Д.Дуламсүрэн: Эдийн засаг ийм байвал Монгол улс 2018 онд ядуурлаа зарлана

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 27

МУИС–ийн Бизнесийн сургуулийн зөвлөх багш, Монгол Улсын гавьяат багш, доктор, МУИС–ийн профессор Д.Дуламсүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал хийгээд хямралыг даван гарах боломжийн талаар ярилцлаа.

-Шинэ парламентын ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Энэ тодотголыг эдийн засагч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал жилийн дотор хэд дахин өөрчлөгчдөж, хувирч байгаагаас  авч үзвэл энэ удаагийн төсвийн тодотгол зайлшгүй зүйл. Шууд хэрэгжих боломжгүй төслүүдийг зогсоох, урсгал зардлуудыг танах зэрэг дөнгөж амь аргацаах зүйл л хийсэн. Засгийн газрын зардал сууриараа хөдлөх ёстой байв. Засгийн газар бүтцээ эргэж харах, шинэчлэх зайлшгүй шаардлагатай байсан. Жижиг эдийн засагтай, цөөн хүн амтай учраас төрд данхайсан бүтэц, илүү орон тоо нээх шаардлагагүй гэдгийг огтоосоо ойлгохгүй байна. Төрийн албан хаагчдын тоо нэмэгдэх тусам түүнийг дагасан зардал эрс өссөн. Тухайлбал дэд сайдууд, шинээр бий болгосон агентлаг гэх мэтийг зайлшгүй эргэн харах ёстой байсан.

-Таны бодлоор Засгийн газрын суурь зардлыг хэрхэн өөрчилбөл зохих байсан бэ?

-Засгийн газрын зүгээс орон тоог нэмж, төсвийн зарлагаа нэмэгдүүлэх бус харин өөрөө мөнгө босгох ёстой. Төрийн өмчит үйлдвэрийн газруудаа хувьчлах ёстой байсан юм. Засгийн газрын мэдлийн, төрийн оролцоотой аж ахуй нэгжүүдийг хувьчлах, татан буулгах, ард түмний өмнө нээлттэй зарчмаар үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгох шаардлага гараад байна. Энэ бол маш түргэн авах ёстой арга хэмжээ байлаа. Өмнөх Засгийн үед ийм шийдвэрүүд гарч байсан ч биелүүлж чадалгүй дараагийн хүмүүстээ жолоогоо атгууллаа. Одоо ийм шийдвэр гаргаад хэрэгжүүлбэл Засгийн газрын зүгээс төсөвт орох орлого нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр төрийн мэдлийн өмч ард түмний өмнө нээлттэй болсноор хяналт сайжирч үйл ажиллагаа нь жигдэрч ашиг орлого нь нэмэгдэнэ. Ийм боломж одоогийн засгийн үүрэг болж байна.

-Хямралтай байгаа эдийн засгаа хөл дээр нь босгохын тулд Засгийн газраас татвар нэмэх, цалин тэтгэвэр хасах, хүүхдийн мөнгө хасах гэх мэт өөрчлөлтүүд хийсэн боловч олонхийн эсэргүүцлээр буцаагдлаа. Хэрэв Засгийн газрын санал дэмжигдсэн бол эдийн засгийн нөхцөл байдал одогийнхоос өөрчлөгдөх байсан уу?

-Татвар нэмэх, цалин хасах гэсэн хүн рүүгээ чиглэсэн бодлого чинь эдийн засгийн хүндрэлийг давах гарц биш. Гэхдээ үүнийг ялгаатай харж үзэх хэрэгтэй. Заримыг нь шийдэж болно. Хүүхэдтэй холбоотой “Олон хүүхэдтэй эхийн тэтгэвэр” гэсэн нэг л төслийг явуулаад бусдыг нь болиулж болох юм. Ач холбогдол багатай хөтөлбөрүүдээ зогсоосон нь зөв. Эдийн засгийг сайжруулаад босгоод ирсэн цагт бол оюутны 70000  битгий хэл хүссэн их дээд сургуульд нь үнэ төлбөргүй сургах ч боломж бүрдсэн байхыг үгүйсгэхгүй. Ийм боломж бий. Оюутолгой, Тавантолгойгоос олох ашгаараа бид ийм боломжийг бүрдүүлэх ёстой.

