Хий боргодог “нохой”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 08

МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудалтай болсон. Тиймээс дангаар бүх шийдвэрийг гаргаж, даналзах эрх нь тэдэнд бий. Гэвч МАН сүүлийн 2-3 сар ердөө л хий боргодог “нохой” аятай л байлаа.  Баахан мэдэгдэл гаргаад л, түүнийг ч хасна, үүнийг ч танана. Хэт өндөр цалинтай дарга нарын түрийвчээ түнтийлгэдэг мөнгөний багахан хувийг нь улсад үлдээнэ.
 
Төсөв хэмнэнэ, утас, унааны мөнгийг хасна гээд л байсан. Сүүлдээ татвар нэмж эдийн засгаа аврах арга хайж үзлээ. Оюутны 70-ыг байхгүй болгоно, автобусаар дураараа зорчдог байдлыг нь болиулна. Хүүхдийн мөнгийг яг зорилтот хэсэг нь олгоно гэсэн.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг багц хуулийг буцааж татахаар болсон. Гэх мэт маш олон зоригтой алхмуудыг хийхээр болж, “боргож” эхэлсэн нь саяхан. Гэвч өнөөдөр тэднээс аль нь биеллээ олов. Хий боргож боргож хазаж чадалгүй л үлдлээ. Уг нь ганц хоёр ч болов хазчихсан бол зүгээр байсан юм. Харамсалтай нь урьдын л адил ард түмэнд таалагдах гэж хичээдэг арчаагүй аргаа өөрчилсөнгүй. МАН өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны ихэнхэд нь төр барьсан. Тэр хугацаандаа дараагийн сонгуулиар яаж ард түмэнд таалагдсан хэвээрээ үлдэх вэ гэдэг “мөрийн хөтөлбөр”-ийг л хэрэгжүүлж ирсэн. 
 
Одоо ч бас тэгэх гэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хотыг удирдсан нөхдүүд дугаарын хязгаарлалтаас авахуулаад маш олон зүйлийг зоригтой хийсэн. Угаасаа зориглохгүй бол болохгүй байсан юм. Гэтэл МАН-ынхан “Уг нь бид дугаарын хязгаарлалт хийх гэж байсан. Судалж, санаачилгыг нь гаргасан. Яг хийх гэж байтал сонгууль болчихсон. АН-ынхан бидний санааг л хэрэгжүүлсэн төдий” гэх маягийн юм яриад сууж байж билээ. Яг үнэн хэрэг дээрээ тэд дугаарын хязгаарлалт хийхээр ард түмэнд таалагдахгүй гэж бодоод л хийгээгүй гээд хэлчихэд нэг их буруудсан болохгүй байх. Одоо ч гэсэн яг ийм л байдлаар асуудалд хандаж байна. Тэд ерөөсөө иргэд юу гэхийг л харж байгаа. Иргэд ч гэж дээ, сошиал ертөнцөд идэвхтэй байгаа цөөн хэдэн хүний л санаа бодлыг давж гарахгүй байна. Уг нь МАН-ынхан зарим “хазалт”-аа зоригтойхон шиг хийчих байсан юм. Тэгсэн бол ард түмэнд илүү их таалагдах байлаа. 
 
Тухайлбал, цалин урамшуулал нь “тасарцан” Төрийн өмчит компанийн дарга нарынхаа  мөнгийг жаахан таначих хэрэгтэй байлаа. Ер нь тэдний цалинг хасахыг эсэргүүцсэн хүн байгаа юм уу. Хассан бол МАН гоё харагдах байлаа. Сайд, дарга нарын утасны мөнгө, унааны зардлыг хасч, танана гэхэд хэн эсэргүүцсэн юм. Хэн ч эсэргүүцээгүй. Харин татвар нэмэх гэж байгааг, хүүхдийн мөнгийг хасч буйг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг буцааж татсаныг л эсэргүүцсэн. Хамтын тэтгэврийн хуулиар оролдож, ахмадуудаа доромжилж байгааг л буруу гэсэн байх. Гэтэл МАН-ынхан орон нутгийн сонгууль болох үед намын нэр хүнд уналаа хэмээн арчаагүйтэж хэлсэн, ярьсанаасаа буцчихлаа. Алийг нь хэрэгжүүлээд, алийг нь боливол ард түмэнд таалагдах бол гэдгээ ч ялгаж байгаа юм алга. Албан тушаалын наймааны хэрэгсэл болгосон дэд сайдын суудлаа алга болгочихсон бол бүр гоё харагдах байв. Ард түмэн босч алга таших байсан нь гарцаагүй. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх