Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” хэмээх хөтөлбөр багтсан. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус хөтөлбөрийн талаар буруу, ташаа мэдээлэл өгсөн хэмээн хөтөлбөр санаачлагчид эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “Манай улсад хэрэглэж байгаа элэгний харвоны эмийг Япон, Солонгос улс хэрэглэдэггүй. Тэд энэ хямдхан эмийг мөнгөгүйдээ авахгүй байгаа юм биш.
Зүгээр л манайх шиг оронд туршилт хийж байгаа юм. Үүний оронд та бүхэн “Ус хөтөлбөр” гэж хэрэгжүүлэх хэрэгтэй. Усны бохирдлоос болоод элэгний өвчин гараад байгаа. Элэгний өвчнийг эмнэе гээд Засгийн газрын хөтөлбөр батлах юм бол бид олон улсын өмнө шившиг болно шүү. Яагаад гэвэл ард түмнээ туршилтад оруулахаар Засгийн газрын хөтөлбөр баталж байна гэсэн үг” гэжээ.
Харин хөтөлбөр санаачлагч Оном сан, Монголын эмч нарын нийгэмлэг, Ачтан нийгмийн төлөөллийн зөвлөл зэрэг байгууллагаас УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тийнхүү ярьсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.
Тэдний зүгээс элэгний вирусийн эмчилгээ, дэлхий даяр хэрэглэж буй эмийн талаар албан ёсны мэдээлэл хийж, иргэний өвчний түүх, тус эмийг уугаад эдгэрсэн байдал зэргийг баримттайгаар дэлгэхээ дуулгалаа. Оном сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар “УИХ-ын танхимаас худлаа хоосон зүйл ярьж суух хооронд өдөрт долоон монгол хүн элэгний хавдар хатуурлаас болж нас барж байна. Монгол Улсад 400 гаруй мянган хүн элэгний вирусийн архаг халдвартай. Харвони эмийн эмчилгээний үр дүн судалгаагаар 96-99 хувь буурч байна.
Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Шинэ Зеланд, Турк улс эмчилгээнд хэрэглэж байгаа. О.Баасанхүү гишүүн та мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг битгий ярьж бай. Элэгний вирус усаар биш цусаар халддаг юм шүү” гэв.
Г.Мягмарсүх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.