Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 09 сар 12
・ 7

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр 11:00 цагаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээ зарласан билээ. Тэгвэл тэрбээр С.Зоригийн хэрэгт холбогдуулан өөрийг нь яллагдагчаар татсан асуудлын талаар ярилаа.
Тэрбээр “Ардын намынхан сонгууль болгоны өмнө Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэж хэвлэлээр мэдээлдэг. 2000 оны сонгуулын өмнө Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэдэг мэдээлэл цацсан. Улмаар сонгуулиар АН том ялсан. Миний хэлдгээр цунами шиг том ялалт болсон. Ингээд 2000 оны наймдугаар сард намайг хийгээгүй хэргийн минь төлөө аваачиж хорьсон.
Намайг хүнд гар хүрээгүй байхад хүн зодсон гэж Ганц худагт хорьсон. Түүнийг нь прокурор хүчингүй болгосон. Аргагүй шүү дээ, хийгээгүй хэргийн төлөө хорьж байгаа юм чинь. Цогтбаяр гэдэг нөхөр Амарболдын даалгавараар намайг барьж хорьсон. Яагаад гэвэл Амарболдыг Цагдаагийн даргаас чөлөөлөх шаардлагыг би тавьдаг байсан. Зоригтой хэлдэг байсан юм. Түүнээс болж барьж байхгүй юу. Тэгээд Цогтбаяр гэдэг нөхөр намайг хорьсоныхоо дараа цол нэмсэн.
Ардын намын 2000 оны сонгуулын өмнө “Манай нам л ялах юм бол С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж байгаад л сонгуульд ялсан. Намайг хорьсон. Прокурор хэргийг хүчингүй болгохоор “Энэ хүнийг яллагдагчаар татаж байна” гээд үргэлжлүүлэн хорьсон. Түүнийг нь прокурор хүчингүй болгож, би суллагдсан. С.Зоригийн хэрэгт холбосон нь бүгд гүжирдлэг байсныг прокурор тогтоосон юм шүү дээ. Үүнээс хойш дахиж надаас энэ хэргийн талаар асуугаагүй.
Гэтэл сая сонгуулийн өмнө сонин, сайтад намайг дахиж гүжирдсэн. “17 жил бугшсан С.Зоригийн аллага илэрлээ” гэсэн гарчигтай мэдээлэл гаргасан. Тэгэхдээ намайг алсан биш алж байх үед нь хажууд нь байсан гэсэн материал гаргаж тавьсан. Сонин дээр болоод сайтуудаар тараасан. Үүнийг би прокурорт шалгуулахаар хүсэлт тавьсан. Гэвч шалгаж өгөхгүй байгаа. Хүнийг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан дахиад гүжирдсэн. Би алж байхад нь хажууд нь хараад сууж байсан гэж намайг гүжирдэж байгаа юм.
Сонгуулийн дараа З.Энхболд даргатай хамт хэвлэлийн бага хурал хийгээд гарсан. Үүнийг та нар санаж байгаа байх. Намайг эхнэртэйгээ амралтын газар байж байхад манай хүний утас руу байн байн залгасаар байгаад Тагнуулын газраас мэдэгдэх хуудас авчирч өгсөн. С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж дуудаж байна гэсэн. Очсон. Очсон чинь намайг дахиад сэжигтнээр татах тогтоол гаргаж байгаа юм. Монгол Улсын Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд байхгүй жишиг тогтоосон. Нэг хэрэг, нэг асуудлаар хоёр сэжигтний тогтоолтой байгаа, би одоо. Хэзээ ч ийм зүйл байдаггүй. Яагаад хоёр сэжигтний тогтоол байгаа юм. Ядахдаа өмнөх нь хууль зөрчсөн юм бол түүнийг болиулаад, шинээр тогтоол үүсгэх ёстой. Гэтэл тэгээгүй, хоёр тогтоол гаргасан.
Тэгэхдээ 16 жилийн өмнөх тогтоолыг маш нууц зэрэглэлд орчихсон. Шинэ тогтоол нь нууцын зэрэглэлтэй. Зүгээр л мөрдөн байцаагч нууцын зэрэглэл тогтоож байгаа юм. Маш нууц болгоно гэдэг чинь бүх зүйлийг хаалттай нээн гэсэн үг.
Намайг шалгаж болно, гэхдээ хуулийн дагуу. Хууль зөрчиж байна гэдэг чинь өөр зорилготой байна гэсэн үг. Дандаа сонгуультай үед С.Зоригийн аллагатай холбодог. Одоо Ерөнхийлөгчийн сонгуультай холбож байна. Би бол дандаа дуудсан цагт нь очдог. Санаж байгаа бүхнээ хэлж, ярьж өгдөг. Эд дандаа мөрдөн байцаалт авахдаа мартуулж байгаад авдаг. 2 жилийн өмнөх битгий хэл 20 хоногийн өмнөх зүйлээ мартдаг биз дээ. Гэтэл 16 жилийн дараа дахиад сэжигтнээр татаж байгаа байхгүй юу. Дээрээс нь 16 жилийн дараа яллагдагчаар татчихаад надаас хурууны хээ авч байгаа юм. Уг нь нотлох баримт бүрдүүлчихээд яллагдагчаар татах ёстой биз дээ. Гэтэл яллагдагчаар татчихаад дараа нь нотлох баримт цуглуулах гэж байна шүү дээ” хэмээн ярьсан юм.
mminfo.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.