Цөөхөн иргэдээ өвөл угаартуулж, зун живүүлсээр дуусгах нь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 09 ・ 4

Улаанбаатар бол сая давсан хүн амтай их хот. Их хотын зовлон мундахгүй юм. Өвөлдөө утаанд багтарчих гээд, зундаа үерийн усанд живчих гээд байх бололтой. Өнгөрсөн пүрэв гаригт л гэхэд хотын төвд 20 минут орчим бороо ороход яалаа даа. Хувингаар цутгаж буй мэт аадар бороо мөндөртэй холилдон орсны дараа сэлээд харих нь л холгүй юм боллоо. Ялангуяа “Чингис хаан” зочид буудлын ойролцоо гамшгийн хэмжээнд очсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй л байх. Цахилгаан хөдөлгүүртэй гурван ч машин асахаа болиод түрүүлж байсан. Зарим нэг хүний яриаг сонсвол приус машин хөвсөн гэх юм билээ. Ямартай ч явган хүн битгий хэл машинтай хүмүүс хүртэл яахаа мэдэхээ байсан. Хүн бүр л манай хот ус дамжуулах хоолойгүй гэж ирээд л ярина лээ. Гэтэл үнэхээр ус зайлуулах хоолойгүйгээс болоод үерт автаад байна уу гэхээр бас ч тийм биш юм аа. Ус дамжуулах хоолой ихтэй дэлхийн орчин үеийн хотуудад үер болж л байдаг. Авто болон явган хүний зам дагуу хичнээн мянган ус зайлуулах хоолой байлаа гээд байгалийг хүчрэхгүй гэдгийг олон зүйлээр жишээлж болохоор байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Английн Эйплби, Карлайл хотууд үерт автан хичнээн мянган айл орон гэргүй болж байлаа. Үерийн улмаас сургууль, цэцэрлэгийг түр хугацаанд хаахаас өөр аргагүй байдалд хүрч байв. Учир нь өч төчнөөн албан байгууллагын барилга нуран унаж сүйдээд байсан юм. Эдгээр хотуудад ус зайлуулах хоолой байсан уу гэвэл байсан. Хамгийн гол нь нэгэнт ширүүлсэн байгалийн аашийг хэн ч зогсоож дийлэхгүй. Тиймээс монголчууд бид байгалийн гэнэтийн үзэгдлийн өмнө бэлэн байж сурмаар байна. Бидний сэтгэхүйд нэг зүйл байдаг нь үер боллоо гэхэд байгалийн үзэгдэл гэж хүлээж авахаас илүүтэй хотын захиргаа, эсхүл автозамынхныг буруутгаад байдаг. Гэтэл дан ганц ус зайлуулах хоолойноос болж Улаанбаатар хот үе үе үерт автаад байгаа юм биш. Тиймээс байгалийн ямарваа нэгэн аюулт үзэгдэл болоход иргэн бүр тодорхой хэмжээний үүрэг хүлээж сурмаар байна. Ядаж л өөдөөс үерлэн ирж буй их усны өмнөөс нэгийгээ түлхмээргүй байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт “Чингис хаан” зочид буудлын орчимд хөвсөн гээд байгаа машины эзэн “Өөдөөс их ус ирж байсан. Гэвч араас машинууд дуут дохиогоо хангинуулаад байсан учраас урагшлахаас өөр арга байгаагүй” гэсэн байна лээ. Ингэж мэдсээр байж нэгийгээ хүнд байдалд оруулмааргүй байна. Ус цахилгаан хөдөлгүүртэй машины хамар давбал асахаа больдог гэдгийг ихэнх жолооч мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө зогсоо чөлөөгүй дуут дохиогоо хангинуулаад байдаг нь бидний адгуу зантай холбоотой биз. Бас тэр үеэр хамраа татсан их усан дундуур хүч мэдэн зүтгэж буй автобусны бичлэг цахим ертөнцөөр тарсан. Ус бараг л автобусны тэг дундуур татаж байсан даа. Хүн бүр тэр бичлэгийг үзээд “Хөөх ийм аймаар үер болсон юм уу” гэцгээсэн. Гэтэл нийтийн тээвэрт үйлчилж буй автобус тийм эрсдэлтэй үйлдэл хийх нь зөв байсан уу. Зорчигч тээвэрлэн хэдэн арван хүний амь насыг хариуцаж яваа мөртлөө сахилгагүй жаал шиг саваагүй үйлдэл хийсэн нь тохиромжгүй байлаа. Хэрэв ямар нэгэн байдлаар цахилгааны масс үүссэн бол яах вэ. Тэгэхээр иймэрхүү байдалд бид өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй байна. Онцгой байдлын албанаас иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг бэлдэж түгээх хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцож байтал гэнэт үер болж их ус түрж ороод ирвэл жолооч нар ямар хэмжээ авах ёстой, явган яваа иргэд хэрхэх ёстой гэх мэтээр иргэддээ зөвлөмөөр байна. Ер нь бид усанд тийм ч сайн ард түмэн биш. Тиймээс зуны хэдэн сард гол, усны үерт үй олноороо живж үхэж байна. Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн амралтын өдөр зургаан хүн усанд живж амь насаа алджээ. Тэдний ихэнх нь хүүхэд. Гурав, дөрөв, таван настай гурван ч хүүхэд усанд осолджээ. Уг нь ийм насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа хараа хяналтад байх учиртай. Эцэг эхчүүд гурав, дөрөвхөн настай хүүхдийнхээ хаана, юу хийж явааг алхам тутамдаа мэдэж байх ёстой. Гэтэл бага насны хүүхэд усанд эндэх нь жилээс жилд нэмэгдээд байх юм. Ингэж олноороо усанд живж буйн шалтгаан ерөөсөө л эцэг эхийн хүүхдэдээ тавих анхааралтай шууд холбоотой. Бага насны хүүхдүүд живж үхээд байгаа нь хоёр гол шалтгаантай. Зуны халуун өдөр эцэг эх нь халууцаж байна хэмээн хүүхдээ гол руу дагуулаад явдаг. Эрэг дээр очсон хойноо хүүхдүүдээ тоглож байгаарай гэчихээд өөрсдөө бөөгнөрч суугаад хөзөрдөж архидан согтуурна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 09/

    Хотыг ийм гамшиг болгосон буруутан нь МАН

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    Хотыг ийм гамшиг болгосон буруутан нь МАН

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    havar namar n haniad tomuund

    Хариулах
  • Монгол / 2016 08 сар 09/

    Одоо өвөл боллоо. Нүүрсний утаанд яаж амьдарна даа. Нүүрс түлэхийг огт хориглоод л "утаанд" зарцуулж байгаа мөнгөөрөө цахилгааныг нь үнэгүй болгочихож болдоггүй юм уу. Нүүрс түлж байгаа цагт ямар ч арга хэмжээ авсан их хотын утаа хэвээр байна. Өвөл эхийн хэвлийд ураг амьгүй болж байгааг төр засаг мэ

    Хариулах