-Оюутолгойн далд уурхайн олборлолт эхэлсэн. Тавантолгой эргэлтэд орчихвол манай эдийн засаг сэргэнэ гээд судлаачид, улстөрчид ярих юм. Гэтэл бондыг буцаан төлөх хугацаа эхэлчихсэн байдаг. Жинхэнэ өрөнд нөгөө их мөнгө чинь явчих гээд байгаа юм биш биз дээ...?

-Энэ төслүүд хэрэгжээд эхэлбэл эдийн засагт орох мөнгөний урсгал эрс нэмэгдэнэ. Оюутолгой бол тодорхой хэмжээгээр мөнгө олж л байна. Тавантолгойн хувьд консерциум бэлэн болоод, гэрээг үзэглэх л үлдээд байсныг өмнөх парламент хүчтэй эсэргүүцээд гацаанд оруулсан нь өнөөгийн эдийн засгийг элгээр нь мөлхүүлэхэд хүргэсэн гэдгийг хэн бүхэн мэднэ. Монгол Улсын эдийн засагт эргэлдэх ёстой байсан 4-5 их наядын өртөг бүхий долларыг салхинд хийсгэсэн нь харамсалтай. Гэтэл манай улс Дэлхийн банк, ОУВС-гийн гишүүн орны хувьд  авсан санхүүжилт нь буцалтгүй тусламжтайгаа нийлээд нэг их наяд гаруйхан байдаг юм. Ингэж л эдийн засгаараа тоглочихоод, одоо өөрсдийгөө өмөөрөөд, эсвэл өнгөрсөн рүү чихээд огтоосоо олигтой бодлого хэрэгжүүлэхгүй байна.

-Тавантолгой төслийг хэрэгжүүлж, эдийн засгаа сэргээхийн тулд ямар шугамаар ажиллах вэ?

-Энэ төслөөс олох ашиг нь дахиад нэг Эрдэнэт үйлдвэр байна гэж хар ухаанаар ойлгож болно. Засгийн газрын зүгээс том төслөө эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ёс зүйтэй бизнесменүүд, найдвартай хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хэрэгтэй. Үүнийг л шуурхайлахгүй бол 2017 онд үнэхээр хэцүүдэх нь ээ гэдгийг төр засаг ч тэр, энгийн иргэн ч тэр мэдэрчихлээ. Ажилгүй, орлогүй хүмүүс Засгаа хараад, алгаа тосоод сууж байна.

-2019 оноос нааш эдийн засаг сэргэхгүй гэж эрх баригчид үзэж, 2017, 2018 онд бүсээ чангалахыг сануулаад байна. МАН–ын мөрийн хөтөлбөрт эдийн засгийг эрчимжүүлэх томоохон хөтөлбөрүүд багтсан байна лээ. Хэрэгжих боломжтой юу?

-Энэ янзаараа байвал юун 2018 оныг туулах. Тэрнээс өмнө ядуурлаа зарлах байлгүй. Дөнгөн данган амь тээж хоёр жилийг туулна гэдэг чинь дэндүү харамсалтай зүйл. Засгийн газар олж ирсэн орлогоо бондын өрөнд төлөх учраас ийм таамаг гаргасан байх. Өнөөгийн байгаа байдлаасаа ч дордож мэднэ. Тийм баймааргүй байна.

-Ингэж арайхийн амь тээхгүйн тулд ирэх хоёр жилд юу хийвэл зохилтой вэ?

-Том төслүүдээ хөдөлгө. Хөрөнгө оруулагчидтайгаа маш хурдан хугацаанд тохир, бичиг баримтаа шалмагхан бүрдүүл. Цаг алдаж болохгүй гэж хэлмээр байна.

-Та сая гадны хөрөнгө оруулагчтай тохирох ёстой гэлээ. Гэтэл хөрөнгө оруулагчид үнэндээ манайхаас дөлдөг, айдаг болсон гэж зарим нь ярих юм?

