Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 02
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулан тус хуулийг санаачилж батлуулсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг хүчингүй болгосон ч төслийг өөрчлөн УИХ-д удахгүй өргөн барина гэсэн. Хуулийг ийм амархан цуцалж, бас хурдан боловсруулчихдаг зүйл үү. Эсвэл МАН та бүгдийн олон жил судалж хийсэн хуулийг ашиглан өөрсдөө санаачилсан гэх зүүлт зүүх зорилго тавьж байна уу. Ингэлээ гээд хэнд хэрэгтэй юм бэ?
-С.Бямбацогт сайд нэг юмыг ойлгохгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц шалдан хуулиар тэмцэж болдоггүй гэдгийг бид өнгөрсөн арван жил өчнөөн нус, нулимс үхэл хагацлаар харлаа.
Тиймээс хуульчид, өөрөөр хэлбэл шүүгч, прокурор, цагдаа, мөрдөн байцаагч, бүгд хэрэглэж болдог хуулийг бид хийсэн. Хуульчид яагаад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг ганц хуулиар хүнийг хамгаалж чаддаггүй байсан юм гэхээр хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо нь хуульчдын хэрэглэдэг бусад хамаатай хуулиудтай холбогдох тодорхой заалтууд байдаггүй байсан. Тиймээс бид өнгөрсөн дөрвөн жил Эрүүгийн хууль,Зөрчлийн тухай хууль Прокурорын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,
Гэрч, хохирогчыг хамгаалах зэрэг гол хуулиудад хуульчид хүнийг аюулгүй байлгахад юу хийх вэ, яаж хамгаалах вэ гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг их бие нь гэж бодох юм бол жинхэнэ хүнд хүрдэг мөч, гар хөл нь эрх зүйн шинэтгэлийн бусад хуулиуд юм. Тэгэхээр энэ хуулийг дангаар нь УИХ-д өргөн бариад сайн сайхан зүйл хийчихнэ гэж бодож байгаа бол эндүүрэл.
-Яагаад?
-Хүчирхийллийн эсрэг хууль ганцаараа батлагдаад хүний амийг хамгаалж чадахгүй. Түүнчлэн цагдаа, прокурорыг хөдөлгөж чадахгүй. Хохирогч дуудлага өгөхөд цагдааг ирүүлж чадахгүй, ирүүллээ гэхэд хаалгыг нь эвдээд хохирогчийг хамгаалах эрх зүйн заалт цагдаад байхгүй. Яагаад гэхээр хууль сахиулах хуульд боломжгүй заалтууд байгаа учраас.
Гэмт хэрэг хийж байгаа хүнийг ганц хүчирхийллийн эсрэг хуулиар шүүхийн өмнө авчирч чадахгүй. Шүүхийн өмнө авчрахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заалт оруулсан юм. Шүүхэд авчирлаа гэхэд тэр хүчирхийлэгчийг шийтгэж бас чадахгүй. Яагаад гэхээр шийтгэх заалт нь Эрүүгийн хуульд бий. Хүчирхийлэл тухайн гэр оронд үйлдэгдэж байхад хажууд нь байгаа иргэд хохирогчийг харсаар байгаад үхүүлж байна. Иргэдийг энэ хууль мөн хөдөлгөж чадахгүй. Энэ хуулийг хөдөлгөхийн тулд, амьдралд нийцүүлэхийн тулд Зөрчлийн хуулийг бий болгосон. Иргэд хэн нэгнийг хүчирхийлэлд өртөж байхад нь хараад дуугүй суухгүй байх заалтыг Зөрчлийн хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн гар хөл нь бусад таван хууль. Тэгэхээр С.Бямбацогт мөчгүй бие өргөн барих гэж байна. Ийм хууль урд нь байсан.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.