Нисэх, Яармагийнхан малаа хотоос гаргаач

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 04 ・ 4

Өргөн уудам тал нутагтаа нүүдэллэн амьдарч ирсэн манай ард түмэн суурин соёл иргэншлийг сонгож, шавар байшинд амьдарч эхэлснээс хойш  нэгэн зууныг ч үдэж амжаагүй явна.

Харин эдүгээ суурин соёл иргэншил рүү ухрах зам үгүй хурдацтай давших хэдий ч, ухамсар нөгөө л тал нутагтаа хаа дуртай газартаа бэлчээрлэх мал сүргээсээ ялгарахгүй нь. Гудамжинд таарсан газартаа хогоо хаяж, нус цэрээ машиныхаа цонхоор нулимчихдаг,  нийтийн эзэмшлийн зам талбайг хайрлаж хамгаалах ухамсар бүрэн төлөвшиж чадаагүй  хэвээр. 

Амьсгалах агаар, иргэдийн эрүүл мэнд, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор тохижилт үйлчилгээний ажилтнуудын хавар зуны турш  борви бохисхийх завгүй тарьж ургуулсан зулзаган модод  хэн нэгэн малчин этгээдийн үхэр сүрэгт идүүлээд дууслаа.  Харин тэнд нөгөө л татвар төлөгчдийн  мөнгө “би л болж байвал бусад нь хамаагүй” гэх аминчлан үзэлтэй нэгнээс болоод салхинд хийсч байна. 

Ийм дүр зургийг Нисэх, Яармагийн чиглэлд зорчдог, амьдардаг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу.  Шуудхан хэлэхэд, Яармагийн гүүр гараад л хотод амьдарч буйдаа эргэлзэх болов.  Авто замд нь үхрийн баас хөглөрч, замын голоор тарьж ургуулсан зүлгэн дунд үхэр сүрэг тавтайяа идээшилж явна.  Нийслэлийн халааснаас хэдэн тэрбумыг гаргаж, тарьж ургуулсан нялх моддын хэд нь ургаж буйг үнэндээ тааж хэлж чадахгүй нь. 

Нэг хэсэг нь малаа хотын ногоон байгууламж руу оруулж байхад, нөгөө хэсэг нь байх ёстой зүйл мэт хүлээн аваад сурчихжээ. Бидний өвөг дээдсийн амин зуулга нь мал аж ахуй байсаар ирсэн. Гэхдээ байгалиас харьцангуй их хамааралтай. Байгалийн ааш аягт тохируулан адгуулахын тулд зуслан хаваржаа, намаржаа, өвөлжөө, оторт явах зэргээр нүүдэллэн амьдардаг байв.  Тиймээс нийслэлд тэр дундаа төвийн орчимд мал аж ахуй зэрэгцэн орших  боломжгүй баймаар юм, уг нь.  

Жилийн жилд өчнөөн хөрөнгө төсөвлөж, Яармаг, Нисэх, Долоон буудал гэх мэт гэр хорооллын айлуудын орчимд мод тарьдаг ч, ургах нь байтугай үндэсгүй үлдэх энэ мэт тохиолдол олон бий. Гэхдээ ингэлээ гээд,  мод тарихгүй байна гэвэл, дэндүү өрөөсгөл болно. Нэг хүний ахархан бодол, дэндүү бага эрх ашгаар нөгөө хэсгийн эрх зөрчигдөх ёсгүй.   Хамгийн гол нь “суурин соёлт” малчид өөрсдөө л малаасаа дээр сэтгэхүйтэй болж, малаа хотоос гаргах хэрэгтэй байна. Улсын хүн амын тал хувь нь төвлөрсөн их хотод  малын гаралтай халдварт өвчин дэгдвэл яах вэ. Тэр хариуцлагыг  төр үүрэх үү.  Хэрэв үгүй гэвэл  нийслэлийн бүсээс бүрмөсөн малыг холдуулаач. Малчдад тооцох хариуцлагыг нь ч чангатгавал яасан юм.  Одоогоос зургаан жилийн өмнө Дорнод, Сүхбаатар аймагт малын халдварт өвчин гарч, мал сүрэг хиаран үхэж байхад хотын захиргаа түргэн авч, нийслэлийн орчимд бэлчээрлэх 400 гаруй мянган мал сүрэгт  шүлхий өвчний эсрэг вакцин хийхээр халаасаа тэмтчиж байсан түүх бий. Нийслэлд шийдэх олон асуудал байхад, хувьд шилжсэн малыг хамгаална гэдэг нэг ёсондоо тэднийг эрхлүүлсэн хэрэг.

Харин тэд дэндүү даварч, хотын ногоон байгууламжийг ч хайр найргүй сүйтгэж,  мод, зүлгийг тарьж ургуулсан жирийн хөдөлмөрчдийн урсгасан хөлсөн дээр дэвсэлж байна.   Нисэх, Яармагийн орчмыг захын хороолол гэж хэлэхэд хэцүү. Томоохон орон сууцны хорооллууд баригдсанаас гадна, гадаадын орны жуулчдын хамгийн түрүүнд хөл тавьдаг газар нь тэнд бий.  Ийм байтал ногоон байгууламжаа мал сүргээр гишгүүлэн сүйтгүүлж,  малын гаралтай өвчин хэдийд ч тусч болох эрсдэл дунд  амьдарсаар байх уу.

 

mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 04/

    ГАДААДЫН ЖУУЛЧИД НҮҮДЭЛЧИН МОНГОЛ МАЛЧИДЫГ ХАРАХ ГЭЖ ИРДЭГ БОЛОХООС ҮМХИЙ ҮНЭРТСЭН ХОТЫН ХЭДЭН БАЙШИНГ ХАРАХ ГЭЖ ИРДЭГГҮЙ ЮМ.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 04/

    Эхлээд хуулийг гууль болгодог улсуудаасаа сал дараа нь мөнгөтэй хүнд илүү үйлчилдэг мөнгөгүй хүнийг үл тоодог ухамсар дорой хүмүүсээ шүүмжил.үүний дараа хог түүдэг архичин олон болгосон төрөө зас.дараа нь тэтгэвэрийн хөгшчүүлийн таван үхрийг ад үз.Гадаадынхан хотын байшин үзэх гэж ирдэггүй малчин мо

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 04/

    Тэдний оронд Амеркад, Солонгост таваг хэдэн жил угаасан хүн зүйрлэшгүй дээр. Наад зах нь ажлын цагт аил дээрээ байхгүй байх, нус цэрээрээ тургих, хүнтэй бүдүүлэг харьцах муухай гэсэн үнэмшилтэй. ЗӨВХӨН МОНГОЛДООчуудад дэндүү олон юм огт ойлгомжгү байгаа юм. Ийм байдлаар урагшлахгүй.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 04/

    Маш зөв асуудал. Дээрээ баахан бужигнаж сайхан амлаж бас ч юи хийх гэж оролддог бол доороо зальтай, ажил хийдэггүй зусар бялдууч хоосон намчирхаж хоол идээд сурчихсан хүн дүрст бичнүүдээр төр дүүрсэн байна. Тэдний туршлага мэргэжил дипдом юунд ч хэрэггүй бүр эсрэгээрээ. Тэдний оронд Амеркад, Солонго

    Хариулах