Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 09 сар 22
・ 1

Улсын данс улайж, эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгаа энэ үед төрийн албанаас эхлээд жирийн айл өрх ч хэмнэлтийн горимд шилжин идэх гурил, уух усаа хэмжих дээрээ тулсан. Харин мэргэжлийн гэх тодотголтой МАН-ын Засгийн газрын эл хямралын эсрэг авч хэрэгжүүлж буй сөрсөн базаа нь шаардлагагүй зардлаа танаж, томоохон төслүүдийг хөдөлгөх. Энэ дагуу ч тодорхой ажлууд хийгдэж, хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлж, цалинг нь танан, тэтгэмжийг нь бууруулж эхэлсэн юм. Өнгөрөгч зургадугаар сарын байдлаар манай улсын нийт төрийн алба хаагчдын тоо 179300 байжээ.
Харин эдүгээ энэ тоог 20 мянгаар цомхотгоно гэх мэдээлэл ч эдүгээ нийгэмд хэрүүлийн алим болж байгаа нь нууц биш. Гэхдээ дэмжигчид нь олон байгаа болов уу. Төрийн албаны зөөлөн суудалд тухалж, хүнд сурталд идэгдэн улсаас өндөр цалин хүртэгсдийн тоо бага ч болов буурахыг дэмжихгүй хэн байх билээ. Төрийн албаны өндөр босго, нэр хүндийг тэд л шороотой хутгасан. Тиймээс Ерөнхий сайдад дайх нэг санал байна. Ерөөсөө төрийн албаныхны ажлын өдрийг дөрөв болговол ямар вэ.
Эдүгээ хууль ёсоор долоо хоногийн таван өдөр ажиллах ёстой ч, баасан гараг төрийн гэх тодотголтой албан хаагчдын хувьд аль хэдийнэ амралтын өдөр болсон. Гэвч цалингаа авахдаа таван өдрөөр тооцож, цалингаа бүтэн хүртэж суугаа нь шударга систем биш. Шуудхан хэлэхэд, цаг нөхцөөж, суудлын тоо бөглөн твиттер фэйсбүүкээр аялсных нь төлөө нэг өдрийн цалинг тэдэнд зүгээр бэлэглэдэг бичигдээгүй хууль үйлчилсээр хэдэн арван жилийг ардаа үдчихжээ.
Харин одоо ажил хийж байгаа нь хохирч, ажилгүй суусан нь хождог үе өнгөрсөн. Эдийн засаг хямарч хүн бүр бүсээ чангалж байхад энэ мэт үргүй зардлаа танах хэрэгтэй байна. Тухайлбал, Венесуэлээс үлгэрлэж яагаад болохгүй гэж. Газрын тосны арвин их нөөцтэй ч, тус улс манайх шиг эдийн засгийн хямралд нэрвэгдсэн. Улмаар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эдийн засгийн онц байдал зарлаж, хэмнэлтийн горимд шилжсэнийг дэлхий нийт харсан.
Эрчим хүчний хомсдол, эдийн засгийн хямралын улмаас төрийн албан хаагчдын ажлын өдрийг хоёр болгон бууруулж дэлхийд дуулиан тарьж байсан удаа бий. Гэхдээ эрчим хүч сэргэх үеэс дахин таван өдөр болгон өөрчилж байсныг уншигчид санаж буй биз. Тиймээс ажлын өдрийн тоог бууруулж хоёр болгодоггүй юм аа гэхэд, дөрөв болгочихвол айлын нялх үрсийг алагчилж, сарын 20 мянган төгрөгийн тэтгэмжийг нь “дараа өгье” хэмээн амлаж, нүүрээ ширлэж байснаас илүү боломжит хувилбар биш үү.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.