Азумарюү С.Тодбилэг: Бага байхдаа зүлэг усалдаг усны машин дотор л өдөржингөө явдаг байлаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 10

 

Мэргэжлийн сумогийн дэвжээнд Монголын 25 хөвгүүн ид хаваа үзүүлэн манлайлж явна. Тэдний нэг болох Азумарюү Сандуйжавын Тодбилэгтэй ярилцлаа. Тэрбээр 1987 оны тавдугаар сарын 12-нд төрсөн. 192 см өндөр, 155 кг жинтэй, Тамонои дэвжээнд харьяалагддаг нэгэн. 2009 онд анх барилдаж, 2013 онд макүүчид дэвшиж байсан. Одоо жүрёод барилдаж байна.

-Та Асашёорюү, Асасэкирюү нарын төгссөн Мейтокү гижюки ахлах сургуулийг төгсчээ?

-Намайг анх ороход тэр хоёр аль хэдийнэ мэргэжлийн сумод цолтой болчихсон байсан. Асашёорюү аваргыг арслан болсон үед захирал нь Монголд очиж, дахин монгол хүүхэд шалгаруулж, элсүүлж авахаар болсон. Хамгийн сүүлийн шатанд тэнцсэн арван хүүхдээс гурвыг шилж авсан юм. Тацүнами дэвжээний Рюүонами Б.Баттөгс, сонирхогчдын сумод барилддаг Ч.Чинбат бид гурав шалгарч ирж байлаа. Бид их туранхай, өндөр байсан. Сургууль маш хатуу, өндөр шаардлага тавина. Өглөө эрт 6:00 цагаас босоод л бэлтгэл, хоолоор шахуулсаар, өдрийн 14:30 цагаас 18:30 цаг хүртэл өдөр болгон барилдаж, бэлтгэл хийгээд хувийн хатуу сахилга баттай, цагийг ягштал барьж сурсан даа. Одоо ч гэсэн таван минутын өмнө л уулзах газраа хүлээгээд зогсож байдаг болохоор хүн ирэхгүй хоцорвол өөрийн эрхгүй уур хүрээд эхэлдэг (инээв). Хүн хүлээлгэх, хүлээх дургүй.

-Жилийн өмнөөс аавынхаа нутгаар овоглуулж, дэвжээн дээр гардаг болсон. Анхнаасаа л дуудуулах байсан юм биш үү?

-Би хотын уугуул хүүхэд л дээ. Ирээдүй цогцолбор сургуулийг төгссөн. Анх жүрёод гарахдаа л сольё гэж бодож байсан юм. Хаана, хэнд нь хэлэхээ мэдэхгүй байсан хэрэг. Аав минь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хүн. Модон эдлэлийн үйлдвэрт инженер байсан. Ноднингийн арваннэгдүгээр сард зиндаа буураад дахин жүрёод гарахдаа дуудуулах нутгаа солихоор шийдсэн.

-Анх сумод орж байхад тань орос бөхчүүдийн хар тамхины хэрэг дуулиан дэгдээж, Сумогийн холбоо маш хатуу чанга болж эхэлсэн. Яг ийм эгзэгтэй үед гадаад бөх учраас их хатуу чанга болзол, сорилттой дэвжээнд авч байсан уу?

-Гадаад бөх гэдгийнхээ хувьд мэдээж хатуу анхааруулга, захиастай орж байсан. Манай дэвжээнд урьд нь Бразилийн эрлийз бөхчүүд нэлээн байсан юм билээ. Урьд нь нэг ч монгол байгаагүй. Багш манай их сургууль дээр ирж, шалгаруулж авсан. Оюутны аварга шалгаруулах сонирхогчдын сумогийн тэмцээнд аварга болчихсон байсан юм.

-Шинэ жүрёод дэвшчихээд анхны хэвлэлийн бага хурал хийх өдөр 2012 оны арваннэгдүгээр сарын 28-н байсан гэсэн. Яг энэ өдөр таны ээж 48-хан настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Ахлах сургуулийн сурагч байхдаа энэ гунигт мэдээг сонсчихоод нулимс ч, үг ч гарахгүй, цочирдсондоо болоод тэрхэн зуурт бие тань хөшчихсөн гэж сонсож байсан. Хэдхэн жилийн дараа яг адилхан өдөр жүрёод дэвшсэн баярт өдөр юу бодогдож байсан бэ?

-Аав, ээждээ баярлаж байлаа. Юу гэж ч хэлэх юм бэ дээ. Ээж минь зүрх муутай байсан. Эмний хордлого л гэдэг юм. Тухайн үедээ хүүхэд байсан болоод тэр үү сайн мэддэггүй байжээ. Нэрийг нь Т.Цэрмаа гэдэг. Их зөөлөн сэтгэлтэй хүн байсан даа. Хот тохижуулах газар ажилладаг байсан юм. Бага байхдаа зүлэг усалдаг усны машин дотор л өдөржингөө явдаг байлаа. Би доороо хоёр дүүтэй хүн.

-Аав ээж хоёр нь юу гэж захидаг байсан бэ?

-15 настай байхад Япон руу сумод орох хүүхдүүдийг шалгаруулж байна гэж сонссоноо хэлтэл ээж минь сураглаж, асуусаар байгаад хаана болж буйг нь олсон юм. Тэгээд би Бөхийн өргөө рүү ганц биеийн тамирын хувцастай очоод л шалгаруулах барилдаанд нь тэнцээд 2002 оны арваннэгдүгээр сард Японд ирсэн юм. Ээж минь хүний газар нэрээ хичээгээрэй л гэсэн. Хүний хэлсэн ярьсныг сайн сонсч, эвтэй найртай явж байгаарай. Хоол унд нь таарахгүй байж магадгүй шүү гэж байсан. Ирээд будаа л их иддэг нь жаахан хэцүү байсан. Дорхноо л дассан даа. Сашими буюу түүхий загас, исгэсэн дарсан буурцаг буюу натто хоёрыг идэх гэж л жаахан зовсон байх. Одоо бол аль алинд нь дуртай.

-2012 онд макүүчи зиндаанд дэвшиж, монгол бөхчүүдээс 17 дахь нь болж байжээ. Түүнээс хойш 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл жүрёод эргэн ортлоо нэлээн их давалгаан дунд, макүүшта хүртэл бууж байжээ. Тэр нэг өдөр Ичиножёотой барилдаад хүнд гэмтэл авч анх удаа башёо амарч байсан гэл үү. Их хэцүү мөч байсан байх даа?

-Уржнангийн Нагояа башёогийн 14 дэх өдөр Ичкотой барилдаад чухам яаж унаад, бэртсэнээ санадаггүй юм. Тэр бичлэгийг би үзээгүй, үзэхийг ч огт хүсээгүй. Хүмүүс бас битгий үз гээд байсан. Гурван шөрмөс тасраад, өвдгөндөө хүнд гэмтэл авсан. Нэг башёо амраад, багш дахиад нэг амар гэхэд нь зөрөөд барилдсан л даа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх