Банкууд дампуурах бус даам гарчихаад байна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 24

Монголчууд ууртай бас хямралтай байна. Налгар зуны гурван сарыг амарч, зугаалж, найрлаж өнгөрөөдөг монгол түмэн өнөө жил тийм байж чадсангүй. Улс орныхоо хувь заяаг даатгасан улс төрийн нам нь мэргэжлийн бус мөнгөний томилгоог зунжин хийж итгэсэн сэтгэл рүү нь ус цацаж бухимдууллаа. Улсын ажлыг удирдаж эхлээгүй байхдаа л улс орноо дампуурсныг дэлхий дахинд зарлаж, Монголын нэр хүндийг шороотой хутгаж орхисон. Ядахад яр гэгчээр бөмбөрцгийн ард түмний эв нэгдлийн хэмээгдэх олимпийн наадамд оролцсон монгол тамирчид маань жижиг орны зовлонг хангалттай эдэлж гурван ч медиалиа луйвардуулсан нь амар амгалан зуныг өнгөрүүлэх аргагүйд хүргэсэн гэх.
 
Тив дэлхийд Монгол Улсын нэрийг гаргаж байгаа тамирчдаа ч бодохгүйгээр бид үгээгүй ядуу, гуйлгачин улс боллоо хэмээн зарлаж орхисноороо мөнгөнд дурласан шүүгч нарын өгөөш болж хувирсан. Олон улсын хэвлэлээр монголчууд олимпийн тамирчдынхаа мөнгийг өгч чадахгүй болтлоо эдийн засаг нь доройтож, ядуурсан гэх мэдээлэл ар араасаа гарч эхэллээ. Энэ лав сайны тэмдэг биш.  Монголбанкны валютын нөөц дуусч буйг Төв банкны Ерөнхийлөгч нь олонд зарлаж дуулиан дэгдээв. Араас нь Сангийн сайд нь цалингаа тавьж чадахгүйд хүрснээ зарлаж, Ерөнхий сайд нь цалин хасах тухай мэдэгдэл хийхээс өөр муу зүйл хаана байх билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Олон улсын санхүүгийн үнэлгээний Standard&Poor’s agency Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулж B-ээс хасах B болголоо. 
 
Мөн эдийн засгийн өсөлтийн төлвийг ч бууруулжээ. Ингэснээр олон улсад итгэл хүлээдэг улс орны тооноос үндсэндээ хасагдаж байна. Улсынхаа нэр хүндээр бонд босгох байтугай, зээл авах боломж ч хаагдах магадлалтай. Эрх баригчдын хүсээд буй “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдлаа гэхэд гадныхан бидний юу хийхийг, ямар зүйлд зарцуулахыг тогтмол хянаж, улсын дотоод нууц гэж байхгүй болно. Мөнгө санхүүтэй холбоотой бүх зүйлд гадны хяналт орж ирнэ гэсэн үг.
 
Тиймээс олимпийн медалиа луйвардуулсан олны бухимдал төд удахгүй улсаараа хямарсан, өр зээлд баригдсан, дампуурлаа зарлаж, зээлийн дарамтад орсон нийгмийн тэмцэл болон хувирч мэдэх нь.  Нөгөө талаар өнөө жил монголын эдийн засагт, ард түмний амьдралд хамгийн том цохилтыг арилжааны банкууд өгөх нь тодорхой болж байна. Тодруулбал, арилжааны банкууд зээлээ хумих, хаах боломжийг Төв банкны захирлуудын зөвлөл бүрдүүлж бодлогын хүүг 15 хувь болгосон нь өндийх аргагүй цохилт болов. Банкууд зах зээлд баталгаагүй, найдваргүй зээл гаргаж азаа үзэх үү, эсвэл Төв банкинд мөнгөө өндөр хүүтэй зээлүүлж, хав дарчихаад суух уу гэдэг сонголтыг энэ өдрүүдэд хийх нь. Ингэснээр цалин, тэтгэврийн зээлийн хүү буурах бус өсч, ипотекийн зээл зогсонги байдалд орох нь тодорхой.
 
Тэд хэзээ ч эрсдэлтэй алхам хийдэггүй. Тиймдээ ч өнгөрсөн гурван сард ар араасаа өрнөсөн эдийн засгийн энэ бүх шокийн мэдээллүүд ард түмний нуруунд хамгийн хүнд ачаа болж очих нь тодорхой болж байна. Банкууд зээлээ хумих бодлого хэрэгжиж эхэлснээр хөл дээрээ босох гэж чадан ядан зүтгэж буй олон зуун аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж дампуурна. 2015 оны сүүл, 2016 оны эхээр гэхэд л 2000 гаруй аж ахуйн нэгж, компани ямар шалтгаанаар гэдэг нь тодорхой бус байдалтайгаар үүд хаалгаа барьжээ. 
 
Эдгээр компаниудын цаана хэдэн мянган хүний ажлын байр, амьдралын баталгаа яригдаж байсныг энд нурших нь илүүц биз. Бодлогын хүүг нэмэгдүүлсэн шийдвэрээ Төв банк арилжааны банкуудыг дампуурлаас аврахын тулд, үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалж, үнэ цэнэтэй болгохын тулд хэмээн тайлбарласан. Гэвч арилжааны банкууд өнөөдөр дампуурах гэхээс илүү харин ч даам гарчихаад байгааг нуух юун. Уул уурхайн хөрөнгө оруулалт багассан, улс орноороо бүсээ чангалсан өнгөрсөн өдрүүдэд хамгийн ашигтай ажиллаж чадсан нь банкууд. Шинэ баригдсан барилга болгоны буланд тэд салбараа нээж буй.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх