Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 13
・ 9
Н.Түвшинбаяр аварга РИО-гийн олимпийн тэмцээнээ өндөрлүүлээд байгаа билээ. Тэрбээр барилдааныхаа дараа РИО-гийн олимпийг сурвалжилж байгаа сэтгүүлчид товч ярилцах боломж өгчээ. Түүнчлэн тэрбээр сэтгэгдлээ илэрхийлэхдээ -“100 кг-ын жингийнхний хувьд өндөр нуруутай бөхчүүд давамгайлж барилдаж байна.
Гол том бөхчүүд бүгд дээгүүр барилдлаа. Нэг зүйлийг сайн ойлголоо. Гурван олимпод оролцсон байдлаа эргээд бодоход тамирчдад сэтгэлзүйн дээд зэргийн тайван байдал ямар чухал болохыг энэ олимпиос илүү их харж байна. Манай баг дөрвөн жилийн турш бэлтгэл, сургуулилтаа сайн үргэлжлүүлж, холбоо бүх талаар дэмжсэн. Гэхдээ олимпийн өмнө жүдогийн холбооны ерөнхийлөгч рүү чиглэсэн дайралт, улс төрийн явуулга гэх юм уу даа, олон зүйл бидний сэтгэл санаа, сэтгэлзүйд нөлөөлсөн. Үүнийг нуух аргагүй. Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер олимпийн өмнөх өдөр “Монголын баг энэ олимпиос 3-4 медаль хүртэнэ гэж хэлсэн байсан. Энэ бол Монголын жүдочдод өгч байгаа нэгэн төрлийн үнэлгээ гэж би бодож байна. Өнгөрсөн дөрвөн жилийн турш, энэ олимпийн циклд манай баг өндөр хэмжээнд байсныг харуулсан дүгнэлт. Эрэгтэй баг маань санасан амжилтаа үзүүлж, медаль хүртэж чадсангүй. Бид том зорилготой байсан. Харамсалтай байна. Ард түмнээ баярлуулж, Монголын багийнхаа медалийн салхийг хагалсан Д.Сумъяа дүүдээ баяр хүргэе. Энэ медаль бидэнд үнэ цэнэтэй ирлээ. Ийм л товчхон зүйл хэлье дээ. Сэтгэл санаа таагүй байна, уучлаарай.” гэсэн байна.
Сэтгүүлч түүнээc дараагийн олимпод оролцох боломж байгаа эсэх талаар асуухад “Тэр талаар бодохыг ч хүсэхгүй байна. Яг одоо бол гэртээ харимаар, нутагтаа очмоор, айргаа уумаар санагдаж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, миний барилдааныг шүүсэн япон шүүгчид алдаа, буруу байхгүй. Өрсөлдөгчид юүко үнэлгээ өгөх нь дэвжээний ерөнхий шүүгчийн шийдвэр байсан. Үүнийг манайхан зөвөөр ойлгоорой.” хэмээн ярьсан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.