч тоодоггүйгээсээ дотоодын жуулчид байгаль дэлхийг ямар ихээр бохирдуулдаг юм бэ дээ.
Анх адуу мал үргэж бусгаад болохгүй байхаар нь хөгшинтэйгөө явж, гэрийнхээ ойр орчмын 00-ийн цаас, гялгар уутыг бүгдийг чулуугаар дарж байлаа. Харин одоо мал хүртэл энэ их хогонд дасах шинжтэй. Хогийг гадаадын жуулчид биш монголчууд өөрсдөө л тарьдаг юм хэмээн хөдөөний малчин ярьж сууна.
Уг нь монголчууд нүүхдээ гэрийнхээ буурийг цэмцийтэл цэвэрлэдэг уламжлалтай ард түмэн. Энэ нь малчин айлд төдийгүй амарч зугаалж буй дотоод, гадаадын жуулчин, тэднийг хүлээн авч буй жуулчны баазууд гээд хэн бүхэнд хамаатай асуудал. Гэтэл зарим жуулчны бааз стандартын байтугай стандарт бус 00 ч үгүй л явж ирлээ. Энэ нь эргээд хөрс, ус, агаарыг бохирдуулж ойр орчимд нь нутаглаж буй хүн малд сөрөг нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Нэгэнт хэл соёлыг нь мэдэхгүй учраас гадаадын жуулчид голж шилсэн ч гэлээ аюулгүй байдлаа бодоод хээр хөдөө буудаллахаас зүрхшээн болсон болоогүй жуулчны баазуудыг бараадаж, хоноглодог нь нууц биш. Харин дотоодын жуулчид бол ондоо.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.