- Үнэн шүү дээ. Манай төрийн томчуудын авир бол гадныхнаас мөнгө саах, зүгээр авч үлдэх гэсэн увайгүй, ёс зүйгүй үйлдэл, бохир сэтгэлгээ болчихсон юм чинь арга байж уу. Засгийн газрын чиглэлээр л биш бол манайд хөрөнгө оруулахаа байсан. Бидний арчаагүй, ашигч занг гадныхан мэдчихээд байгаа нь тэр. Ёс зүйгүй энэ байдлаасаа даруйхан салж, менежментийн том алдаагаа залруулах хэрэгтэй. Мэдлэг чадвар, бодлого, ёс зүйгүй хүмүүс Монголыг төлөөлж байсан учраас ийм байдалд хүргэсэн. Энэ харьцааг сэргээх гэж Засгийн газраас оролдож эхэллээ. Ёс зүйтэй, сэтгэлтэй, хувийн хэвшлийнхэн, бизнесменүүдээр энэ ажлыг хийлгэх нь зөв. Төр дахиж оролцоод хэрэггүй.

-Тэгэхээр төрийн зүгээс хувийн хэвшилдээ итгэл хүлээлгээд дэмжээд өг гэсэн санаа байна. Төрөөс тэднийг хэрхэн дэмжвэл зохих вэ?

-Хувийн хэвшлийнхэн хуулиа л биелүүлдэг байх ёстой. Татвараа үнэн, шударгаар төлдөг, ажилчдынхаа шимтгэл, даатгалыг бүрэн гүйцэт өгдөг, цалингаа цаг тухайд тараадаг байх л хэрэгтэй. Төрөөс тэднийг дэмжсэн таатай эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчих. Өөр юу ч хэрэггүй. Ажиглаад байхад төрийн зүгээс зарим хувийн хэвшлийнхэнд арай хатуу хандаад дотоод үйл ажиллагаанд нь оролцоод байх боллоо. Хамгийн буруу үйлдэл гэвэл энэ. Харин эсрэгээрэ тэдэнд ямар л шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримт, эрх зүйн орчин бий болгох ёстой вэ, түүнийг гүйцэтгэж, ёсчилж байх нь чухал. Төрийн нэг багана бол хувийн хэвшил шүү. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэлд суурилсан эдийн засаг хөл дээрээ маш удаан хугацааны дараа тэнцдэг. Монголын нөхцөлд бол хэрэгжих боломжгүй. Энд бол гандныханыг татах ганц боломж нь энэ юм гэдгийг л онцолж хэлэх гэсэн юм. Төрөөс том төслүүдээ л амьдруулах нь чухал...

-Засгийн газар эдийн засгаа сэргээх зорилгоор саяхан 15 тэрбум төгрөгийн бонд босголоо. Гэтэл өмнөх бондын өрүүд төлөгдөж эхэлсэн. Ийм төрлийн арга эдийн засагт хэр ашигтай юм бол?

-Бид хэзээ ч бондын түүхийг мартахгүй. Чингис хааныг мартаагүй шигээ Чингис бондыг мартахгүй. 17 оноос үндсэн төлбөрөө төлөхөөр боллоо. Хатуу валют учраас яг хугацаандаа төлөгддөг. Хойшлуулна, багасгана гэсэн ойлголт байхгүй. Манайх хүү өндөртэй, хугацаа богино хэлбэрээр авсан учраас дээр ярьсан 2017, 2018 онд элгээрээ мөлхөх нь ойлгомжтой. Маш муу нөхцөлтэй учраас одоо дарлуулж байна. Засгийн газрын гаргасан бонд нь урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхсөн арга. Дэлхийд хамгийн их өртэй улс нь Грек улс байлаа. Харин одоо манайх болох нь шиг байна. Грекийн асуудлыг Европын төв банкнаас санаачилж Дэлхийн банк, Олон Улсын валютын сангаас дэмжсэн. Харин манайхыг хэн ч дэмжихгүй. Энэ их өрний чинь оронд эрдэс баялгаа, газар нутгаа өг гэдэг хатуу сануулга ирж байхыг ч үгүйсгэхгүй шүү. Өрөө төл гэдэг дарамт чинь газраа өг гэдэг дайн болж хувирч ч болно.

-Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр эдийн засгийн асуудлаар мэдэгдэл хийсний дараагаар ОУВС-гаас “Стэнд бай” хөтөлбөрт хамруулъя гэдэг яриа гарсан. Дэлхийд ийм хэмжээнд үнэлэгдэх боллоо. Одоо энэ хөтөлбөрт дахин хамрагдах шаардлага байна уу?

-Өнгөрсөн 20 гаруй жил манай улсын явж ирсэн туршлага чинь энэ шүү дээ. Хамгийн ядуу, буурай хөгжилтэй орнуудад Дэлхийн банк, ОУВС-гаас гишүүн орнууддаа олгодог дэмжлэг. Манайд өчүүхэн хөрөнгө ирнэ. Гал унтраах, амь зогоох арга. Энэ чинь хөгжлийн асуудалд яригдахгүй. Тэрнээс биш Засгийн газар мөнгө зарцуулах бус мөнгө олох томоохон хөтөлбөрүүдийг дэмжих нь зөв.

-Улс орны эдийн засаг, үнэхээр хүндэрчихлээ. Зарим судлаачид, эдийн засагчид  “АСЕМ”, наадам, сонгуульд байгаа хэдийгээ тавиад туучихсан гэдэг тайлбар хийж байна. Та үүнийг юутай холбож тайлбарлах вэ?

-Ер нь манай улсын мөнгө дууссан. Аж аухй нэгжүүдээс татвар хурааж л цөөн хэдэн төгрөг олдог байсан бол тэд нар чинь зогсчихоор ингээд нам суучихаж байгаа нь энэ. Банкны зээлд дарагдчихсан, нэг хэсэг нь үүд хаалгаа барьчихсан хүндхэн байна.

-Банк гэснээс арилжааны банкууд эдийн засгийн гол ачааг үүрч яваа гэвэл та санал нийлэх үү?

-Бидний хоол унд, хувцас хунарыг хийдэг бодит сектор, мөнгөний сектор гэсэн хоёр бүтцээс эдийн засаг чинь тогтож байгаа. Бодит сектороо мөнгөний сектор нь эргэлтэд оруулж байдаг. Санхүүгийн буюу мөнгөний секторт арилжааны банкууд 90-95 хувийг эзэлж байгаа нь үнэн. Нөгөө талд нь хөрөнгийн бирж мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж байх ёстой. Арилжааны банкууд дээр ихэнх мөнгө эргэлдэж байгаа. Үүнээс гадуур бас мөнгө бий. Тэр нь далд эдийн засагтай холбоотой. Томоор харвал тэр нь оффшор дансны хэрэг. Дотоодын далд эдийн засаг нь Нарантуулын худалдаа, таксины жолооч нар, ломбард, банк бус санхүүгийн байгууллагууд байна.

-Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа сайн явуулж чадахгүй байгаа учраас банкуудад их хэмжээний мөнгө хуримтлагдлаа гэж ойлгож болох уу?

-Угаасаа ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Нэгдүгээрт эрх зүйн орчин нь сайн байх ёстой. Хоёрдугаарт тэнд үнэт цаасаа арилждаг аж ахуй нэгжүүд байх ёстой. Нөгөө талаас хөрөнгө оруулагчид байх ёстой. Арилжааны банкуудын хадгаламжийн хүү өндөр учраас компаниуд үнэт цаасаа худалдахыг хүсэхгүй байна. Тэндээс зүгээр ашгаа олоод амьдарчихна гэсэн үг.

-Хадгаламжийн хүү гэснээс их хэмжээний мөнгө хадгаламжтай иргэдийн татварыг нэмье гэсэн санал яригдаж байсан?

-Уг нь үе шаттайгаар нэгдүүлсэн нь зөв байсан юм. Угаасаа тэд татвар төлөх ёстой. Эдийн засгийн эргэлтэд мөнгө оруулахгүй юм бол түүнийг орлох татвар төлөх ёстой. Гэхдээ шийдэгдээгүй биз дээ. Ер нь ийм төрлийн хууль эрт гарсан ч авч чадаагүй учраас тэр.

-Монгол улс яг хямарсан уу? Та юу гэж харж байна?

-Ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн, үндэсний валютын ханш унасан, экспортын бүтээгдэхүүний үнэ өссөн ийм үед манай санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орчихоод байна. Энэ нөхцөл нь эдийн засгаа татаад хямрал руу биш түүний дараах уналтын байдалд оруулсан. Би бол ингэж л харж байна.

-Танд баярлалаа.

З.Батхуяг


newscom.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх