Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 23

Д.ОРОСОО
Өнөөдөр Ардчилсан нам сонгуульд ялагдсан нь зөвхөн Ардчилсан намын ялагдал биш, манай улс төрийн тогтолцооны ялзрал, хямралын нэг шинж тэмдэг юм. Сонгуульд ялж төр засаг байгуулсан улс төрийн нам, төр засаг ийм л хямралын замыг урт, богино хугацаанд туулж ялагдах жамтай аж. Энэ бол угтаа эрх мэдлийн хямрал, ялзрал бөгөөд бид сүүлийн 20 гаруй жил байнга л энэ хямралын үр дагаварыг амсаж байна. Эрх мэдлийн төлөө шунасан энэ хямрал нь аль нэг нам, эвсэл, намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хамаарахгүй, байнга давтагдаж, ил, далд хэлбэрээр улам урхагшиж газар авч байгаа, тогтвортой оршиж буй бодит үзэгдэл юм. Монголын нийгэм хувьсан өөрчлөгдөж шинэ үе, давхарга бий болж, шинэ хандлага, соёл, хэрэгцээ бий болсоор байхад улс төр нь эрх мэдлийн хямралаасаа гарч чадахгүй байгаад олон нийтийн бухимдал их байна. Энэ бүхэн эцэстээ эрх мэдлийг хаана, хэн төвлөрүүлэх вэ гэдгээс үүдэлтэй жам ёсны бус эрх мэдлийн төвлөрлийн хямрал юм. Эрх мэдлийн хямралын цаад эмгэг шалтгаан нь юу вэ гэдэг туйлын чухал. Түүнийг ойлгож, засах замыг эхлүүлбэл улс төрийн эрүүл орчин бий болж, улс орон, түмэн олны эрх ашигт тустай. Эс бөгөөс энэ байдлаараа хямрал зөрчилд дунд бүдэрч явсаар сэхэх аргагүй хямралд гүн нэрвэгдэнэ. Улс төрийн тогтолцооны хямрал, ялзралын том, жижиг олон шалтаг шалтгаан бий боловч эрх мэдлийг зүй бусаар олж авч жам ёсны бус эрх мэдлийг төвлөрүүлсэнээс үүсч байгаа улс төрийн эрх мэдлийн хямралын хэдэн жишээг авч үзье.
1.Төрийн дээд эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй хямрал
Энэ бол 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тавих үзэл баримтлалыг өөрчилсөнтэй холбоотой юм. Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтөөс болж Засгийн газар нь бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрддэг, УИХ нь Засгийн газрын гишүүдээс бүрддэг болсон. Үүний үр дүнд Монгол Улсад парламентын хяналт үндсэндээ байхгүй болж, УИХ нь Засгийн газрынхаа ивээл, хяналтад орж, Засгийн газар нь дур зоргоороо ямарч хяналтгүй ажилладаг болсон. Хяналтгүй Засгийн газрын тарьсан гай балагийг тоочоод баршгүй нь дээр тун ноцтой үр дагаварыг бий болгодог. Төрийн дээд эрх мэдлийг ингэж хутгасанаас болж Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хуваарилалт, хяналт байхгүй болсон юм. Уг нэмэлт, өөрчлөлтийн үр дагавар нь Засгийн газарт хяналтгүй давуу байдлыг үеийн үед бий болгож иржээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.