Төрийн албыг төрлийн алба болгож байгаа М.Энхболд ард түмний эв нэгдлийг илэрхийлж дийлэх үү?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 19 ・ 1

b45413e4814e968ed1fc3099514ac4d9_1200

Монголын улстөрийн тогоон дахь өнгөрсөн олон жилийн үүх түүхээс харахад нэгнээ татан унагах, ир мөргүй болгох ажиллагааг гол үндсэн чиглэлээ болгоцгоож ирсэн байх нь нийтлэг гэхэд болно. Тэгвэл улстөрийн тэрхүү бохир сценарийг сайн мэдэхийн хувьд өөрийн гэсэн бохир технологийг боловсруулж чадсан хүн бол өдгөө эрх барьж байгаа намын дарга Миеэгомбын Энхболд ажээ. Ямартаа л “М.Энхболдын бүлэглэлийн түшиг тулгуур нь хотын газрын наймаагаар гаршсан М.Энхболдыг хотын дарга байхад цуглаж, шалгарсан бүлэглэл юм. Энэ бүлэглэлийн дотоод зохион байгуулалт их нарийн. Нэрд гарсан, эсвэл эрдэм мэдлэгээрээ овойж оцойсон хүн байхгүй ч “дээр байгаа хүн”-ээ үхэн хатан хамгаалах чадвартай, лав л толгойлогчоо золихгүй ийм л бүлэглэл. Тиймээс энэ бүлэглэлээс толгойд гарсан хүн хэзээ ч унадаггүй. Ахин дахин сэхээд л байдаг” хэмээн судлаач Д.Ганхуяг эрхэм хэлсэн байдаг. Ер нь бол энэ тодорхойлолт харьцангуй үнэнд ойр байж болох.

Өдгөө Монголын улстөр, төрийн албанд М.Энхболдын арми бүрэн бүрэлдэхүүнээрээ багтаж шингээд байгааг тодотгон хэлэх нь цагаа олсон хэрэг болох болов уу. М.Энхболд уг нь МАН-ыг шинэчлэе гэж гарч ирсэн ч, юуных нь шинэчлэл байх билээ. Тэр угаасаа чадахгүй гэдэг нь эхнээсээ ил тод байсан зүйлсийн нэг билээ. Гэвч ард түмэн гэдэг сэтгэл сайтай байдаг. Ядаж байхад АН гэж бүлэглэл ард түмнийг баахан элэглэчихсэн байсан тул тэр л сэтгэлзүй дээр М.Энхболд нар тоглолт хийн саяны сонгуулиар гарч ирсэн. Юун тэр мэргэжлийн засаг энэ тэр ёстой үлгэр гэдгийг одоо хүмүүс харж байгаа биз.

Эс ширхэг бүр нь М.Энхболдтой холбоотой Засгийн газар хуралдах бүртээ томилгоо хийж буй. Яамдууд, төрийн байгууллагуудын хийж байгаа үндсэн гол ажил нь ажлаа хүлээж авч байгаа армийнхны үйл явц болж байна гэхэд болно. Ер нь бол төрийн албыг наймаалцах, үнэ хүргэх гол ажлууд энэ өдрүүдэд явагдаж байгаагийн ард үндсэн гол нийлүүлэгч нь толгой эрх мэдэлтэн гэдгийг хаа хаанаа ухаж ойлгохтойгоо болж байгаа гэхэд болох юм.  Уг нь эрх баригчид жинхэнэ утгаараа ТАЗ-ийн дүрэм, журам, хуулиа баримталж ажиллах ёстой. Гэтэл тэгж чадахгүй гэдэг нь эхнээсээ тодорхой байгаа юм.

Эргэн сануулахад,  МАН-ын дарга М.Энхболд болоод Ц.Сандуй нар  төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж ярилцаж буй бичлэг сонгуулийн үеэр цацагдаж бөөн асуудал дагуулж байсан билээ. Хэдийгээр уг асуудлыг хууль хяналтынхан үгүйсгэсэн ч,  хэрэг дээрээ бол үйлдлээрээ баталгаажуулахыг МАН-ын толгой эрх мэдэлтэн харуулж байна. Гол нь МАН-ын бүх томилгоо зөвхөн М.Энхболдтой холбоотой гэхээр бас л эвгүй байгаа биз.   М.Энхболд  дарга өөрийн хамаатан садан, найз нөхдөө харин ч нэг томилсон шиг томилж байгаа талаар нь хэлж ярих хүмүүс бишгүйдээ байгаа юм.

Мэдээллүүдээс үзэхэд,Гадаад харилцааны яамны цөмийн энергийн асуудал хариуцсан  тусгай элчин төлөөлөгчөөр ажиллаж, цөмийн хаягдал Монголд булшлах асуудалтай хүртэл нэр холбогдож явсан  УИХ-ын гишүүн А.Ундраа хатагтай М.Энхболдын хамаатан гэнэ. За мөн Эрүүл мэндийн сайдад томилогдсон А.Цогцэцэг түүнтэй худ ургийн холбоотой бол  М.Энхболд өөрийн хүн  Г.Мөнхбаярыгаа Барилга, хот байгуулалтын сайдаар томилоод буй. Мөн олон жил тэргүүнээр нь ажилласан Морин спорт, уяачдын холбооноосоо хэд, хэдэн хүнийг ч төрийн алба руу оруулжээ. Өөрийнх нь хурдан угшлын морьдыг олон жил уяж уралдуулж, айраг түрүү авахуулж ирсэн Монголын морин спорт, уяачдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сэргэлэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар, тус байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ш.Лхамсүрэнг Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон зэрэг нь хэвлэлийнхний анхаарлын гадаа үлдэж чадсангүй ээ.

Уг нь Миеэгомбын Энхболд гэж хүн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өөрийгөө бэлдэж байгаа нь нууц биш болсон зүйл. Тэр утгаараа дотроо тоотой байж, энэ удаа улстөрийн элдэв наймаа сэлтээсээ хол байж чадах л хэрэгтэй байлаа. Түүнд уг нь зангараг баймаар. Гэтэл дөнгөж анх удаа эрх мэдлийн амтыг авч байгаа аятай увайгүй зан гаргах нь уг нь дэмий л баймаар. Төрийн албыг төрлийн алба болгож байгаа хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж, ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг болж чадах уу?

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: