Ажил олгогч эзэд ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруул

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 12

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгал нь заавал мөн сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. МУ-ын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах ёстой. Иймээс иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд төлөх үүрэгтэй юм.

Гэтэл иргэн үүргээ биелүүлж эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлсөн ч иргэн бүр эрүүл мэндийн үзлэг оншилгоонд хамрагдахгүй байна.

Нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулан эрүүл мэндийн даатгал төлдөг 400 орчим байгууллага энэ онд байгаа юм. Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас  төлөх нийгмийн тогтолцоо юм.

Уг нь эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар Нэг жилд Сая 328.000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй байдаг байна. Гэтэл энэ эрхээ эдлэх иргэдийн хувьд ажил ихтэй, ажил олгогч байгууллага ажилтнуудаа эрүүл мэнддээ анхаарах цаг өгдөггүй учраас эрхээ эдэлж чаддаггүй байна. Мөн МУ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн эрүүл мэндийн үзлэг  хэсгийн 14.1-т Ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл ажил үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтнуудыг хамруулна. 14.2-т Энэ хуулийн 14.1-т заасны дагуу эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч хариуцна гэж заасан байдаг. Гэтэл иргэдийн хэлж байгаагаар зарим нэг байгууллага урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулдаг ихэнх нь хамруулдаггүй гэж хариулсан юм.

Шинэ хуулиар хорт хавдарын туяа, химийн эмчилгээний болон өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг хамруулж эрүүл мэндийн даатгалын сангаас олгож эхэлсэн байгаа юм. Мөн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, Амбулаторийн тусламж, үйлчилгээ, оншилгоо, шинжилгээ, өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, уламжлалт эмчилгээ болон ажил хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, тодорхой ажил эрхлээгүй иргэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө, үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Мөн зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт эдлэдэг өрх, сум, багийн эмчийн бичсэн  жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад 132 нэр төрлийн 339 эмийг хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй юм. Гэтэл ажил олгогч байгууллага ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэг оншилгоонд хамруулах гэхэд төсөв мөнгө, ажилтнуудаа хамруулах цаг гаргадаггүй зэргээс хамруулдаггүй байна.

Харин үүнийг зохицуулах арга хэмжээг эрүүл мэндийн даатгалын газар болон эрүүл мэндийн яам зохицуулалт хийх албадан цаг хугацаа гаргавал зохих юм. Энэ талаар эрүүл мэндийн даатгалын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарантуяагийн хэлж буйгаар энэ онд урьдчилан сэргийлэх үзлэг оншилгоонд хамруулах мөнгө гаргаагүй гэдгийг хэлсэн байгаа юм. Иргэдийн хувьд эмнэлэгт үзүүлэх цаг гардаггүй мөн ажлын цагаар эхэлж, тардаг гээд давхцдагийг тодотгон хэлж байгаа юм. Иймээс эрүүл мэндийн салбар төсөв бүрдүүлэгч ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ нэг удаа хамруулах нэгдсэн арга хэмжээ гаргаж зохицуулалт хийх, эсвэл ажил олгогч байгууллага анхаарч хуулиндаа заасан үүргээ биелүүлэх мөн ажилчид шаардаж байвал иргэдийн эрүүл мэндийн асуудалд урьдчилан сэргийлэлт болох болов уу.

М.Буянжаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх