2 хүүхдийн амийг 10 саяар үнэлсэн гэгддэг Х.Түмэнбаярыг хууль хяналтын байгууллага шалгаж дийлэхгүй юу?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 28 ・ 4
 

 

0829b77dd4ccd50agreat

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан, АН-ын гишүүн   Х.Түмэнбаярын үйлдсэн хууль бус хэргүүд өнөөдөр ч балаг дагуулсаар байна.

Албан тушаал, эрх мэдлийн үзүүрээс атгаж үзээд, амтанд нь татагдахын хэрээр таагүй зүйлстэй нэр холбогдож, хэвлэлийн хуудаснаа нэр  нь заларч, олонд танигдах болсон энэ хүн орон нутгийн өмчит гэх тодотголтой “Тавантолгой” компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн төлөө л төрсөн юм шиг аяглан ярьж хэлдэг ч, хэрэг дээрээ тийм биш. Харин ч компаниа их хэмжээний өр ширэнд оруулсан байдаг. Удирдлага нь балагтай нэгэн байхад ажилчид нь яаж ая таатай нөхцөлд ажиллах ч билээ дээ. Улсын төсөвт сар бүр 10 тэрбум төгрөг оруулдаг энэ компанийн 160-аад ажилчны цалингийн доод хэмжээ нэмэгдээд, нэмэгдээд 400 мянган төгрөг болсонд ажилчид нь сэтгэл ихэд дундуур байгаагаа хэлж байсан нь саяхны шахуу л явдал. 2004 оноос эхлэн Хятад руу нүүрс гаргаж эхэлсэн тус компанийн ТУЗ –ийн 9 гишүүн, Х.Түмэнбаяр нар орон нутгийн өмчит гэх тодотголтой компанийнхаа толгой дээр гарч суучихаад, уурхайн захиралдаа  5 сая төгрөгөөс давсан эрх мэдэл олголгүй, зөвхөн хэдхэн биендээ наалдах ашгийн төлөө үхэлдэн шунаж ирснийг компанийн ажилчид нь ил далд ярьж байдаг. Жилд 70 тэрбумаас буухгүй ашигтай ажиллаж байгаа тус компанийн орлогоос  орон нутгийн хөгжил дэвшилд наалдаж үлдэж байгаа нь чухам юу л бол. Харин ч монголын Тавантолгой компани хятадын компаниудтай хэт сүжрэн, найр тавьж тэдний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн явдалд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаярын оролцоо тун их.  Тэрээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пүшин Говь” ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чантай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ, БНХАУ-ын “Shunfeng” ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай Түрээсийн гэрээ гэхчлэн хэд хэдэн гэрээг байгуулсны ард Хятадын компаниуд болоод дотоодын хэдхэн эрх мэдэлтэнд ашигтай наймаа явагдсан байдгийг хэвлэлийнхэн бичиж ирсэн. Гэсэн ч Х.Түмэнбаяр нарын эрх ашиг халдашгүй дархан хэвээрээ л өдийг хүрсэн юм. Ер нь Тавантолгойн удирдлагууд аливаа хуудуутай асуудлыг аргалж, даваад гарахдаа сайн улс.

Стандартын бус усан оргилуур ашиглалтанд оруулсных нь  гайгаар дэгэж дэрвэж явсан хоёр балчир хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэдийгээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн ашиглалтад оруулсан усан оргилуурын талаар  “Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлтийг гаргасан ч,  Гүйцэтгэх захирал Х.Түмэнбаярын зүгээс  амиа алдсан хүүхдүүдийг “амиа хорлосон” гээд хэлж яриад явж байдаг нь үнэхээр харамсалтай.  Үнэндээ тэрээр “үхсэний хохь, амьдын зол” гэдэг хандлагаар энэ хэрэг явдалд хандсан гэхэд болно. Түүнчлэн талийгаач хүүхдүүдийн эцэг эх Э.Ганчулуун, А.Алтанчимэг нар хүний эрхийн хуульч М.Ичинноров нарт хандаж, тус компанийн дэндүү хариуцлагагүй байдлыг олон нийтийн сонорт хүргэсний дараа, ар гэрийнхэнд нь 10 сая төгрөг өгөөд асуудлыг намжаах үүргийг Х.Түмэнбаяр захирал ажилтнууддаа өгсөн тухай мэдээлэл гарсан билээ.Мөнгө, эрх мэдлийнхээ хүчээр бүхэл бүтэн аймгийнхаа удирдлага, хуулийн байгууллагыг өөртөө урвуулж чадсан гэгддэг Хүүгийн Түмэнбаяр захирал хуулийг хүчтэй нь гишгилдэг гэдэг зэвүүн “афоризм”-ыг амьдрал дээр утгаар нь харуулж байна. Гол нь тэрийг нь хаа хаанаа мэдэж байдаг. Гэсэн мөртлөө яаж ч чадахгүй байгаа нь эмгэнэл мөнөөс мөн билээ. Тэрээр Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа аймгийн төв дэх нутгийн захиргааны удирдлагын ордноос 50 метр хүрэхгүй зайд Хан-Уул гэх тансаг зэрэглэлийн зочид буудал барьсан нь, Өмнөговийн хөрсөн доорх үүц баялагт сэтгэлээ өгсөн гадны хөрөнгө оруулагчдын ганц саатдаг газар нь болчихсон. Тэр чинээгээрээ ч ханш өндөртэй. 800 ам.долларын үнэтэй өрөөнүүд ч бий гэдэг.

Ерөнхийлөгчийн өршөөлөөр Монголоос гараад явчихсан Саус Гоби Сэндс компанийн  Жастин Капла, Курт Черч нарын удирдлагууд ч түүний буудлын идэвхитэй үйлчлүүлэгчид байсан байх жишээтэй. Үнэндээ Өмнөговьд Х.Түмэнбаярын оролцоогүй бизнес гэж байхгүй гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлдэг. Аймгийн ИТХ-д эзэн сууж байхдаа өөртөө ашигтай зүйл ихийг хийсэн байдаг. Хүн мөнгөнд дуртай байж болно. Гэхдээ хүний амийг мөнгөөр үнэлж, хүний үхлээр шоудаж болохгүй гэдгийг Х.Түмэнбаяр захирал ер нь ойлгосон болов уу даа.

Тавантолгой тосгонд хийсэн усан оргилуур нь хоёрын хоёр хүүхдийн аминд хүрсэн хэдий ч эл хэргийг өнөөдөр болтол шийдсэн эсэх нь тодорхойгүй байдаг.

Уг нь түүнийг 2013 онд  Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байсан ч, удалгүй түүнд холбогдох хэрэг намжсан юм. Хуулийг гууль болгож, дур зоргоороо аашилж ирсэн Хүүгийн Түмэнбаярын талаар үргэлжлүүлэн хүргэнэ.

Эх сурвалж: Б.Итгэлт, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 02/

    Төр цэвэрших ч хол байна да,Шудрага хүн гэж алгаа

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 28/

    Шоронд нь хийгээд, идсэн уусныг нь заавал хураах хэрэгтэй.Ял өгсөн болоод орхидогоо боль. Заавал төлүүл.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 28/

    Яг мангас царайтай юм

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 28/

    Хэрэг хуучирдаггүй гэдэг худал болж байна уу. Энэ мэтийн ял завшигчдын хахууль, авилгад автагдсан хуулийнхан гэж үнэхээр тэвчимгүй бузар амьтад байх юм.

    Хариулах