24 баримт: Тагнуулын хаалга татсан мэдээлэлд хэн юу ярив

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 05

Энэ сарын нэгний өдөр МАН-ын бүлэг Төрийн ордонд хаалттай хуралдсан. Энэхүү хуралдааны талаарх мэдээлэл олон нийтэд ил болсонд тус намын бүлэг ихэд ундууцаж, Тагнуулын ерөнхий газарт хандсан талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Ингэхдээ "Төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагаа алдагдсан учир мэдээлэл хэрхэн алдагдсаныг шалгаж өгнө үү" хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тус хаалттай хуралдааны үеэр төрийн нууцлал гэхээр зүйл төдийлөн яриагүй байсан бөгөөд МАН-ын нүүр царайг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд "будаггүй" хүргэсний төлөө ийнхүү сүрийг үзүүлэв. Тэгвэл тус хаалттай хуралдааны үеэр хэн юу ярьсныг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Мэдээлэл үнэхээр төрийн нууцлалд хамааралтай юу

 

Баримт 1.  Ч.УЛААН: -Манай ажлын хэсэг Засгийн газрын оруулж ирсэн төслөөс хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг татах саналтай байна. Энэ оны төсөвт эхнээсээ суугаагүй объектуудад хөрөнгө оруулалт хийхээр шинээр нэмж оруулж ирсэнд ажлын хэсгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан.

 

Баримт 2. Мөн концессоор ажил гүйцэтгэхдээ бариад шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр биш барьж ашиглаж тэндээсээ хөрөнгө оруулалтаа олдог зарчим баримтлах нь зүйтэй гэж үзсэн. Ингэхгүй бол концессын гэрээгээр барьсан олон объект төсвөөс хөрөнгө оруулалтаа авахаар хүлээж байна.

 

Баримт 3. Халамжийн бодлогоо зохистой болгох нь зүйтэй. Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт нь л олгох хэрэгтэй. Харин оюутны 70 мянгыг одоо олгож байгаа зарчмаар нь өгөхийг дэмжсэн. Цалингийн хувьд аль ч төвшинд буу­руулахыг ажлын хэсэг дэмжээгүй. На­мын мөрийн хөтөлбөрт цалин хасах бус үе шаттайгаар нэмэгдүүлэх заалт бий. Үүнийхээ дагуу цалин нэмдэггүй юм аа гэхэд ядаж бууруулахгүй байх нь зөв гэдэгт ажлын хэсэг санал нэгдсэн.

 

Баримт 4. Тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдад олгодог тэтгэмжийг нэгэн жигд болгох нь зөв гэж үзсэн. Ингэснээр жаахан ч гэсэн хэмнэлт хийж чадна.

 

Баримт 5. Ж.ЭРДЭНЭБАТ: -Зээлийн хүү­гийн зардал, концессын төлбөр нь эдийн засаг дарамт болж бай­на. Тө­рийн албан хаагчдын ца­линг буу­руу­лах саналыг гишүүд хэлэл­цүүл­гийн явцад шийднэ биз. Заавал буу­руулах ёстой гэж үзэхгүй байна. Тат­варын асуудлаар ажлын хэсэгтэй санал нэг байна. Үйлдвэрээс гараад долоон жи­лээс дээш хугацааг өнгөрүүлсэн хос хөдөлгүүртэй авто машины татварыг нэмэх саналтай байгаа.

 

Баримт 6. Тэтгэвэр авагч­дын тоо жилээс жилд нэмэгдэж бай­гаа. Яваандаа нийгмийн даатгалын сан ачааллаа даахаа болино. Тиймээс тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай. 

 

Баримт 7. Д.САРАНГЭРЭЛ: -Ажлын хэс­гийн­хэн хүүхэд харах үйлчилгээний зард­лыг хасах Засгийн газрын са­налыг дэмжсэн байна. Энэ зардлыг хасмааргүй байна. Ингэж чадвал нийгмийн хүлээлтийг хангаж чадна.

 

Баримт 8. Бид цахим дайнд ялагдаж байна. Иймэрхүү байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллаач. Бүр болохгүй бол ажлын хэсэг гаргах хэрэгтэй. 

 

Баримт 9. Ж.ЭРДЭНЭБАТ: -Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж бо­лох­гүй.

 

Баримт 10. Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон ний­тэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсч байна. Аливаа зүйлийг эхлээд бүгдээрээ зөв талаас нь тайлбарлах хэрэгтэй. Аливаа зүйлийг яаж тайлбарлаж олон нийтэд хүргэхээс их зүйл шалтгаалж байна. Цалин хасч болохгүй гэж үзэж байгаа бол үүнийг орхиё.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх