Ардчилсан хөдөлгөөний удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Монгол Улсын Баатар Эрдэнийн Бат-Үүлийг яллагдагчаар татсан нь тодорхой болсон билээ.
Үүнтэй холбоотой Э.Бат-Үүл өчигдөр мэдээлэл хийлгэсэн нь хэргийг улс төрийн агуулгатай болгох, иргэд, олон нийтээс стратегийн дэмжлэг авах зорилготой байсныг эх сурвалжууд өгүүлж байна. Хэвлэлийн хурлын дараагаас "Э.Бат-Үүлээ хамгаална" гэх мэт хөдөлгөөн байгуулагдаж, мэдээллийн кампанит ажил явуулж эхэлсэн аж.
Үнэн хэрэгтээ Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, улмаар саатуулагдсан шалгагдаж буй нэр бүхий этгээдүүдийн мэдүүлэг болон бусад мөрдөн байцаалтын явцад олж авсан баримтын улмаас Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан бололтой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д ч "Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлддэг." хэмээн заасан байдаг аж.
Уг хэрэгт Э.Бат-Үүл холбогдолтой байж болох сэжүүр жил гарны өмнө олдсон гэх бөгөөд энэ үед Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг, УИХ-ын даргаар З.Энхболд нар ажиллаж байжээ. Дашрамд дурьдахад Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг Тагнуулын Ерөнхий Газар, ЦЕГ, УЕПГ хамтран шалгаж буй бөгөөд өчигдрийн мэдэгдэлтэй холбогдуулан албадан саатуулж ч магадгүй байгаа тухай зарим эх сурвалж өгүүлж байна.
Э.Мягмар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.