Монгол эмч нар дэлхийд маш ховор тохиох эмгэгийг эх орондоо эмчилж эдгээжээ. Энэ талаар АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн Чих, хамар, хоолой судлалын тэнхимийн багш П.Мөнхбаатартай ярилцлаа.
-ЦААШИД ХҮЗҮҮ, ТОЛГОЙН МЭС ЗАСЛЫГ ЧИХ, ХАМАР, ХООЛОЙТОЙ НЭГТГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-
-Та бүхний дэлхийд ховор тохиолддог эмгэгийг Монголдоо эмчилсэн гэж дууллаа. Энэ ямар өвчин байсан юм бэ?
-Өвчтөн маань Баянхонгор аймгийн иргэн, 37 настай хүн байгаа. Бидэн дээр ирэхээс гурван сар орчмын өмнөөс хамраас нь шингэн зүйл гарч эхэлсэн байсан. Улсынхаа олон эмнэлгээр явж үзүүлсэн ч онош нь тогтоогдоогүй. Зарим эмнэлгүүд харшил гэж оношилсон байсан. Өвчтөн сууж байхад, тонгойх үед хамрынх нь нүхээр өнгө, үнэргүй шингэн зүйл гоожиж байсан. Хамрыг дурандахад хаанаас гарч байгаа нь тодорхойгүй, яг л ус шиг дусалж байсан юм. Тэгэхээр нь уг шингэнээс нь дээж авч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд тархи, нугасны шингэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлвэл тархины шингэн алдах өвчин гэж оношилсон. Энэ өвчин даамжирвал өвчтөн менингит болох, цаашлаад амь насанд нь эрсдэл учирч болзошгүй юм.
-Өмнө нь манай улсад ийм өвчтэй хүн оношлогдож байсан уу? Юунаас болж үүсдэг өвчин бэ?
-Өмнө нь оношдлогдож, бас эмчлэгдэж байгаагүй. Өвчтөн Д яагаад ийм эмгэгтэй болсон нь одоохондоо тодорхойгүй байна. Өмнө нь ямар нэг бэртэл гэмтэл авч байгаагүй, гэхдээ нэг таамаг бий. Энэ юу гэхээр өвчтөн 170 см өндөр, 120 кг жинтэй, тархины дотоод даралт нь ихэсдэг байсантай ч холбоотой байж мэднэ. Уг өвчний талаар судалж үзэхэд дэлхийд маш ховорт тооцогддог өвчин байсан. Тухайлбал, 40 сая хүн амтай Польш улсад л гэхэд энэ өвчний хоёр л тохиолдол бүртгэгдсэн байсан юм. Тэгэхээр гурван сая хүн амтай манай улсад нэг тохиолдож байгаа нь энэ. Мөн оношлогдоогүй хэдэн хүн байгааг бид хэлж мэдэхгүй юм.
-Өвчнийг хэрхэн эмчилсэн талаараа ярихгүй юу?
-Шинжилгээгээр өвчний онош тодормогц бид өвчтөнийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч О.Алтай-Очир луу явуулсан. Өвчнийг эмчлэхийн тулд өвчтөний тархийг нээж, шингэн гоожиж буй хэсгийг бөглөх ёстой. Гэвч ийм хагалгааны дараа хэд хэдэн эрсдэл учирч болзошгүй. Хагалгааны дараахь эрсдэлийг өвчтөнөөс нууж болдоггүй. Нээлттэй хагалгааны дараа өвчтөн үнэрлэх мэдрэмжээ алдаж болзошгүй байсан. Мөн тархины үйл ажиллагаа өөрчлөгдөж, унаж татдаг өвчтэй ч болж мэднэ. Тиймээс өвчтөн болон түүний ар гэрийнхэнд дурангийн хагалгааг санал болгосон.
Үргэлжлэлийг эндээс уншина уу