Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 11
・ 1
“Даншиг наадам Хүрээ цам”-аар энэ зуны цэнгэл наадам үндсэндээ шувтарч байна. Одоогийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас дан ганц Говьсүмбэр л тодорхойгүй шалтгааны улмаас улсын баяр наадмаа хойшлуулсан дуулдана.
Үлдсэн бүх сум, аймаг улсын баяр наадмаа тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд шинэ цолтноо өлгийдөн авсан болж таарч байна. Тодруулбал, 20 аймаг хоёр дүүргийн баяр наадамд амжилттай барилсан бөхчүүддээ аймгийн цол олгожээ. Налайх дүүрэг 128 бөх хаалттай барилдуулсан бол Багануур дүүрэг 256 бөх нээлттэй барилдуулжээ.
Өнөө жилийн хувьд эдгээр наадмаас аймгийн арслан 17, хурц арслан тав, аймгийн заан 14, аймгийн харцага 23, аймгийн начин 72 нийт 126 бөх шинэ цолонд хүрсэн гэдгийг бөх судлаач О.Наранбаатар дурджээ. Гэвч энэ мөчид хаалттай монгол наадмын хачин жигтэй явдлууд чих дэлссээр байна.
Аймгуудын удирдлагууд сүүлийн жилүүдэд баяр наадмын үндэсний бөхийн барилдаанаа хаалттай хийх шийдвэрийг олонтаа гаргах болсон тухай ч бөх сонирхогчид шүүмжилж байна. Маш товчхондоо тухайн аймгийн харьяат биш л бол нэг ч бөхийг наадамдаа барилдуулахгүй байх шийдвэрийн цаана “Хаалттай наадам” гэдэг хачин үг нуугдаж буй.
Энэ талаар Хөвсгөл аймгийн уугуул улсын харцага Г.Ганхуягаас үг унагахад “Наадмаа хаалттай хийж байгаа аймгуудаас төрсөн шинэ цолтон нь ч бас хаалттай үйлчилдэг байх ёстой шүү дээ. Зөвхөн аймаг орон нутагтаа шинэ цолтойгоо барилддаг баймаар юм” гэв.
Тэгвэл бүр сүүлдээ монгол наадам “Хагас хаалттай” хэлбэрт шилжсэн тухай бөх сонирхогчид харамсан өгүүлэх болов. Сайнаар хэлбэл наадмыг зохион байгуулагчдын үгэнд орох, саараар яривал цолны найраа хийхэд бэлэн байгаа өөр аймгийн бөхчүүдийг л бүртгэн барилдуулдаг болсон гэнэ.
Энэ бүхнээ орон нутгийн удирдлагууд “Улсын цолтнууд наадам үймүүлдэг” гэсэн ганцхан үгээр тайлбарладаг. Өнгөрсөн жил л гэхэд Сүхбаатар аймгийн ИТХ-аас аймгийн баяр наадамдаа өөр аймгийн бөх барилдуулахгүй байх шийдвэрийг соёрхон баталсан нь бий.
Учир нь, тус аймгийн наадамд төдийгөөс гурван жилийн өмнө Увс болон Говь-Алтай аймгаас улсын цолтой бөхчүүд найраагаар цол авч өгөх гэж дүүгээ дагуулж очсон боловч санал зөрөлдөн нударга зөрүүлж байжээ. Тиймээс гаргасан шийдвэрээ тэд найраанаас сэргийлэх шилдэг арга хэмээн тайлбарласан гэдэг.
Харин Сүхбаатар аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрт “хонзон” санахдаа Хэнтий, Дорнод аймгийнхан Сүхбаатарын бөхчүүдийг барилдуулахгүй байх тухай ч маргаан үүссэн гэдэг. Цөөн үгээр хэлбэл, өнөө цагийн Ардын хувьсгалын их баяр наадам аймгийн удирдлагын өмч болж, орон нутгийн Засаг дарга нар начин төрүүлж, авлига авдаг хэргээр АТГ-т дуудагдаж ч магадгүй байдал үүсч мэдэхээр байна.
Цаашлаад аймгийн Засаг даргын сонгуулийн ажилд ханцуй шамлан дайрч, намын их үйлсэд тус дэм болсон бөхчүүд хялбархан цолонд хүрдэг байдал ч бий болж мэдэх юм. Энэ бол мэдээж таамаглал...
Ямартай ч, Булган, Орхон аймаг, Налайх дүүрэг энэ жил аймгийн баяр наадмаа хаалттай хийж, нутаг нугаасаа шинэ цолтон төрүүлж, үндэсний бөхийг дэмждэг болохоо нотолж байна. Энэ бүхэн цаашлаад Монголын үндэсний бөхийн холбооноос монгол туургатан бөхчүүдийг улсын наадмаар барилдуулахгүй буцаадаг түүхээс эхтэй.
Дархан аварга А.Сүхбат, гарьд Б.Гантогтох нартай хамт бэлтгэл хийж байсан Тува улсын хоёр бөхийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс “хөөж” явуулж байсан бараан түүх бас л бидний өмнө бий. Гэтэл энэ байдал орчин цагт даамжирч аймгийн баяр наадмын зүлэг ногоон дэвжээ сүүлийн жилүүдэд “Нарантуул-3” болон хувирсан тухай бөх сонирхдог хүн бүр мэднэ.
Ахмад бөхчүүд нь ард түмнээ цэнгүүлэх гэж биш ашиг олох гэж бөхийн галыг чиглэдэг байдал олон жил шүүмжлэл дагуулсаар байгаа. Тэр ч бүү хэл өнөө цагт улсын баяр наадмын их шөвөгт таавар дэвшүүлдэг арслан, гарьд, заанууд ч аймгийн баяр наадмаар шинэ цолтон төрүүлж, дээлийнхээ өнгийг олж авдаг нь гарцаагүй жишээ.
Хамгийн ойрын жишээ л гэхэд энэ зун Багануур дүүрэг аймгийн цол олгох наадам анх удаа зохион байгуулж, улсын наадмын түрүү бөхөд нэрийг нь дэвшүүлдэг улсын гарьд Б.Гончигдамба, харцага Ц.Содномдорж тэргүүтэй улсын алдар цолтой 30 орчим бөх зодогложээ.
Сүр дүрийг нь харж, цол гуншинг нь сонсч суусан үзэгчид мэдээж өөр зүйл хүлээсэн байж таараа. Гэтэл улсын цолтнууд маань дөрөв, тавын даваанд унаж гарьд Б.Гончигдамба, харцага Ц.Содномдорж нар аймаг, сумын заан цолтой хоёр залууд ээлж дараалан тахимаа өгсөн гэх юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.