Тэмцээнээ өндөрлүүлсэн тамирчид

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 10 ・ 1

 

Ц.Мөнхзаяа Хятадын бөхөд цэвэр ялагдав

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд нийт 26 бөх барилдсан юм. Дэлхийн аваргын хүрэл медальт, "Лондон-2012" олимпийн наадмын V байрын эзэн Ц.Мөнхзаяа "А" хэсэгт багтсан. Манай бөх эхний тойрогт Морокогийн тамирчин З.Ризлэнг цэвэр 100 оноогоор хожив. Харин дараагийн өрсөлдөгч болох Хятадын бөхөд цэвэр ялагдан Олимпийн тэмцээнээ дуусгасан юм.

 

Ц.Мөнхзул, О.Гүндэгмаа 11-12-р байрт орлоо

Мөн эмэгтэйчүүдийн 25 метр спорт гар бууны дасгалын медальтнууд тодорлоо. Энэ дасгалд нийт 40 тамирчин өрсөлдсөнөөс Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц мэргэнээ сорьсон.

Тамирчид 60 сумыг тогтоол болон хурдан буудлагад буудлаа. Дүн гарахад Ц.Мөнхзул 580 оноогоор 11, О.Гүндэгмаа 579 оноогоор 12 байр эзлэв. Эхний тогтоол 30 сумд Ц.Мөнхзул 289 оноогоор 19-т, О.Гүндэгмаа 284 оноогоор 35-д орсон. Дараагийн түргэн буудах дасгалд О.Гүндэгмаа сайн буудсан ч шилдэг наймд багтаж чадсангүй. Энэ дасгалын шилдэг наймд БНХАУ, Грек, Гүрж, Герман, Болгар, БНАСАУ, Швейцарь, ОХУ-ын тамирчид оров.

Тэд энэ сарын 08-нд болсон 10 метрийн хийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа 379 оноогоор 20, Ц.Мөнхзул 378 оноогоор 32-р байрт тус тус багтсан юм. Манай мэргэн буудагчид ийнхүү Риогийн тэмцээнээ өндөрлүүллээ.

 

 

ОУХМ О.Ууганбаатар боох мэхэнд унав

Эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 81 кг жинд ОУХМ О.Ууганбаатар хоёрдугаар тойрогт Египетийн бөх Мохамед Абделаалтай таарч барилдсан юм. Египетийн бөх манай тамирчныг боох мэхээр цэвэр яллаа. Харин ОУХМ О.Ууганбаатарын хувьд тэмцээнээ ийнхүү дуусгалаа.

 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Улс төрч / 2016 08 сар 11/

    Женко ах маань Жудогоос 2 алт амлаад явсан юм чинь мафидаад аваад ирэх байлгүй дээ. Сардаа биднээс 4 сая авдаг Улс төрч Түвшинбаяр бол бүүр баталгаатай.

    Хариулах