Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 13

Эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүд сахиж хонон өнжин дуугарладаг цаг айсуй. Аль ч нам засгийн эрхэнд гараад цэгцэлж чадахгүй байгаа ганц зүйл гэвэл цэцэрлэгийн хүрэлцээний асуудал. Хүүхдийн төлөө “За” гэж хэлье хэмээн уриалан дуулдаг томчууд үнэн хэрэгтээ цэцэрлэгийн тал дээр зоригтойхон дуугарчихаж чадахгүй байна.
Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд 1288 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан талаар БСШУСЯ-ны албаны хүмүүс тайлбар өгөв. Үүнээс 826 нь төрийн мэдлийн, хувийн хэвшлийн 462 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан байх юм. Зургадугаар сарын 1-нд цэцэрлэгүүд амарсны дараагаас бид сонгуульдаж, наадамлаж, АСЕМ-даж, Засгийн газраа бүрдүүлж байна хэмээн даанч их хөөрцөглөлөө. Одоо олимп гээд наймдугаар сар бараг бүхэлдээ шувтарна. Үр хүүхэд нь дахин цэцэрлэгт явахгүй мэт давилуун загнацгаав. БСШУС-ын сайд нь олимп гээд Бразил руу одсон. “Би олимпоос ирж байгаад цэцэрлэгийн асуудлыг чинь шийдээд өгнө” гэх ухааны юм ярьсан. Шинэ сайдын хувьд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, сургалтын төлбөр гэх мэтчилэн олон зүйлсийг огоорон сайдаар томилогдоод долоо хоноод л олимп үзэхээр явсан “азтай” сайд.
Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээж ажил хийх үү, тав арван төгрөгийг нь ч болтугай өгөөд цэцэрлэгийн бараа харуулах уу гэдэг асуултын өмнө тулдаг. Ер нь бол хагас сая төгрөгөөр гарыг нь хүндрүүлчихсэн байхад цэцэрлэгт хүүхдээ өгнө гэдэг тийм ч хэцүү биш. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг нь өгөөд цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эх хэд билээ. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө дүн өвлөөр нээлтээ хийсэн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж идэр ёсийн хүйтэнд эр нөхөртэйгээ хоёр хоёр цагаар ээлжлэн дугаарлан ээжүүд хонож байсныг мэдэх юм. Ер нь бол оюутан болох нь цэцэрлэгт орохоос хялбар болсон гэдэг нь үнэний ортой. Бид хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулахын тулд халаасан дахь сүүлчийн мөнгөө ч хамаагүй өргөл барьц болгон өгдөг нь нууц биш. Үр хүүхдээ зөв шударга яваарай гэж үргэлж захидаг хэрнээ авлига өгч, зам мөрийг нь эхлүүлчих гээд байдаг тийм л хүмүүс. Хүүхэд рүүгээ харж гоё зүйл ярьж хойшоо харж цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт нь таван төгрөг атгуулж байгаа нь нэг талаасаа ёс зүйгүй мэт харагдах хэдий ч бодит байдал ийм л байна. Төр нь иргэдээ ийм байлгаж байна.
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 2-5 насны 288960 хүүхэд байснаас 225388 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байдаг. Энэ нь цэцэрлэгт шууд бүрэн хамрагдсан гэсэн үг биш. Явуулын бүлэг, ээлжийн багш нарын 14 хоногийн сургалт шахуу зүйлд хамрагдсан гэсэн үг. Тэгвэл өнгөрөгч онд 63572 хүүхэд цоожтой хаалганы цаана бүтэн жилийг өнгөрүүлсэн байх юм. Энэ хичээлийн жилд 38 цэцэрлэг шинээр ашиглалтад орох ёстой юм байна. Үүнээс 21-ийг нь есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад оруулахаар “мачийж” яваа гэсэн. Хэрэв эдгээр цэцэрлэг ашиглалтад орчихвол 235412 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. Чамлахаар чанга атга гэдэг шиг үүнд баярлаж байгаа эцэг эхчүүд маш олон байгаа.
Цэцэрлэгийн хүрэлцээ муу тул эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд аргагүйн эрхэнд хүүхдүүдийг бүртгэхдээ сугалаа явуулдаг. Ингээд л нөгөө хоёр настангууд чинь хар багаасаа л ёндоогоо үзэцгээнэ. Өөрийнх нь хүүхэд сугалаанд багтаж чадаагүй бол хүүхдийнхээ азгүйг хавиар нэг дуудаж учраа мэдэхгүй тэр жаахан хүүхдэд буруу тохдог эцэг, эх байдаг юм. Ингэж л бид гэнэн, цагаан, гэм хоргүй хүүхдийнхээ ирээдүйг таван төгрөг, хар хорын үгээр утаж эхлүүлдэг. Уг нь хүүхэд гэдэг чинь азын сугалааны хонжвор биш. Ухаандаа хонжвор таарсан хүүхэд цэцэрлэгтэй болж азгүй нь гэрийн мухарт цоожлуулж Маша, Мишагаа үзэхээс өөр ямар ч сонголт алга. Хурдан морийг хагас тэрбумаар, шавар баримал 800 саяар худалдан авч, хөлстэй бөхөө хэдэн зуун саяар үнэлэгдэх орон сууц, авто машинаар байлдаг өгөөмөр монголчууд сугалааны аз төдийхнөөр хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байгаа нь даанч харамсалтай. Сугалаагаар шударга ёс тогтоож, хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулдаг ёс бус зүйлс хэзээ цэгцрэх вэ. “Азтай сугалаа сугалж чаддаггүй хог” хэмээн хоёр настай хүүгээ зодсон эхийн тухай сошиалаар баахан шуугиж байсан даа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.